Монголчууд 2002 оноос эхлэн Фэнг шүйг мэдэх болсон. Тэгвэл уншигч таны амралтын өдөрт зориулан Азийн Фэнг шүй төвийн захирал Ө.Хишигжаргалтай ярилцаж мэдэж явах хэрэгтэй зөвлөгөө авсныг хүргэж байна.

- Сайн байна уу? Та сайхан хаваржиж байна уу?

- Сайн, сайн байна уу?Тарган тавтай хаваржиж байна уу?

- Тантай уулзаж уншигч олондоо фэн – шүйгийн талаархи үндсэн ойлголтийг өгөх зорилготой ирлээ. Та товч тодорхой тайлбарлаж өгнө үү?

- За , аливаа зүйлийг 1, 2, 3 эсвэл сайн, дунд, муу гэж хувааж ойлгож болдог шүү дээ. Тэгвэл хүмүүсийн амьдралыг мөн ингэж гурав хувааж үзье л дээ.

Нэгдүгээрт: Сайн сайхан амьдарч байгаа нэг хэсэг хүмүүс бий. Тэд ажил бизнестэй, албан тушаал эрх мэдэлтэй, гэр бүл ойр тойрныхоо хүмүүсээс гадна өчнөөн хүмүүсийн амьдралыг чирээд л амьдрал нь өөрөө болоод бүтээд явдаг. Тэд энэ хорвоод зөв газар, сайн цагт төрчихсөн, сайхан хувь тавилантай хүмүүс байдаг. Мөн эрхэмлэдэг зүйл, бурхан шүтээн, лам хуврага гэх мэт заяа тавилангаа даатгадаг өөрийн хамгаалалттай хүмүүс. Эдний тоо нь тийм ч олон байдаггүй.

Хоёрдугаарт: Хувь заяаны дундаж хувийг хүртэж яваа хүмүүс ... Эдгээр хүмүүсийн амьдрал урсгалаараа л явдаг. Ямар нэгэн цаг хугацааг эзлэн хорвоод мэндэлсэн тэд цэцэрлэг, сургууль гэж явсаар насанд хүрч, хайр дурлалтайгаа учран гэр бүл болж нэг л мэдэхэд нас хэвийж өвөө эмээ болчихсон байдаг. Мөнгийг олоод , зарцуулаад л байх боловч цуглуулсан их юмгүй гэхдээ л амьдралаа болгож явсаар хорвоог туулдаг. Тэдний нэг хэсэг нь их дээд сургуулийг гадаад дотоодгүй дүүргэсэн байдаг байхад нэг хэсэг нь амьдралын их сургуулийг практикаар дүүргэсэн байдаг. Ерөнхийдөө сүсэг бишрэлтэй ч юм шиг, үгүй ч юм шиг хүмүүс. Эдгээр хүмүүс дийлэнх олонхийг эзэлдэг.

Гуравдугаарт: Хэзээ ямар үйлээр хүн болоод төрчихсөн юм бэ? бүү мэд. Юу ч боддоггүй, юу ч бүтээдэггүй, явсан зам мөр нь бараандуу.., Амьдралын тухай юу ч тайлбарлаад хүлээж авдаггүй бас ч цөөнгүй нэг хэсэг байна.

Эдгээр гурван бүлгийн хүмүүст Фэн - Шүй ижил үйлчлэх учиртай ч ихэвчлэн хоёрдугаар бүлгийнхэн, болохгүй бүтэхгүй байгаагаа нимгэлж, амжилтанд хүрэхийн тулд бидэнд ханддаг.Амьдрал тэр чигээрээ эерэг сөрөг энергийн орчин юм. Фэн Шүйг орчлонгийн бужигнасан олон түмний амьдралын гол шугам буюу энергийн урсгалыг зөв зүгт нь залах залуур гээд тодорхойлчиход буруудаад байх юм байхгүй. Яагаад гэвэл Фэн Шүй бол шашин биш. Фэн Шүй бол хүмүүн биеийг олж төрөгсөдийн эрхэмлэж явах “Зөв амьдрах ухаан” юм гэж ойлгож болно.

- Сүүлийн үед манай улсад гадны олон шашин, дотоодын үзмэрч, бөө нарын хажуугаар баяжуулж хөлжүүлж өгдөг олон хүмүүстэй болчихлоо. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Шулуухан хэлчихэд Фэн - Шүйг Хишигжаргал миний бие зохиогоогүй! Фэн - Шүйг анх 3500- ааg жилийн тэртээгээс Энэтхэгт үүсч өдгөө шинжлэх ухаан болтлоо хөгжсөн гэж тайлбарладаг юм билээ. Өнөөдөр Ази тивээр тогтохгүй дэлхийн улс орнуудын ард түмний амьдралд үр нөлөөгөө өгсөөр байгаа зөв амьдрах ухаан гэж хэлж болно.

Ялангуяа Азийн улс орнууд хөгжлөөрөө тэргүүлж хүчирхэгжиж байгааг фэн - шүйтэй холбож тайлбарладаг. Манайхан Азийн улс орнуудыг сайн мэднэ дээ. Том жижиг бизнесийн газарт ороход үүднээсээ л Фэн - Шүйгийн бэлэг тэмдгүүдээр угтдаг шүү дээ. Энэ нь манайханы: хол явах гэж байгаа хүнийхээ араас сүү өргөх, гэр бүл болох гэж байгаа хосуудын ургийн мэнгэний тохиргоо, шинэ хүүхэд мэндлэхэд эсгийгээр үнэг хайчлан домнох, уйлж цочиход нь ширгэлэх гэх мэт ёсон, унага тамгалах, мал хөнгөлөх, шинэ гэр барих, нүүхэд сайн өдөр цагийг сонгон байж ёс төртэй үйл хийдэгтэй яг адил юм. Энэ зан үйлээ нэрлэхдээ Монгол ёс, Монгол заншил, Монгол уламжлал гэх мэтчилэн нэрлэж иржээ. Амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс уламжлагдаж ирсэн ёс заншил холдож мартагдаад байна. Иймээс суурин амьдралд зохицсон зан заншлыг тодорхой үндэслэлтэй арга ухаанаас суралцаж, дэлгэрүүлэхэд би багагүй цаг хугацаагаа зарцууллаа. 2008 онд Малайз улсын Куала Лампур хотноо дэлхийн фэн - Шүйгийн институдэд суралцан мастер цол, 2009 онд мөн сургуульдаа домын арга ухаанд суралцсан билээ. Тооноор тусах нарны гэрлээр цагаа баримжаалж, чанх урагш хаалгаа харуулж барьдаг гэр сууц, түүний дотоод зохион байгуулалт нь тэр чигээрээ фэн - шүйтэй тохирч байдаг. Өнөөдөр хаалга цонх нь хаашаа ч хамаагүй харсан өргөөнд морилсон манайханы бурхан шүтээн, гал тогоо, ор дэр, 00-н өрөө нь хандсан зүгтээ байрлаж холилдсон нь ажил амьдрал, эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байдаг гэж фэн - шүй үздэг. Энэ замбараагүй байдалдаа хүмүүс фэн - шүйгийн зөвлөгөө авч, зохицуулан засал хийсэнээрээ өрх гэр бүлүүдийн амьдралд сайн нөлөө үзүүлсэн болохыг тэд өөрсдөө батлан хэлж талархалаа илэрхийлдэг.

- Таны тэргүүлсэн Азийн Фэн - шүйгийн холбоо иргэдэд ямар ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?

- Энэ ертөнцийн 7 тэрбум хүн хоорондоо давтагдашгүй цорын ганц хувилбарууд байдаг гэж үздэг. Зүс царай, өндөр нам, нас хүйсээс гадна заяа тавилан, хувь хишиг, лай ланчиг гэж нүдэнд үл үзэгдэх олон зүйлээр 7 тэрбумын зөрөө гардаг байх. Бас хүн бүр ертөнцөд ирэхдээ ямар нэг сав хэмжээтэй ирдэг гэх... Тэр сав нь жижигхэн байгаад хурдан дүүрвэл эртхэн буцаад явдаг гэх... Том савтай нь мэдээж ойлгомжтой шүү дээ.

Хувь хүн тус бүрийн заяа тавилан өөр өөр байдаг ч хосын амьдралаар өөрчлөгдөх нөхцөл бас байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хосын мэнгэ, махбодийн харилцан шүтэлцээ нь таарч тохирох хандлагаар хүний амьдрал ямар явах нь зурхайн аргаар харагддаг. Үүнийг бэрийн зурхайгаар тайлбарладаг.

Хувь хүний насан туршийн зурлагийг он, сар, өдөр, цагаар нь дөрвөн баганы онолд тулгуурлан гаргаж өгдөг. Үүнд: Тухайн хүнийг байгалаас заяасан авьяас хишигтэй нь холбож ямар ажил мэргэжил сонговол амжилтанд хүрэх, эрүүл мэнд, аз жаргалтай байхын тулд ямар өнгийн хувцасыг хэдэн насандаа голдуу өмсч байх талаар, унаа тэрэгний өнгөний зохицол гэх мэт олон олон зөвлөгөө зөвлөмж агуулсан байдаг.

Мөн Англи, Итали, Оросын дом заслын үйл ажиллагааг тодорхой өдөр цагт явуулдаг.

Дээр дурдсан орон байрны зөвлөгөө гээд сонирхсон хүмүүст хүргэх олон зүйл манайд байна даа. Манайхаар олон янзын хүслээ гүйцэлдүүлэх гэсэн хүмүүс үйлчлүүлдэг. Жишээ нь чухал том тэмцээнд орох тамирчид, урьд нь бүтэлгүйтсэн визэнд орох хүн, байр сууцаа хурдан борлуулах, эсвэл олон өрөө байртай болох, Сайн хань ижил хүсэх, Үр хүүхэдтэй болох, Их мөнгө, ажил төрөлтэй болох хүсэлтэй... гэхчилэн хүний хүсэл их шүү дээ. Бид тэдэнд чин сэтгэлээсээ туслахыг хичээдэг. Олон олон хүмүүсийн хүсэл нь биелж тэр ч байтугай байн байн домонд найз нөхөд хамаатан садангуудаа дагуулан ирдэг хүмүүс зөндөө бий. Өнөөдөр л гэхэд: Нэг эгч домонд орохдоо: Манай охин Хишигээ эгчид баярлалаа гэж хэлээрэй , домонд ороод 6 хонож байтал хань минь надад машин авч өгсөн гэж хэлүүлсэн гээд ,Би баярлахдаа эгчий нь дагуулаад ирж байна гэх мэтчилэн үр дүнгээ сонсоод бид их баярлаж байдаг юм.

- Ярилцлагын төгсгөлд та манай уншигчидад юу зөвлөх вэ?

- Манайхыг зориод ирэх хүмүүст манай үүд хаалга үргэлж нээлттэй шүү! гэж хэлмээр байна. Манай хаяг: 3-р хороолол Өргөө кино театрын баруун талд төв зам дагуу “Хишиг” төвийн 3 давхарт байрлаж байна. Мөн онлайнаар Азийн Фэн - Шүйгийн холбоо facebook бий.

Мөн Дэлхийн Фэн - Шүйгийн календарийг төгс буянт монгол зурхайн зурлагатай хоршуулан сүлж, дээр нь заавал мэдвэл зохих эртний судар номон дээрхи мэнгэ эрхшээхийн гайсал, хутганы ир өдөр, сүлдний байршил, ажил үйлийн эхлэл , ном буян үйлдэхэд сайн муу өдрүүд гэх мэтчилэн олон зүйлүүдийг багтаасан Фэнг Шүй цагалбараа олон түмэндээ хүргээд 8 жил болж байна. Ажил үйлс бүхэнд тань амжилт азыг тохиолдуулах өдөр цагийг нарийн заасан цагалбарыг хэрэглэж заншвал таны цагийг хэмнэнэ, аливаа үйлд сайн зөвлөгчтэй болно шүү гэж хэлмээр байна. Ганц л буугаад мордох хүмүүний ертөнцдөө хүн бүхэн утга учиртай, аз жаргалтай, амар тайван амьдраасай гэж ерөөе.

- Цаг гарган ярилцсанд баярлалаа.

О.Номин