Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр /2016.04.16/ Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж зарим үүрэг даалгаврыг өгчээ.

Эрчимт эмчилгээний тасагт өнөөдөр 18 өвчтөн эмчлүүлж байна.Засгийн газрын нэмэлт тусламжаар хоёр сарын өмнөөс шууд гэрээгээр захиалсан 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж манай улсад өчигдөр ирлээ. Энэ сарын 18-нд буюу даваа гаригт ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт суурилуулна. Нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын 4 аппарат, соруулгын 5 аппарат, автомат 12 тариур, дуслын автомат 13 шахуурга, дефебрилятор зэрэг 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж иржээ. Эдгээрийг суурилуулснаар эмчилгээнд шаардагдах тоног төхөөрөмж дутагдахгүй болно гэдгийг тус төвийн удирдлага хэлж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь хүрэлцээгүй, шинээр авч байгаа эд биш, эрчимт эмчилгээний тасгийн 10 ор тутамд амьсгалын аппарат, хяналтын мониртой буюу стандартын хэмжээнд хүргэхээр захиалж, авчирсан гэж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

Эмч, сувилагч дутагдалтай байгааг эцэг, эхчүүд хэлж байгаа юм. ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт өөр эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч ажиллахад амар биш, тусгай бэлтгэгдсэн хүмүүс ажилладаг. Гэхдээ ажиллах хүчээ нэмсэн. Энгийн үед тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 25 сувилагч шөнийн ээлжинд ажилладаг байсан бол одоо 45-50 хүн ажиллаж байгаа. Эмч ажилтнуудын илүү цагийн хөлсийг 10 дугаар сард нэгтгэж өгдөг нь гомдол дагуулдаг. Илүү цагийн хөлсийг цаг тухайд нь өгч эхэлсэн нь эмч, ажилтнуудын ажиллах урам, хүчийг нэмж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү хэлж байна. Мөн тусагт тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн ар гэрийнхнийг амарч, хонох өрөө гаргасан зэрэг ээж, аавуудын санал, хүсэлтийг сонсч, ажиллаж байгаа гэж тэрээр ярилаа.

Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтаар ярьж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас 948 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улаанбурхны нэмэлт вакцин захиалсан. Мөнгө шилжсэн учраас захиалга энэ оны тавдугаар сарын 1 гэхэд орж ирнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар зөвшөөрөгдсөн үйлдвэрээс авч байгаа. Энэ нэмэлт вакцинд 18-30 насныхныг хамруулах зорилт тавьсан, гэхдээ хамрагдахыг хүссэн иргэдэд нээлттэй байх болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлээд харин товлолын болон голомтод хийх вакцин тасраагүй, хуваарийн дагуу хийгдэж байгаа гэв.

Хүндэрч ирж байгаа хүүхдүүдийн дархлааг сэргээх, эмчлэх зорилгоор иммуноглобулин, вантаксим зэрэг эм захиалгын дагуу ирсэн. Энэ эмийг тус төвд хүлээлгэн өглөө. Энэчлэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна гэлээ.

Сүүлийн хоёр, гурван сар штабын зохион байгуулалттай ажиллаж буй багийг Улсын онцгой комиссын зэрэглэлд шилжүүлж ажиллуулах нь зүйтэй. Хүүхдийн дархлааг дэмжих, сэргээх, эмчлэх зорилго бүхий эм хэчнээн шаардлагатай байгааг ирэх даваа гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх, захиалгаар орж ирсэн тоног төхөөрөмжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай нийлүүлэхийг үүрийг болголоо.

0-8 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг гэрээр нь явж, хянах тогтолцоонд долдугаар сарын 1 хүртэл шилжих арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын яам болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгоод ийм насны хүүхдээ өрхийн болон Эрүүл мэндийн төвд аваачих хэрэггүй, гэрээр нь очиж эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ гэдэг мэдээллийг ээж, аавуудад хүргэх нь зүйтэй гэлээ. Мөн нэг хүртэлх насны хүүхэдтэй, ажлаа хийж байгаа эхчүүдэд хүүхдээ асрах боломж олгох, энэ оны долдугаар сарын 1-нийг хүртлэх хугацаанд цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн байгууллага болон хувийн хэвшлийн ажил олгогч нарт уриаллаа.

Халдварт өвчний дэгдэлтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгоход хэвлэл мэдээллийн байгууллагууд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ.

Улаанбурхан өвчний дэгдэлтийн энэ хүнд үед иргэн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж буй эмч, сувилагч нартай хамтарч ажиллахыг уриаллаа.

24 цаг тасралтгүй ажиллаж буй эмч, сувилагч, ажилчдын илүү цагийн хөлс, цалингийн тооцоог гаргаж, цаг тухайд нь олгож байхыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өглөө.

Улаанбурхан 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. Энэ насныханд улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг энэ үеэр дахин үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллэ