“Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Дархан Нутгийн Хөгжлийн хөтөлбөр”-өөс эрхлэн Хуучин Дарханы нутаг дэвсгэрт "Хүүхэд Хөгжлийн Ордон" барихаар төлөвлөж зураг төсвийг нь 2015 онд хийлгэсэн. Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаанаар уг асуудлыг дэмжиж аймгийн төсвөөс 473,4 сая төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн юм.

Улмаар уг ордны санхүүжилтын тэн хагасыг нь өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэж үлдсэн хагасыг нь орон нутгийн төсвөөс гаргаж өгөхийг аймгийн удирдлагуудаас хүссэн нь ийнхүү ажил хэрэг болж "Хүүхэд хөгжлийн ордон"-д хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол болов. Хүүхэд хөгжлийн ордны барилга нийт нэг тэрбум 53 сая төгрөгийн өртөгөөр баригдах бөгөөд барилгын ажил энэ хавар эхэлнэ. Энэ ондоо багтааж ашиглалтанд оруулах аж.

Дарханы хүүхдүүдийг "Хүүхдийн Ордон"-той болоход орон нутгийн захиргаа болон иргэдийн зүгээс дэмжсэнд талархаж байгаагаа Дархан дахь олон улсын байгууллагынхан энэ үеэр илэрхийлжээ.

Т.Буянаа