Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл Геологи” компанитай холбоотой олон асуудал гардаг бөгөөд улсаас зам барилга уул уурхай зэрэг тендерийг ногоон гэрлээр хүртдэг талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ.

Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн сумын наймдугаар багийн нутагт орших Эрүүл мэндийн төв өөрийн эзэмшлийн 6959 метр.кв газартай ажээ. Гэтэл уг газар дээр нь “Хөвсгөл геологи” компани барилга барихаар зэхэж, ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй 40 айлын орон сууцны шавыг өнгөрсөн зун босгосон бөгөөд одоогоор барилгын ажил дуусч, эхнээсээ оршин суугчид нь ороод эхэлчихжээ. Одоогийн байдлаар 40 айлын орон сууцаа нэг метр.кв-ийг нь 1 сая 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.

Уг нь анх уг орон сууцаа эмнэлгийн газар дээр эмнэлгийн ажилтнуудад зориулсан орон сууц хэлбэрээр барьж байгаа тул зах зээлийн ханшнаас хямд борлуулна гэж байсан аж. Тиймдээ ч эмнэлгийн 15 ажилтан уг байранд орсон байна.

Уг нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчийг хувь хүн, аж ахуйн нэгжид шилжүүлэх бол дуудлага худалдаагаар худалдаж, эсвэл төсөл сонгон шалгаруулалт явуулахыг заасан байдаг.

Гэтэл Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сарын 14-ний өдөр хуралдаж аймгийн Эрүүл мэндийн газрын эзэмшлийн газрыг “Хөвсгөл геологи” компанид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх шийдвэр гаргажээ. ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолд “...Мөрөн сумын 8 дугаар багт байршилтай аймгийн Эрүүл мэндийн газарт албан контор, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн 6959 метр.кв газар эмэмших эрхээс эмч, эмнэлгийн ажилчдын 40 айлын барилгын ажлыг гүйцэтгэсэн “Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1272 метр.кв газрыг эзэмших эрхийг хуваан шилжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэжээ.

Төрийн байгууллагын эзэмшлийн газрыг хувийн компанид үнэ төлбөргүй шилжүүлсэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрийг эх сурвалж “хандив” гэж тодотгосон. Учир нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “хандив” гэж тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг; заасны дагуу төрийн байгууллагын хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлж, хандивлахыг хориглосон байдаг. Тиймээс Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн газар шилжүүлэх тухай шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд шалгаж байгаа аж.