“Нарантуул” олон улсын худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбууг “Ярилцах танхим” булангийн энэ удаагийн дугаарт урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-“Нарантуул” худалдааны төв шатсан харамсалтай хэрэг гарлаа. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу?
-“Нарантуул”-ын түрээслэгчид нь гайгүй ашиг олдог үед гал гарчихлаа. Харамсалтай зүйл боллоо. Гал гарсан шалтгааныг галын байгууллага, цагдаагийнхан нийлээд шалгаж байна.

-Хохирлыг урьдчилан тогтоосон уу. Хэдий хэмжээний хөрөнгө, эд зүйл сүйдсэн бол?
-Одоогоор тогтоосон зүйл байхгүй. Хохирлын хэмжээг нарийн тодорхойлох боломж ч алга байна. Хэдэн жилийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төв шатаж гал гарч байх үед хүмүүс мөнгө ярьцгааж байсан. Манай түрээслэгчид тийм биш л дээ. Энэ хүмүүс чинь намайг анх Дэнжийн мянгаас нүүж ирэхэд ирсэн хүмүүс байна лээ. Би өөрөө танихгүй л дээ. Түрээслэгч нар өөрсдөө таниад байгаа юм. Би гал гарснаас хоёр хоногийн дараа түрээслэгчдийнхээ хүсэлтээр уулзаж, ярилцсан. Түүнээс өмнө тэдний яриаг телевизээр харж байсан. Гэтэл манай түрээслэгчид тайван байсан л даа. Хүмүүс түрээслэгчид над руу дайрах юм шиг ойлгоод байх шиг байна лээ. Хуучин нөгөө Г.Алтангийнх шиг. Тэгэхээр тийм биш. Бид 23 жил хамт ажиллаж байгаа хүмүүс байхгүй юу. Нэг ч удаа түрээс нэмдэггүй байсан л гэж байна. Энэ барилга анх 1999 оны есдүгээр сард ашиглалтад орсон барилга. Манайхыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй учраас их том хэрэгт орно гээд горьдоод байх шиг байгаа юм. Тийм юм байхгүй. Улаанбаатар хотод зориулж босгосон энгийн зах маягийн худалдааны төв. Улсын чанартай арав гаруй давхар өндөр том барилга биш шүү дээ. Зүгээр л орон нутгийн чанартай барилга. Хүмүүс хөдөөнөөс ирж үйлчилгээ авдаг тийм л зах. Энэ есдүгээр сард “Нарантуул”-ын 13 жилийн ой нь болох юм. Тэгж байтал ийм харамсалтай хэрэг болчихлоо.

-Хэчнээн түрээслэгч хохирсон бол?
-360 орчим түрээслэгч байна. Хүнсний зах дотор байсан хүмүүс.

-Гал хурдан хугацаанд хүчтэй авалцсан юм билээ?
-Энэ байшин 130 метрийн урттай, 70 метрийн өргөнтэй том хэмжээний байшин. Тэгэхээр тэр дээвэр нь хоёрхон цагийн дотор шатаж, унана гэдэг бол сонин л асуудал. Өмнө нь хүчтэй, ийм сонин гал гараагүй л дээ. Богино хугацаанд хүчтэй гал гарсан байсан. Үүнийг галынхан, цагдаагийн байгууллага тогтоож өгөх ёстой шүү дээ. Тэгээд нийтэд зарлах ёстой. Тэр үед манай түрээслэгчид зарим нь ирсэн байсан. Захын ажил өглөө таван цагаас эхэлдэг шүү дээ. Гал гарах үед 4, 5 хүн байсан юм билээ. Зарим нь машинаасаа хайрцагтай юм авах гээд аваад эргээд ортол урдаас нь гал авалцчихсан байсан гэж байгаа юм. Тэрийг хууль хяналтынхан шалгаж тогтоох байлгүй.

-Гал гарах үед дотор ямар хүмүүс байсан юм бол?
-Манай түрээслэгчид. Ялангуяа цайны газрынхан өглөө эрт ирж хоол ундаа бэлддэг. Мах, ногоо, гоо сайхны бараа зардаг төрөл бүрийн хүмүүс байдаг. Тэдэн дотроос цайны газрынхан болоод мах зардаг хүмүүс эхнээсээ ирж байсан. Цагдаагийн байгууллага тэднээс асуулт, тодруулга авч таарна. Одоо цагдаагийн байгууллага юу хийж байна гэхээр бүртгэлийн ажил, галынхан болохоор галын нөхцөл байдал тогтоохоор ажиллаж байна.

-Та гал түргэн хугацаанд гарсан, маш хурдан шатсан нь сонин байсан гэж байна. Гал гарсан нь гадны ямар нэгэн нөлөө байж таарах уу?
-Гадны нөлөө ч байна уу, дотны нөлөө ч байна уу, ямар ч байсан галын нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллага тогтоож өгөхөөс арга байхгүй. Тийм хурдан гал гарлаа л гэж сонирхуулж байна. Би хэлээд байна шүү дээ, 130 – 70 метртэй хоёр том дээвэр яахаараа хоёрхон цагийн дотор шатаад уначихдаг юм. Одоо бид түүнийг салгаж, зөөх гэж маш их хүндрэл болж байна. Тэгсэн мөртлөө есөн метр хуванцар эд зарим нь шатаагүй. Би тэгэхээр галын байгууллагын дүгнэлтийг хараад сууж байна.

-Хорлон сүйтгэх ажиллагаа байж болох уу, зориудаар шатаасан ч юм уу?
-Болно шүү дээ. Хэн болохгүй гэх юм бэ. Гэнэт ийм гал өглөө үүрээр гарна гэдэг чинь сэжигтэй л байна даа.

-Цагдаагийн байгууллага гал гарсантай холбоотойгоор дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ?
-Үүсгэлгүй яадаг юм. Эрүүгийн хэрэг үүснэ шүү дээ.

-Ямар хүмүүсийг шалгаж байгаа юм бэ?
-Харуулууд байгаа. Харуулын ээлжийн ахлагч байгаа юм. Цахилгаанчин байж байгаа. Бүгдээрээ манай ажилчид. Тэгээд галын нөхцөл байдал, дүгнэлт нь ийм байна гээд цагдаагийн байгууллагад өгчихөөр мөрдөн байцаах ажиллагааг илүү дэлгэрүүлэн шалгана гэсэн үг. Цахилгааны улмаас шатсан уу, дотроосоо шатсан уу гээд тогтоогоод цаашаа ажиллагаа явагдах ёстой. Хуулийн байгууллага хэнийг яаж, шалгах вэ гэдгээ биднээр заалгахгүй. Хамгийн гол нь гал тавьсан эзнийг нь олох ёстой. Нэг хүн гал тавьсан байж таарна шүү дээ. Цахилгаанаас юм уу, өөр ямар нэгэн зүйлээс гал гарах ямар нэгэн үндэс байхгүй. Галын байгууллага жилд хоёр удаа үзлэг хийдэг. Тэгээд дээрээс нь шаардлага тавьдаг, шаардлагыг нь бид биелүүлнэ. Шалгалт бол хангалттай их явагддаг байсан.

-Нэг хүн амиа алдсан. Галаас болсон гэж үзэж байгаа юу?
-Тийм байх. Нэг цогцос олдсон гэж байна лээ.

-Танай ажилтан байсан уу?
-Манай ажилтан байсан. Тэр төвийг цэвэрлэдэг цэвэрлэгч байхгүй юу. Өглөө ирээд цэвэрлэгээний ажилд орж байсан болов уу гэж бодож байна.

-“Нарантуул” худалдааны төв хэний нэр дээр байдаг бэ? Таны нэр дээр байна уу, аль эсвэл?
-Би энэ компанийг үүсгэн байгуулагч нь. 1992 онд байгуулсан. 2008 он хүртэл ажилласан. 2008 оноос хойш манай гэр бүлийн хүн авч ажиллуулж байгаа. Ганц “Нарантуул” ч биш зөндөө юм бий. Би бол Нийслэлийн Монгол ардын намын хүн. Дэд дарга нь. Улс төрийн ажлаа л хийгээд явж байгаа хүн. Бизнесээс хөндийрөөд үндсэндээ хэдэн жил болчихлоо, тав, зургаан жил болж байгаа юм уу.

-Таны гэр бүлийн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үү?
-Эрүү үүсгээд шалгаж байгаа. Шалгах ёстой юм чинь. Гал гарсантай холбоотойгоор хэргийг Баянзүрхийн цагдаа, нийслэлийн цагдаа хоёр нийлээд шалгаж байгаа юм билээ. Ер нь аливаа том хэрэг гарахад тэгдэг. Тухайн дүүргийн Цагдаагийн хэлтэс дийлэхгүй нэлээн том хэмжээний хэргийг нийслэлийн цагдаа, улсын цагдаа оролцож шалгадаг юм байна. Түүнийхээ дагуу ажиллаж байна.

-Та үүсгэн байгуулагчийн хувьд түрээслэгчдийн асуудалд санаа зовж байгаа байх?
-Санаа зоволгүй яахав. Эргэж сэргээн засах ажилд нь гар бие оролцохоос өөр аргагүй болж байх шиг байна. Галын дүгнэлт гараад ирэхээр үнэн мөнийг нь олон нийтэд зарлана, хэвлэлийн бага хурал хийнэ. Үнэхээр хорлон сүйтгэх ажиллагаа байсан бол зарлаж л таарна. Хойшид ийм хэрэг гарвал яах вэ. Гарахгүй гэх баталгаа алга байна шүү дээ. Ахуйн гал байна. Үүнээс болсон, та нар өөрсдөө учраа ол гэвэл, асуудлаа шийдэж таарна.

-Тэгэхээр галын дүгнэлт гарлаа, дотроосоо гал гарсан байна гэж дүгнэлт гарвал түрээслэгчдийн хохирлыг та барагдуулах уу?
-Манайх л барагдуулж таарна. Би өөрөө барагдуулна. Барагдуулах хуультай юм чинь. Тийм гэрээтэй. Гэхдээ манай түрээслэгчид, одоо тэг, маргааш өг гээд байгаа юм байхгүй. Энэ чинь хуулийн дагуу явагдана. Шүүхийн шийдвэр гарах ёстой. Тэрийг түрээслэгчид бүгдээрээ сайн ойлгочихсон байна лээ. Яагаад намайг сайн ойлгоод байна гэхээр бид олон жил хамтраад ажилласан болохоор сандрахгүй байгаа. Тэгээд энэ чинь түрээслэгч очиж цагдаад хэлээд, цагдаа нь чи энийг төл гэдэг эд биш л дээ. Манайх, түрээслэгчидтэй хийсэн гэрээ байж байна. 10 саяас дээш бараа битгий хадгалаарай гэсэн тохироо байж байгаа. Тэглээ ч өмнө нь манай дээр гурван удаа гал гарч байсан. Нэгийг нь гал унтраах анги ирж унтрааж байсан, нөгөөг нь өөрсдөө унтраасан. Ер нь бол ийм гал гардаг нь муухай байхгүй юу. Харамсалтай. Хамгийн их сэтгэл санаагаар унасан хүмүүс бол манай түрээслэгчид. Өөрсдөө шоконд орсон байсан. Би ч гэсэн шоконд орсон л доо. Хамгийн эхлээд даралт ихэсч байгаа юм чинь. Түрээслэгчид худалдаа наймаагаа хийгээд ашгаа олоод, надад түрээсээ төлж би үйл ажиллагаандаа зарцуулж буй хүний хувьд төлнө. Нэг сонин юм ярихад нэг ч хүн харамсал илэрхийлсэнгүй. Дандаа л “баяр хүргэсэн, баярын цахилгаан илгээсэн”.

-Баяр хүргэсээн?
-Тийм байгаа биз дээ. Сонин, телевиз, радио бүгд сайхан боллоо л гээд байгаа. Утга нь тийм байгаа биз дээ. Яг баяр хүргэе гэж хэлээгүй боловч тийм байгаа. Ганц харамсал илэрхийлсэн газар нь “Голомт” банкны салбар. “Ёстой харамсалтай юм боллоо. Одоо яана аа” гэж байгаа байхгүй юу. Өөр хүмүүс бол ирээд шүүмжлээд дарамтлаад байдаг. Одоо энэ дээр нь бүр цааш нь харуулбал яасан юм гэх ухааны юм яриад.

-Галын шалтгаан нь “Дүнжингарав”-ын удирдлагуудтай холбоотой мэтээр хардах хүмүүс байна?
-Үгүй үгүй. Хүмүүс ойлгохгүй юм. Хоёр төвийг ойрхон болохоор тэгээд байгаа юм. Манай “Нарантуул”-ын түрээслэгч нар их жижиг гарын, ядарсан цөөхөн хэдэн төгрөгийн бараа эргэлдүүлдэг, аль болох бага түрээстэй газар бараадсан худалдаачид. “Дүнжингарав” дээр бол нэлээн том гарын бэл бэнчинтэй, түрээсийн өндрийг нь тоохгүй тийм хүмүүс ажиллана шүү дээ. Манайхыг шатаачихаар түрээслэгчид “Дүнжингарав” руу “гуяа алгадаад” явна гэж бодохгүй байна. 

“Дүнжингарав” манай хоёрын нөхцөл байдал, юмнууд нь өөр. “Дүнжингарав”-ынхан мэдээж их зардал гаргаад барьчихсан юм чинь түрээс өндөр байх. Аливаа нэг худалдааны төв, эсвэл зах ч байсан зүгээр нэг онгойгоод маргааш нь хүн цуглачихдаг эд биш шүү дээ. “Дүнжингарав” бол хойтон жилийн өдийд гэхэд хүн дүүрчихсэн, ачааллаа дийлэхээ байчихсан, талбай нь хүрэхээ байсан байна.  Дор хаяж жил, цаашилбал жил хагас үйл ажиллагаа явуулсны дараа хүн бөөгнөрдөг, жигдэрдэг. Бие биенийхээ юмыг шатаачихсанаараа бөөгнөрдөг юм биш. Хүмүүс буруу ойлгоод байгаа байхгүй юу. Б.Наранхүү бид хоёр бол бие биенээ сайн танина. Намайг Сайханаа ах аа гээд надад баяр ёслолоор бэлэг өгөөд л явж байдаг хүүхэд шүү дээ. Гэтэл хүмүүс Сайхансамбуугийн захыг шатаачихаар Наранхүү дээр очно гэж бодоод байна. Манайхан чинь иймэрхүү гоё юм ярьж байж таашаал авдаг хүмүүс. Тэгэхээр энэ бол Наранхүүтэй ямар ч холбоо байхгүй. Би энийг албан ёсоор хэлье. Тэртэй тэргүй Наранхүүгийн худалдааны төвд хүн ихээр цуглана. Тэр ч байтугай зүгээр нэг зах ч болохгүй байх. Нэлээн том экспо, үзэсгэлэнгийн хэмжээнд очих шинжтэй юм билээ. Би ажиглаад байгаа. Манай энэ ном зардаг, төмс ногоо, бээлий зардаг хүмүүс тийшээ очих боломжгүй юм билээ. Зохион байгуулалт нь өөр. Нэлээн бэл бэнчинтэй хүмүүс цуглахаар газар байна лээ дээ. Би очиж үзсэн. Барилгын хоббитой юм чинь. 

Манайх бол хуучин үндэснийхээ хэв маягаар л зохион байгуулагдсан. Тэгээд түрээс нь бага. Хотын захиргаанаас намайг энийгээ битүүл гээд шахдаг, шаарддаг. Битүүлчихээр л наадах чинь тэнгэрт хадчих гээд байна шүү дээ. Энийг удирдлагууд ерөөсөө ойлгодоггүй байхгүй юу. Хүн даараад байна гээд шүүмжилдэг. Би өөрөө оюутан байхдаа “Дэнжийн мянгад дөрвөн жил юм хийгээд зараад болж л байсан. Харин ч сайхан гадаа чөлөөтэй, гарч ороход амар. Тийм учраас заавал барууны стандарт руу оруулна та нарыг, олон улсын жишигт нийцүүлнэ гээд шахаад байх шаардлагагүй. Тэртээ тэргүй Монголчууд хөгжөөд ирэхээрээ энэ зах нь жижигсээд ирнэ. Барууны орнуудад зах нь өглөө 11:00 цагаас цуглаад өдөр гурван цагт тарчихдаг. Тийм задгай зах байдаг юм. Тийм зах Нью-Йорк, Токиод ч байна. Өнөөдөртөө бидний амьдрал болоогүй байна. Ядарсан байна шүү дээ. Одоо дахиад эдийн засгийн хямрал болчихлоо. Тэгэхэд энэ “Нарантуул”-ын бараа бүтээгдэхүүний үнэ хэвээрээ л байдаг байхгүй. Би тэрэн дээр хөдөлгөдөггүй бариад байдаг. Тэгээд тэр түрээслэгч нар маань “баяр хүргээд байдаг” нь тэр л дээ.

-Та түрээслэгч нартайгаа уулзахад юу ярьж байх юм?
-Би суурин дээр нь ажлынх нь байрыг буцааж барьж өгнө гэж хэлсэн. Надад өөрсдөө түрээслэгчид тийм санал тавьсан. “Та бидэнд ажлын байрыг маань буцаагаад бариад өгч чадах уу” гэсэн. Би чадна гэдгээ хэлсэн. Гэхдээ шинээр барих гэхээр зөвшөөрөл гээд бөөн юм болох байх.

-Зөвшөөрөл гэснээс “Нарантуул” зах зөвшөөрөлгүй байсан биз дээ?
-Түүнтэй холбоотой баримт бичиг бүгд байна лээ. Би бүгдийг нь цагдаагийн байгууллагад өгсөн. Анх эхэлсэн, барилгын ажил явагдсан үеийн бичиг баримтууд байгаа. 1996 онд барилгын ажил эхлээд 1999 онд ашиглалтад орсон.

-Та гал гарах үед хаана байсан?
-Гэртээ байсан. Долоо өнгөрч байхад л ярьсан. “Сая гал гарлаа” гэж. “Галынхан ирсэн үү” гэхэд, “Ирээд унтрааж байна” гэсэн. Тэгж байтал телевизээр гарч байгаа юм чинь.

-Та очсон уу?
-Би очоогүй. Би ямар тэнд очоод гал унтраах биш.

-Галын дүгнэлт хэзээ гарах юм бол?
-Болоогүй ээ. Энэ сараас наашгүй.  Шинжилгээг дахин авна гэж байна лээ. Зүгээр нэг жижигхэн гал гарсан бол өдийд дүгнэлт нь гарсан байгаа. Хэмжээ том болохоор нэлээн удаж гарах байх. Гэхдээ манай энэ галын байгууллага, цагдаагийн байгууллагаас томилогдсон хүмүүс  эхний дөрвөн өдөр их сайн ажилласан.

-“Нарантуул” худалдааны төв хэр ашигтай ажилладаг байсан бэ?
-Ашиггүй гэж хэлбэл худлаа. Жаахан ашиг байлгүй яах вэ. Тэгээд л үүнтэй чинь ноцолдоод байхгүй юу. Хууль хяналтын байгууллага цаг наргүй ажиллалаа. Галын шалтгааныг тогтоогоод, эзэн байдаг юм бол тогтоох байх. Гэхдээ эзэн нь өнөөдөртөө тодрохгүй л дээ. Хамгийн гол нь гал гарсан шалтгааныг тогтоовол сайн байна.

-“Нарантуул” худалдааны төвийг нүүлгэх ёстой гэсэн зүйл их ярьдаг. Та ямар бодолтой явдаг бэ?
-Ёстой мэдэхгүй. Хааш нь, хэзээ нүүлгэх юм. Нүүлгээд энэ олон хүнийг хаана аваачиж үйл ажиллагаа явуулах юм. Надад хотын захиргааны ажлыг мэдэх юм алга. Би хуучин хотын захиргаанд ажиллаж байсан. Тэр үед ямар зах нүүлгэнэ гэж ярьдаг байсан биш. Одоо тийм нэг юм яриад байгаа. Миний бодлоор өнөөдөр зах нүүлгэнэ гэдэг зүйлийг ярьж байхаар Улаанбаатар хотын зам, утаа, нягтрал гээд өөр зохион байгуулах юм маш их байна шүү дээ.

Т.Амартүвшин