УИХ-ын энэ удаагийн сонгууль жижиг 76 тойргоор явагдах нь тодорхой болсон. Тэгвэл одоо СЕХ-ноос тойр­гийн хороодыг хэрхэн бай­гуулж, аймаг, нийслэлд ман­датын тоог яаж ху­ваа­рилах нь анхаарал татаж байна. Энэ нь улс төрийн газрын зургийг шинээр зурна гэсэн үг.

Монгол Улсыг 76 жижиг тойрог болгохдоо засаг захиргааны нэгж, газар нутгийн байршил, хүн амын тоог үндэслэл болгох нь дамжиггүй. Өмнөх 2012 оны сонгуулиар намын жагсаалтаас гадна оногдох 48 мандатыг 26 тойрогт хувааж байсан. 2008 оны сонгууль ч мөн томсгосон тойргоор явагдаж байсан билээ. Тэгвэл энэхүү 26 тойргийг өдгөө эргээд 76 тойрог болгож нэмэгдүүлнэ. Ингэхдээ тойргийн тоог хэрхэн хуваарилах вэ гэдэг шийдлийг улс төрийн намууд болоод аймаг, орон нутаг, нийслэлийнхэн бүгд чих тавин хүлээж байна.

Өмнө нь нэг байсан тойрог өдгөө хоёр болж, хоёр байсан нь гурав болох гэх мэтээр намын жагсаалтын 28 мандатыг нэмж хуваана. Ингэхдээ чухам ямар зарчим баримталбал зохилтой, ард олон болоод улс оронд ашигтай вэ.

Нэг мандат, нэг тойрог гэсэн зарчмаар сонгууль явах нь тодорхой болсон үед хотод олон мандат оногдох ёстой гэх байр суурь хүчтэй дуулдаж эхэллээ.

Ард түмний төлөөллийг сонгох зарчмынхаа хувьд энэ нь зөв шийдэл юм. Нийс­лэлийн ИТХ-ын дарга Д.Бат­тулга тойргоос 48 гишүүн сон­гогдохоор байх үед үүний 21 мандатыг Улаанбаатарт ху­ваа­рилах ёстой гэж санал дэв­шүүлж байсан. Тэгвэл тойргоос сонгогдох гишүүний тоо 48 биш, 76 болсон үед нийслэлд хэдэн мандат нэмэх бол... Суларч буй 28 мандатын 14-ыг нь нийслэлд хуваарилах ёстой гэх байр суурин дээр намууд ярилцаж байгаа юм билээ.

Үнэхээр ч нийслэлийн хүн ам өссөн өнөө үед өмнөх байдлаар сонгуулийн тойргийг ху­ваарилвал зарим сонгогчийн эрх, ардчиллын төлөөллийн зар­чим алдагдана. Сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуулийн тойргийг аймаг, нийс­лэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзан тогтоохоор заасан. Мөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуу­лахдаа шударга ёсыг сахиж, тэгш эрхийг баримтлах үнд­сэн зарч­муудыг тус тус баримт­лахаар хуульчилсан. Гэтэл 2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулж, мандат ху­ваа­рилахдаа нийслэл хотын сон­гогчдын тоог үл харгалзан хуваарилаж ирсэн байдаг. Өм­нө нь 48 мандатын 14 нь нийс­лэлээс, 34 нь хөдөө орон нутгаас сонгогддог байсан. Түүнээс өмнө 76 тойрогтой байх үед 20 нь нийслэлд оногдож байжээ. Намын жагсаалттай болох үед дээрх 20 мандатаас зургаа нь хасагдаж 14 мандат болсон юм.

Тиймд эргээд зургаан тойр­гийг нь нэмэх хувилбар байж болох ч нийслэлийн хүн ам энэ хугацаанд эрс өсчээ. 20 той­рог оногдож байсан 2004 оноос хойш нийслэлийн хүн ам хэрхэн өссөнийг бүгд мэднэ. Нийслэлийн статистикийн газ­рын 2014 оны тайланд туссан дүнгээр нийслэл Улаанбаатар хотод нэг сая 314 мянга 500 хүн буюу Монгол Улсын нийт хүн амын 44 хувь нь оршин сууж байна. Хэрэв УИХ-ын гишүүн нь хүн ам, сонгогчийг төлөөлдөг гэсэн логикоор бодвол 76 мандатын 44 хувь буюу 34 мандат нь нийслэлд оногдох ёстой гэсэн дүгнэлт гарна.

Гэвч үүнийг орон нутгийн нэр дэвшигчид хийгээд сонгог­чид хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Тэд УИХ-ын гишүүн нь хүн амыг төлөөлөхөөс гадна газар нутгийн хэмжээ, засаг захиргааг төлөөлөх ёстой гэх тайл­барыг сөргүүлж тавина. Хө­дөө орон нутаг эзэнгүйдэж, үндэсний аюулгүй байдал, тус­гаар тогтнолд ч сөргөөр нө­лөөлж болзошгүй гэх мэтээр үгүйсгэхийн төлөөх сүржиг­нэлүүд газар авч таарах биз ээ.

Гэвч дан ганц газар нутаг, засаг захиргааны нэгжийг нь үндэслэж мандатаа хуваарилах ёстой гэвэл бас л харьцангуй бол­но. Жишээ нь, Дорноговь, Говьсүмбэр гэх хоёр аймаг дундаа нэг мандаттай. Засаг за­хир­гааны нэгжийг үндэслэж, хоёр аймгийг тусдаа хоёр тойрог болголоо гэж үзэхэд тун хошин дүр зураг бий болно. Гурван сумтай Говьсүмбэр аймаг 15 мянган хүн амтай. Үүний 7000 нь хүүхэд гэж тооцвол сонгуулийн насны иргэд нь 8000 болно. Үүнээс сонгууль өгөх ирц 70 хувь гэж тооцоход ердөө 4000 гаруйхан хүн санал өгнө. Тэгтэл тэнд нийт 13 нам, эвслийн нэр дэвшигч, бие даагчид өрсөлдөнө. Ингээд сонгогчдын санал хуваагдах магадлалаар 800-1000 санал авсан нь л УИХ-ын гишүүн болно гэсэн үг.

Эсрэг талд Сонгинохайрхан дүүрэг ойролцоогоор 230 мянган хүн амтай. Сонгуулийн насны иргэд тал хувь нь гэж тооцвол 120 мянга. Өмнөх холимог тогтолцооны үед гурван мандат энэ дүүрэгт оногдож байсан. Нэг мандатад 40 мянган сонгогч оногдож бай­на. Гэтэл адилхан нэг ман­дат­тай Дундговь аймгийн нийт хүн ам нь 36 мянга, үүнээс сон­гуулийн насны иргэд нь 18 мянга. Ийм л харьцангуй дүр зураг бий болчихоод байгаа тул нийслэлийн мандатын тоог нэмэх нь зайлшгүй болоод байна.

2008 оны үед нийслэл 800 мянга орчим хүн амтай байсан бол одоогоор 1.314.000 гаруй болж өсчээ. Хүн амын тоо 500 гаруй мянгаар өсчихөөд байхад 2008 оны жишгээр төлөөллийн мандатыг хэвээр хадгалах нь нэг бодлын утгагүй. Энэ нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн 500 мянган хүний тө­лөөлөл одоогийн болоод 2016 онд бүрдэх УИХ дотор байх­гүй байна гэсэн үг юм. Парламентын ардчилал сон­гууль гэдэг бол төлөөллийн зарч­мыг хэлдэг. Гэтэл хүн амын бага биш хэсэг нь өөрийн тө­лөөлөлгүй байгаа тухай сэдвийг гаргаж ирсэн нь зүй ёсны хэрэг. Мэдээж 10 хүнийг нэг хүн төлөөлөх, 100 хүнийг нэг хүн тө­лөөлөхийн ялгаа зааг их, хоо­рондын харьцаа шударга бус.

Хуулиараа сонгуулийн тойр­­гийг тогтоохдоо гурван хү­­чин зүйлийг баримтлах ёс­той. Нэгдүгээрт хүн ам, хоёр­­дугаарт, засаг захиргааны нэгж, гуравдугаарт газар нут­гийн хэмжээ. Намууд энэ мэ­тээр хуулийн үндэслэлийг ч, нөх­цөл байдлыг ч бодолцон, сонгуулийн тойрог, мандатаа хуваарилахаар ярилцаж бай­гаа. Нийслэлийн одоогийн 14 мандат дээр нэмж 14 мандат хуваарилах шийдэл илүү дэм­жигдэх магадлалтай бай­гаа аж. Хэдийгээр мандат ху­ваа­рилах нь ялах магадлалтай тойргуудынхаа тоог нэмэх, эс­вэл өрсөлдөгчийнхөө магад­лалыг хасах ач холбогдлын өрсөл­дөөн мөн боловч алсуураа улс орны хувь заяанд нөлөөлөх асар чухал шийдвэр. Нэг өрөөсгөл ойлголт байгаа нь, тухайн тойрог УИХ-д төлөөлөл цөөтэй, эсвэл ихтэйгээс ха­маарч, хөгжих эс хөгжих нь хамаарч байна гэх маягийн үзэл хандлага. УИХ-ын гишүүний төлөөлөл орон нутагт олон байснаараа тухайн орон нутаг хөгждөг гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Эсрэгээрээ цөөн хүн төлөөлдөг болсноороо тэндхийн хөгжил зогсож, эзэн­гүйдээд сүйд болно ч гэсэн утга байхгүй. Энд гагцхүү зөв зохистой төлөөллийн зарчмыг л хэрэгжүүлэх тухай ярьж буй. Тэгвэл нийслэлд улс орны хүн ам, үйлдвэрлэл, зах зээл төвлөрч байгаа өнөө үед төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх шаард­лага бий болсон. До­тоодын нийт бүтээгдэхүүний 64 хувь нь хотод төвлөрдөг. Тиймээс нийслэлийн мандатын тоог дор хаяж 28 болгож нэмэх нь зөв шийдэл гэж олон хүн ярьж байна.

 

Д.ДАМДИНЖАВ "АРДЫН ЭРХ"