Эдгээр кинонууд бол дэлхийн кино ертөнцийн түүхэнд хамгийн их “сенсаци” дэгдээж цөөнгүй оронд гаргахыг хориглосон бүтээлүүд юм.  Киног тухайн орны засгийн газар эсвэл эрх бүхий байгууллагаас богино эсвэл урт хугацаагаар гаргахыг хориглох эрхтэй бөгөөд эдгээр киноны уран бүтээлчид зүй бус кадруудыг хасах эсвэл засварласан тохиолдолд эргэн хянаж хоригоо цуцалдаг байна.

Сонирхуулахад, доор дурьдагдаагүй кинонуудаас Хятадад “Avatar”“Pirates of the Caribbean: At Worlds End”“Lara Croft Tomb Raider: The Cradle of Life”“Back to the Future” зэрэг дэлгэцийн бүтээлийг гаргахыг хориглосон бол Вьетнамд “The Hunger Games” киног гаргах хориотой гэнэ.

“Grotesque” (2009) - Нэгдсэн Вант Улс 
Энэхүү киноны зохиолыг Кожи Ширайши бичиж өөрөө найруулсан Японы аймшгийн төрөл жанрын дэлгэцийн бүтээл юм. Сэтгэл мэдрэлийн өвчтэй галзуу нэгний харгис яргалал, сексийн хүчирхийлэл, тамлал доромжлолыг харуулсан “Grotesque” киног цөөнгүй оронд гаргахыг хориглосон байдаг бөгөөд эдгээрээс Их Британий “The British of Film Classification” байгууллагаас Их Британи дахинаа гаргахыг хатуу хориглосон байдаг аж. “Grotesque” нь өгүүлэмж бага, харгис доромжлолыг түлхүү харуулснаараа багагүй шүүмжлэлд өртсөн боловч Кожи Ширайшигийн үзсэнээр харин ч эсрэгээрээ бодит байдлыг элдэв хийсвэрлэл ашиглалгүй шударгаар харуулсан шилдэг кино болсон гэжээ.

“The Human Centipede II” (2011) - Нэгдсэн Вант Улс / Австрали / Шинэ Зеланд 
2010 онд дэлгэцнээ гарч байсан “The Human Centipede (First Sequence)” киноны үргэлжлэл болох энэ киног Австралид түр хугацаагаар гаргахыг хориглосон байдаг бол Шинэ Зеланд, Их Британид гаргахыг бүрэн хориглосон байдаг байна. Кинонд харгис хэрцгий хүчирхийлэл, догшин түрэмгий гаж байдлыг хэт харуулсан гэдэг утгаар нь ийнхүү гаргахыг хориглосон байдаг бөгөөд “хүн” жаран хөлтийг бүтээхээр эрс шулуудсан Англи залуугийн тухай “садист” бүтээл юм. АНУ-д нээлтээ хийж кино театруудад гарах бүрт театрын гадна түргэн тусламжийн багийнхнийг бэлэн байлгаж байсан ба энэ нь киног үзээд хэт айж мэгдэхийн сацуу мэдрэлийн өөрчлөлтөд орсон хүмүүст туслах зорилготой байсан юм.

“A Serbian Film” (2010) - Норвеги / Испани / Финлянд / Бразил 

Энэ бол бүх цаг үеийн хамгийн их сенсаци дэгдээсэн Сербийн кино бөгөөд найруулагч Серджан Спесожовечийн бүтээсэн онцлох бүтээлийн нэг аж. Дээр дурьдсан орнуудаас гадна Сингапур, Австрали, Шинэ Зеланд болон Малайз зэрэг орнуудад гаргахыг хориглосон бөгөөд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрцгий доромжлолыг ил задгайгаар гаргасан хэмээн хориглосон байна. Кинонд нас ахиж яваа “порно” од залуугийн тухай гарах ба тэрээр карьерийнхаа турш дахь хамгийн сүүлчийн кинондоо тоглохоор шийдсэн нь ийм нэгэн жигшмээр явдлаар дүүрэн бүтээл байх ажээ.

“Saw VI” (2009) - Украйн / Тайланд / Испани 
Кино шүүмжлэгчдээс харьцангуй доогуур үнэлгээг авч байсан хэдий ч “Box Office”-ийн зах зээлд ашиг орлогоороо дээгүүрт бичигдэж олны сонирхлыг багагүй татаж байсан “Saw” цувралыг та бид мэдэх билээ. Өдгөө 7 цувралаар үзэгчдийн хүртээл болсон киноны 2009 онд гарсан “Saw VI” хувилбарыг дэлхийн цөөнгүй оронд дэлгэцнээ гаргахыг хоригложээ. Зарим хүмүүсийн ярьдгаар аймшгийн төрөл жанрын кинонуудаас харьцангуй бага тамлан зовоолт хийгээд хүчирхийлэл гаргадаг гэж үздэг ч эдгээр орнуудад харин ч эсрэгээрээ үндэстэн даяараа үзэхийг хоригложээ.

 

“A Clockwork Orange” (1971) - Ирланд / Сингапур / Өмнөд Солонгос 
Киног Америкийн нэрт найруулагч Стэнли Кубрик (1928 - 1999) найруулсан бөгөөд тэрээр зохиолынхоо санааг Английн зохиолч Энтони Бөржесийн “A Clockwork Orange” (1962) романаас сэдэвлэжээ. Харгис гэмт бүлэглэлийнхний тухай өгүүлэх “A Clockwork Orange” киног 1971 - 2011 онд Сингапурт гаргахыг хориглож байсан ба өдгөө Өмнөд Солонгос, Сингапурт дэлгэцнээ гаргахыг зөвшөөрөх болсон байна.

 

“The Texas Chainsaw Massacre” (1974) - Герман / Норвеги / Сингапур + ... 

... + Швед / Ирланд / Бразил / Финлянд зэрэг маш олон оронд гаргахыг хориглосон “The Texas Chainsaw Massacre” бол хүний махан идэшт гэр бүл болон тэдний идэш болсон хохирогчдын тухай өгүүлэх ээлжит нэгэн дэлгэцийн “садист” бүтээл билээ. Кино ертөнцийн мэдээ мэдээллийн “Total Film” сэтгүүлээс кино ертөнцийн түүхэн дэх хамгийн шилдэг аймшгийн киногоор нэрлэсэн эл киноны зураг авалтыг Техаст байдаг фермийн нэгэн байшинд хийж байсан бөгөөд энэхүү байшин нь өдгөө ресторан болжээ. Киног $300.000 орчим ам.долларын санхүүжилтээр бүтээж $30.859.000 ам.долларын ашиг олсон байна.

“Last Tango in Paris” (1972) Өмнөд Солонгос / Сингапур / Португал / Итали / Испани 
Марлон Брэндогийн гол дүрд нь тоглосон энэ кино бол Италийн романтик жанрын дэлгэцийн бүтээл бөгөөд сексийн хэт задгай, завхай явдлыг нийтэд ил тод харуулсан гэдгээрээ ийнхүү цөөнгүй оронд гаргахыг хориглосон байна. Кинонд амиа хорлож нас барсан эхнэрээсээ хойш Парис хотын залуухан бүсгүйтэй учир ургуулах болсон зочид буудлын эзэн Америк эр Полын тухай гардаг билээ. Найруулагчаар Бернардо Бертолучи ажилласан ба тэрээр үл таних үзэсгэлэнт эмэгтэйтэй гудманд тааралдаж секс хийвэл ямар байх вэ? хэмээн нууцхан мөрөөдсөн хүслээсээ улбаалан киног бүтээжээ. Сонирхолтой нь кино $1.25 сая ам.доллараар бүтэж $96.301.534 ам.долларын ашиг олжээ.

“Cannibal Holocaust” (1980) - Шинэ Зеланд / Норвеги / Исланд / Турк

Амазон мөрний орчимд нутаглаж байсан хүн идэшт омгуудын тухай бодит түүхийг өгүүлдэг гэлцдэг энэхүү киног Италийн кино найруулагч Ругеро Деодато бүтээжээ. Тэрээр энэхүү киног найруулсныхаа төлөө хоригдож явсан үе саяхан бөгөөд энэ нь зураг авалтын үеэр зарим жүжигчид камерийн өмнө жинхнээсээ нас барсан гэсэн цуу ярианаас үүдэж байжээ. Дээр дурьдсан орнуудаас гадна Шри Ланк, Өмнөд Африк, Филиппин, Морокко, Кувейт, Иран, Грек, Финлянд, Бутан зэрэг улсад одоо ч “жигшүүртэй” хэмээн үзэж гаргахыг хатуу хориглодог.


“Schindler’s List” (1993) - Иран / Индонез 

Нэрт найруулагч Стивен Спилбергийн найруулсан дэлхийн шилдэг кинонуудын нэг болох “Schindler’s List” киног Австралийн зохиолч Томас Кинилигийн “Schindler’s Ark” (1982) зохиолоор бүтээж байсан бөгөөд “IMDB”-гийн “Шилдэг - 250” киноны №8 дахь гайхалтай бүтээл юм. Киног дээрх орнуудад гаргахыг хориглосон нь Еврейчүүдэд хүндэтгэл үзүүлсэн явдал юм. Стивен Спилберг киноны найруулагчаар ажилласныхаа хариуд шан харамж авахаас татгалзсан ба энэ нь Еврейчүүдийг хоморголон хядсан Фашистуудын харгис явдлаас амьд үлдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлсэн явдал юм.

“The Da Vinci Code” (2006) - Самоа / Соломоны арлууд / Шри Ланк / Энэтхэг / Иран 
Хамгийн их ашиг олсон 2006 оны №2 дахь киногоор нэрлэгддэг триллер жанрын энэхүү киног Америкийн зохиолч Дэн Брауны 2003 оны “бэст селлер - The Da Vinci Code” романаас сэдэвлэн бүтээсэн билээ. Шашины зүтгэлтнүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас энэхүү киног Самоа, Соломоны арлууд, Шри Ланк, Энэтхэг, Иран тэргүүтэй зарим оронд гаргахыг хоригложээ.