Өнгөрөгч наймдугаар сард “Фэйсбүүк”-ээс “Global Government Request Report” тайлангаа нийтэлсэн. Энэ тайлангаас үзвэл “Фэйсбүүк” компаниас 2013 оны эхний 8 сарын байдлаар  улс орнуудын Засгийн газраас 38 мянган хэрэглэгчийнх нь мэдээллийг шаардсан 25 мянган хүсэлт хүргэгдсэн байна

Мэдээлэл гэдэгт хэрэглэгчийн логин нэр, IP хаяг, фэйсбүүк дэх контент болон бусад хэрэглэгчтэй хэрхэн харилцсан мэдээлэл орж байгаа аж. “Фэйсбүүк” нэг талаас хамгийн олон хэрэглэгчтэй, олны итгэлийг хүлээсэн, дэлхийд алдартай, нэр хүндтэй компани ч нөгөө талаас хэрэв фэйсбүүкийг гэмт хэргийн зорилгоор ашиглаж байвал хүлээх хууль зүйн хариуцлагатай тул ацан шалаанд оржээ. Гэхдээ бас ч баян том компани сайн өмгөөлөгчтэй тулдаа ирсэн хүсэлтийн 31 хувийг хууль бус хэмээн няцааж чадсан байна. Харин үлдсэн 79 хувьд нь хэрэглэгчийн мэдээллийг өгөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Мэдээлэл шаардсан хүсэлтийн тоогоор мэдээж хэрэг Америк тэргүүлжээ. Америк улс “Фэйсбүүк”-ээс өөрийн 20 мянган иргэнийхээ мэдээллийг авахаар 12 мянган удаа хүсэлт гаргасан бөг өөд 79 хувьд нь авч чадсан байна. Хоёрдугаар байрт Энэтхэг орон 3245 хүсэлт явуулснаар орж, тал хувьд нь амжилт олжээ.

Дараагийн байрт Их Британи (1975 хүсэлт, 68% биелсэн), Герман (1886, 37%), Итали (1705, 53%), Франц (1547, 39%) орсон байна. Хойд хөрш ОХУ ганцхан иргэнийхээ мэдээллийг шаардаад татгалзсан хариу авсан бол Хятад “Фэйсбүүк”-т огт хүсэлт гаргасангүй.

Манай Засгийн газраас хоёр иргэнийхээ мэдээллийг авах гэж оролдсон боловч бүтээгүй байна. “Фэйсбүүк” ямар хэрэг үйлдсэн хэрэглэгчдийнх нь мэдээллийг авах хүсэлт гаргасныг тайландаа нийтэлсэнгүй. Мөн Засгийн газрын яг ямар байгууллага мэдээлэл хүссэнийг илчилсэнгүй.