Орос, Хятад гэх дэлхийн хоёр том зах зээлийг холбосныхоо төлөө багагүй мөнгө олох боломж манай улсад бий. Төрийн тэргүүний гурван улсыг холбох эдийн засгийн коридор байгуулах санаачлагыг В.Путин, Си дарга хоёр толгой дохин дэмжиж байгаа. Гурван улсын тэргүүнүүд яг энэ асуудлаар уржнангаас уулзаад эхэлчихсэн. Засгийн газар Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах зөвшөөрөл өгсөн нь энэ ажил хэр ахицтай яваагийн нэг том баталгаа. Энэ сарын сүүлээр Ц.Элбэгдорж, В.Путин, Си дарга гурав Ташкентад уулзаж эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсгээ зурж баталгаажуулахаар товлоод байгаа.

Худалдаа арилжаагаа хоёр зуун тэрбум ам.долларт хүргэх том зорилготой хөршүүдийн хувьд Монгол тун ашигтай байршил. Хамгийн дөт замаар, хамгийн хямд зардлаар бараа, бүтээгдэхүүн солилцоод байх боломж Хятад-Монгол-Орос гэсэн маршрутад бий. Ази, Европын хоёр том улсыг авто зам, төмөр зам, хурдны зам, хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломжууд яригдаад эхэлчихсэн, ирэх жилээс яриа хэлэлцээ улам эрчимжинэ гэж албаныхан онцолж байна.

Д.Зоригт: Монголд бүс нутгийн эрчимхүчний арилжаанд оролцох өндөр боломж бий

Эрчим хүчний сайд Д.Зоригттой эдийн засгийн коридорын талаар ярилцлаа.

-Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал хэр ахицтай байгаа бол?

-Ерөнхийлөгчийн санаачилсан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлын хүрээнд ямар ажил хийж болох талаар гурван талын экспертийн ажлын хэсэг гарч, ажиллаад дууслаа. Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг өнгөрсөн сарын сүүлийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Ерөнхийлөгч энэ сарын хорьд гаргаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцох юм. Тэр үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурах ёслол болно. Эдийн засгийн коридор бол Монголын хөгжилд, хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцчилалд ороход маш чухал асуудал.

-Орос, Хятад хоёрыг хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломж бий гэж ярьдаг. Жишээ нь манай улсын нутаг дэвсгэр дээгүүр цахилгаан дамжуулах шугамаар холбогдохоос аргагүй шалтгаан хоёр хөршид байгаа юу?

-Байлгүй яахав. ОХУ-ын Зүүн Сибирь Алс Дорнод бол эрчим хүчний асар их нөөцтэй бүс. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний нөөц сайтай. Эрчим хүч нь хямдхан, 20000 МВт-ын илүүдэлтэй. Гэтэл Хятад зүүн эрэг дагуудаа, өмнөд хэсэгтээ эрчим хүчний дутагдалтай. Тэгэхээр Оросын Зүүн Сибирь Алс Дорнодын эрчим хүчний илүүдэл Монголд бүс нутгийн эрчим хүчний арилжаанд оролцох боломжийг нээж өгөх өндөр магадлалтай гэж би хувьдаа хардаг. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын болон эрчим хүчний байгууллагуудтай яриа хэлэлцээний анхан шатны ажлууд эхэлсэн. Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурвал энэ чигээр өрнүүлсэн яриа хэлэлцээ идэвхжих байх.

-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-ОХУ Хятад руу асар их хэмжээний эрчим хүч, хий, нефть экспортолдог орон болоод байгаа. Мэдээж энэ бүгдийг тээвэрлэж таарна. Тэгэхээр тээвэрлэлтийн дэд бүтэц чухал гэсэн үг. Манай талаас нефть, газын хоолой, төмөр зам, эрчим хүчний дамжуулах шугам, харилцаа холбооны дэд бүтцийг Монголын нутгаар дамжуулах боломжийг судалж үзээч, бэлэн байгаа шүү гэсэн саналаа тавьчихсан. Шууд бүтэх асуудал биш л дээ. Судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ, зураг төсөл гээд их олон зүйл бий. Хэлэлцэгдэх түвшиндээ явж байна. Манай улсын зүүн талаар ОХУ-д “Сибирийн хүч” гээд газын хоолойн барилга байгууламжийн ажил ид өрнөж байгаа. ОХУ дэлхийд хийн нөөцөөрөө тэргүүлдэг улс. Тэгэхээр ганц шугамаар явуулаад Хятадын хэрэгцээг хангаж чадахгүй. Хоёр, гурав дахь шугамыг төлөвлөх нь тодорхой. Хоёр, гурав дахь шугамаа хаагуур явуулах вэ гэдэг судалгааны ажил Орос, Хятад хоёрын дунд явагдаж байна.

-Манайхаас хийн хоолой тавих саналд Оросын тал ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?

-Оросын тал судалж үзье гэсэн юм билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноднин Санктпетербургийн Эдийн засгийн форумд оролцохдоо саналаа тавьсан. ”Газпром”-ын удирдлага манай саналд судалж үзье гэсэн хариу өгсөн. Нефть газын хоолой, транзит төмөр зам бол асар их хөрөнгө оруулалтаар бүтдэг эд. Нэг талаасаа эдийн засгийн төсөл, нөгөө талаасаа улс төрийн геополитикийн асуудал. Бараа хүлээж авч байгаа нь, бараагаа явуулж байгаа нь ч ялгаагүй, ирээдүйн улс төрийн эрсдэлээ тооцож байж шийдвэрээ гаргаж таарна. Монгол найдвартай түнш байж чадах уу, таатай нөхцөл амлах нь уу, хэдэн жилийн ямар түвшний баталгаа өгөх юм гэх мэт асуудлыг олон талаас нь судалж үзэх нь ойлгомжтой. Мөн ОХУ-ын төслүүд Дорнод, Сибирийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдах ёстой. Хойд хөрш асар том газар нутагтай учраас аль болох нутаг дэвсгэр дээгүүрээ дэд бүтэц татаж хот суурингаа хөгжүүлэхийг зорьж таарна. Ямартай ч яриа хэлэлцээ эхлээд явж байгаа нь том давуу тал. Дахин хэлэхэд эдийн засгийн коридорын асуудал ирэх дөрвөн жилд эрчимжих нь ойлгомжтой болчихсон.

-Мэдээж газар зүйн хувьд дөт, зардал хэмнэнэ гэсэн давуу тал бидэнд бий. Хийн хоолой тавигдсанаар транзит тээврийн хөлс гэж авч таарна. Эдийн засгийн хувьд өөр ямар давуу тал бидэнд үүсэх вэ?

-Хийн хоолой тавигдвал тохиролцоо хийж хэрэгцээнийхээ хийг замаас нь авах боломж бидэнд байгаа. Мэдээж орон нутгийн төсөвт мөнгө орно. Хийн хоолойн засвар дээр олон хүн ажиллана. Тэгэхээр хангалттай ажлын байр бий болно гэсэн үг.

Си Жиньпин: Эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин жилийн өмнө Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно. Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачилгыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна. Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. Евро Ази тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байсан юм.

Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах гурван улсын Хамтарсан ажлын хэсгийн уулзалт өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Бээжин хотноо болж хөтөлбөр, төслүүдийн жагсаалтыг эцэслэн тохиролцжээ. Гурван улсын нутаг дэвсгэрийг холбосон төмөр замын тээврийн төв, хойд, зүүн, зүүн өмнөд болон баруун чиглэлийн коридорыг байгуулах тохироо бий. “Улаанбаатар төмөр зам”-ын коридор болох төмөр замын төв коридор гэхэд л Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин-Тяньжин далайн боомт гэсэн маршруттай. Төмөр замын хойд коридор байгуулах хувилбар ч яригддаг. Маршрут нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин. Төмөр замын баруун коридор нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Өрөмч. Харин зүүн коридор нь Чита-Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Жиньжоу далайн боомт. Сая дурдсан маршрутуудын хувьд яригдаж байгаа хувилбарууд. Талууд боломжтой гэж үзвэл хэрэгжүүлнэ гэсэн үг.

Зам тээврийн сайд саявтар өгсөн ярилцлагадаа “Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг барих хэтийн төлөвийг судлах, транзит тээврийг нэмэгдүүлэх зорилготой гурван улсын төмөр замын тээвэр-логистикийн компанийг байгуулах талаар хамтарсан яриа хэлэлцээ явуулах, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх төслүүдийг бэлтгэх, урьдчилсан судалгааг нь хийх, эдийн засгийн үндэслэлийг тогтоох зорилгоор хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв байгуулахаар тохиролцоод байна” хэмээн онцолсон байсан. Ази-Европыг холбох эдийн засгийн коридорын асуудал сүүлд гэхэд л АСЕМ-ийн Сангийн сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн юм. Улс орнуудын Сангийн сайд нар коридор байгуулах боломж болон авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар яриа хөөрөө өрнүүлжээ.