Дуучин Ану буюу Ч.Уранхолбоотой ярилцлаа.

-Ану юу хийж бүтээж явна. Шинэ уран бүтээл гаргахгүй юм уу. Яагаад дуулахгүй байна гэж асуух залуус олон байна?

-Яруу найрагч Соёмбо, хөгжмийн зохиолч Аранзаа нартай хамтраад шинэ уран бүтээлийн ажилдаа орчихсон байгаа. Сүүлийн жилүүдэд шинэ уран бүтээл хийгээгүй, олон төрлийн ажил ихтэй байлаа. Гэхдээ урлаг, уран сайхан гэдэг зүйл сэтгэл зүрхэнд минь үргэлж уяатай байдаг болохоор эргээд ганц, нэг уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Уран бүтээл хийгээч гэх хүмүүс олон байгаа учраас тэдэндээ зориулан гаргаж байгаа шинэ клип маань ирэх есдүгээр сард бэлэн болно.

-Уран бүтээлээ завсарласан хугацаандаа хөөрхөн охидын ээж болсон. Гэр бүлээ танилцуулаач?

-Миний хань олон улсын харилцааны чиглэлээр гадаадад сургууль төгссөн, мэргэжлээрээ ажилладаг залуу бий. Том охин маань гурван настай, бага охин маань нэг настай, манай хоёр тэрсхэн өсөж байна. Охид их зөөлөн, хайр татам байдаг юм байна. Би хүүхэд байхдаа гурван охин, нэг хүүтэй болно гэж ярьдаг байлаа. Амны бэлгээр ч юм уу, миний хүслийг дагаад ч юм уу, охидтой боллоо. Би ч өөрөө охидтой айлын дунд охин. Охид маань ээж, аавдаа элэгтэй, эргээд тэднийгээ хайрладаг, гэр бүлдээ элэгтэй хүмүүс болоосой гэж боддог. Эмэгтэй хүн хичнээн их ажилтай завгүй байсан ч гэсэн гэр бүлээ хайрлаж чаддаг, тэдэндээ цаг зав зарцуулдаг хүний сайн хань байх ёстой гэж би боддог.

-Тэрсхэн хүүхэд өсгөх хэцүү гэх ээжүүд байдаг. Ажил, уран бүтээл, гэр бүлийн ажлаа хэрхэн зохицуулж байна?

-Би ямар ч юмыг төвөгшөөх дургүй хүн шиг байгаа юм. Аль болох болгох ёстой, энэ миний л амьдрал гэж боддог. Хэцүү байна гэж бухимдах үе байдаггүй ээ. Амьдрал их баян ш дээ. Дахиад ч би хүүхэд төрүүлнэ, олон хүүхэдтэй болно. Тиймээс би бүгдийг зохицуулах хэрэгтэй. Мөн ханийн маань хайр халамж, нөмөр их. Би өөрийгөө сайн ханьтай, их азтай эмэгтэй гэж боддог.

-“Гала” хамтлаг хүүхэд залуусын шүтээн байсан. Тухайн үед тэгж их олны анхааралд байхад ямар мэдрэмж төрдөг байсан бэ. Одоо хамтлагийн гишүүн Болороотойгоо холбоотой байдаг уу?

-Болороотойгоо холбоотой байлгүй яахав. Болороо маань саяхан төрж, шинэ хүнээ хүлээж авсан. Бид хоёрын 12 жилийн нөхөрлөл бий. Үргэлж л холбоотой байдаг. “Гала” хамтлагт байхад бид хоёр 16,17 настай байлаа. Маш богино хугацаанд хүмүүст танигдаад л тав, зургаахан сарын дотор гаргасан дуу болгон хит болж байсан. Мөн хамтлаг байгуулагдаад, наймхан сарын дараа анхны бие даасан тоглолтоо хийхэд рок, попын түүхэнд хамгийн олон хүн цуглуулсан тоглолт болж чадсан. Бид дүр, төрх имижээрээ маш сайн үнэлэмж авч, тухайн үед өсвөр насныхны дунд “Гала стил” гэж хүртэл гарч байлаа.

-“Гала” хамтлаг одоо байсан бол гэж бодох үе байдаг уу?

-Бид хоёр зарим зүйлд маш хариуцлагагүй хандаж, хамтлагаа тарааж, цааш үргэлжлэх байсан олон амлалт, Азийн түвшинд гарна гэсэн зорилтуудаа умартсан. Үүндээ харамсах өдөр байдаг. Гэхдээ яахав, хүний амьдрал санаснаар болохгүй байх үе бий. Эргээд харахад бид хоёулаа л айлын сайн эзэгтэй, хөөрхөн хүүхдүүдийн ээж болцгоосон байна. Магадгүй бид хоёрын амьдралын зураг ийм байсан байх гэж боддог юм.

-Танай нөхөр арван жилийн сурагч байхдаа “Галагийн Анутай заавал гэрлэнэ” гээд л зурагнуудыг чинь хадгалдаг, фэн байсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Энэ тухай би нөхрийнхөө амнаас өөрөөс нь сонсож байгаагүй. Харин саяхан фэйсбүүкээр ангийнх нь нэг охин надтай харилцахдаа “Танай нөхөр 10 жилд байхдаа би Анутай сууна. Заавал Анугийн нөхөр болно” гэж ярьдаг байсан гэж надад хэлсэн. Би нөхрөөсөө асуусан чинь ичээд байсан. Гэхдээ чи миний мөрөөдлийн эмэгтэй. Би чиний ярилцлага бүрийг чинь үздэг байсан гэж ярьж байсан. Найм, есөн жилийн өмнө оролцож байсан зарим ярилцлага, нэвтрүүлгээ би ерөөсөө санадаггүй юм. Гэтэл манай нөхөр чи тэр нэвтрүүлэгт ороод тийм зураг зураад, тэгж шийтгүүлсэн гэж ярьдаг. Мөн сонин, сэтгүүлээр гарсан ярилцлага болгоныг уншаад, хадгалдаг байсан юм билээ. Би ханийгаа надад зориулагдсан хүн гэж би боддог. Өөрөө хэдхэн хоногийн өмнө “Би чамтай хамт байхын тулд маш их хичээсэн. Амьдралдаа ингэж их хичээж үзээгүй” гэж байсан. Тиймээс би ч гэсэн энэ насанд минь заяасан ханиа хүндэлж, дээдэлж ямар их хайртайгаа амьдралаараа л харуулж явах ёстой. Үр хүүхдээ эрүүл сайхан өсгөөд, улс эх орондоо хэрэгтэй хүн болгож, ханиа хайрлаж чадвал ханийн маань аав ээж, ах дүү, элгэн нутаг уул ус хүртэл баярлах байх гэж боддог.

-Танай нөхөр их даруухан хүн шиг санагдсан?

-Даруухан, их даруухан. Олон нийтийн газраар явах ч дургүй, зураг авахуулахаас ичнэ. Хайр нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байя. Миний хань явчихаад ир гэдэг юм. Над шиг хүнд яг ийм даруу төлөв хүн л тохирно. Тэгэхгүй бол хоёулаа ингэнэ, тэгнэ гээд байвал үр хүүхэд гэр бүл орхигдоно шүү дээ. Гэр бүлийн хамаг зүйлийг хань минь зохицуулж авч явж байгаа. Манай хадам аав, ээж насаараа улсад ажилласан даруу төлөв хүмүүс байдаг. Миний хань ч мөн тийм даруухан хүмүүжилтэй.

-Гэр бүлийн бизнес хийж байна уу?

-Олон улсын импортын бараа бүтээгдэхүүн, шинэ, шинэ брэндүүдийг оруулж ирэхээр ажиллаж байна. Залуу хүмүүсийн хувьд гарааны бизнес эхэлж байгаа юм. Гэхдээ мундаг том бизнес хийдэг хүмүүсийн хажууд анхлан суралцагсад шүү дээ. Бид тэрсхэн хүүхдүүдтэй залуу гэр бүл учраас, хүүхдүүдээ сайн сайхан байлгахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй байна.

-Эмэгтэй хүн яагаад гоё, сайхан байх ёстой юм бэ?

-Эмэгтэйчүүд өдөрт тогтмол цагийг өөртөө зориулж байх ёстой. Ээж байх хэцүү, завгүй гээд байвал амархан гундах магадлалтай байдаг. Гоо сайхан байх бол эмэгтэй хүний арчаатай байдал гэж хэлмээр санагддаг. Түүнээс биш хүчээр хүнд гоё харагдах гээд байх шаардлагагүй. Бид өөрсдөө сайн, сайхан байж үр хүүхдэдээ үлгэр дуурайл болно. Гоо сайхны мэдрэмж хямдхан зүйл ерөөсөө биш. Хүн болгон гоё зүйлд дуртай. Хөөрхөн хүүхэд, гоё эмэгтэй, сайхан залууг хараад ямар ч хүн яасан хөөрхөн, ямар гоё юм бэ гэдэг. Эмэгтэй хүн сайн, сайхан гоё зүйлийг бусдад мэдрүүлж, гэртээ ч гэсэн цэмцгэр гоё байх ёстой. Дэлхийн алдартай эмэгтэйчүүдийг хүртэл харахад тэдний биеэ авч яваа байдал, эмэгтэйлэг чанар нь бусдын сэтгэлд хамгийн их үлдсэн байдаг шүү дээ. Гоо сайхан байх нь нэг талаараа өөрийгөө хайрлаж байгаа боловч нөгөө талаараа бусдад өгч байгаа хүндэтгэл.

-Ану их энгийн, нээлттэй санагдлаа. Уурлаж, бухимдах үе байдаг уу?

-Уурлаад л хүн гомдоогоод, хэрэггүй үг хэлээд байдаггүй. Тийм байвал ямар үр дүн гардгийг амьдрал надад харуулчихсан. Гэхдээ хүүхэд өвдөх зэрэг сэтгэл хямрах зүйл тохиолдоно. Тиймээс хэцүү үед өөрөө өөртэйгөө яриад, ханьтайгаа ярилцаад, дуртай хөгжмөө сонсоод тайвширчихдаг. Харин хүн надад муухай хандвал тэр дор нь хэлээд, ойлголцохыг хичээдэг. Ер нь би дайсантай байхыг хүсдэггүй. Бидний хийсэн зүйл үр хүүхдүүдэд маань ирэх учраас аль болох хүнд муу юм хийхгүй, хүнийг гомдоохгүй байхыг хичээдэг. Бид эх хүн учраас хариуцлага өндөртэй байх ёстой.

-Шашин шүтлэгтэй юу?

-Шашингүй бол хүн төөрчихсөн юм шиг найдах, итгэх зүйлгүй болно. Би уул усаа, тэнгэрээ шүтдэг. Үргэлж тэнгэрүүдтэй ойр байж, өөрийн хүсэл зорилго, зорилтоо тэдэндээ даатгадаг. Бусдад муухайгаар хэлэгдэж, буруугаар ойлгогдсон ч сайн мууг ялгадаг тэнгэр байгаа гэж ойлгож, өөрийнхөө зөв гэж бодож байсан зүйлээ хийж явдаг. Үнэн ялна гэдэг шүү дээ. Нялх биетэй үед бусдын муухай үгийг бага зэрэг эмзэг хүлээж авдаг байлаа. Мэргэжлийн эмч хүн хүртэл төрсөн эмэгтэй ийм байдаггүй, тээгч эхээр төрүүлсэн гэж над руу дайрч байсан. Үнэн гэж нотлох гээд амьдрах бас хэцүү. Миний хань ижил, найз нөхөд, аав ээж, ах дүү нар намайг ойлгож, мэдэж байвал болно доо гэж боддог.

-Жирэмсэн байх үеэ олон нийтэд харуулахгүй байдаг нь ямар учиртай юм бэ?

-Манай монголчууд шувууны сүүдрээс хүртэл үр хүүхдээ харамладаг ард түмэн. Монгол хүмүүсийн энергийг хүчтэй гэдэг болохоор олноороо энергийн бөөгнөрөл үүсгээд, ярих юм бол цагаан хэл ам хүртэл аливааг сэвтүүлдэг. Гэхдээ би өөрийгөө хэл амнаас хамгаалаад байхыг боддоггүй. Би өөрийн гэсэн багштай, итгэл үнэмшилтэй. Харин үр хүүхдээ хэл амнаас хол байлгахын тулд жирэмсэн, төрөх гэж байна гээд олонд зарлаад байхыг хүсдэггүй юм. Дараа, дараагийн төрөлт дээрээ ч мөн ингэж төрнө гэж бодож байгаа.

-Анутай уулзаж байгаа юм чинь асуухгүй өнгөрч болохгүй байх. Хэрхэн жингээ барьдаг, ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

-Хэт их хоол хасаад, амттай зүйл идэхгүй байх ёстой гэсэн зүйл байхгүй. Хоол сойж жин барих нь хүнийг их стресстүүлдэг. Ингээд стрессээс үүдэлтэй таргалалт үүснэ. Хүн өөрийн цусны бүлэгт тохирсон хоол хүнсээ хүссэн үедээ идэж байх хэрэгтэй. Би жимс ногоо, тахиа, загасны мах идэх дуртай учраас өөрийн дуртай хоолоо хийж иддэг. Зун хөдөө амралт зугаалгаар явахдаа уламжлалт хоол хүнсээ хэрэглээд л явдаг. Жингээ бариад л заавал тэдэн кг байх ёстой гэсэн хатуу шаардлага өөртөө тавьдаггүй. Өөрийнхөө зөв гэсэн зүйлийг идээд, өөрийн өдөр тутмын хэмнэлээрээ амьдардаг. Төрчихөөд жин хассанаа бахархаад бусдад яриад байх сонирхолгүй. Тэртэй, тэргүй эмэгтэй хүн төрөөд л хүүхдээ хөхүүлээд, амьдралын зөв хэмнэлтэй байхад амархан турчихдаг. Мөн жирэмсэн байх үедээ хүүхдийнхээ жинг хэт их биш, хэт бага биш байлгаж, хянах хэрэгтэй. Мөн надаас олон хүүхэд төрүүлчихээд, сайхан биеэ авч яваа эмэгтэйчүүд олон байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ олон талын мэдлэгтэй байх ёстой. Ядаж л хэвтээд байвал жин нэмэгдчихнэ.

-Ямар дуу, хөгжим сонсох дуртай вэ?

-Олон төрөл жанрын дуу сонсох дуртай. Өнөөдөр гэхэд л Японы “Кенджи Кавай”-гийн хөгжмүүдийг нь сонсож байна. Болороо бид хоёр Бритни Спирсийг шүтдэг байлаа. Одоо бол хэн гоё дуу гаргаж гэж анализ хийж сонсдог.

-Ану дуу гаргаач, яагаад дуулахгүй байна гэх хүн олон байсан. Ямартай ч шинэ уран бүтээлийн ажилдаа орсон юм байна. Цаашдаа уран бүтээлээ таслалгүй хийгээд явах уу?

-Гэхдээ урьдынх шиг олон цомог гаргаад явж чадахгүй байх. Өөрийнхөө хүсэл сонирхлоор дуулж байгаа юм. Олон улсын бизнес хийж эхэлж байгаа учраас надад хэлний мэдлэг өндөр түвшинд хэрэгтэй болж байна. Тиймээс энэ намраас хэлний чиглэлээр гүнзгийрүүлэн сурна. Үр хүүхдүүдтэй залуу гэр бүл учраас, бизнестээ цаг зав зарцуулна. Харин өөрийнхөө хүсэл сонирхлоор, шинэ клип гаргахыг хүлээж байгаа хүмүүст зориулаад, дуу гаргаж байна. Түүнээс биш би дуулах дуртай гээд гэр бүл, бизнесийн ажлаа хаяад явчихаж болохгүй. Харин дуулж, бүжиглэх хүсэл сонирхолтой, авьяастай хүүхдүүдийг эртнээс бэлддэг продюсер хийдэг компанитай болох мөрөөдөлтэй. Нөхөр маань ч мөн дэмжиж байгаа. Өдий зэрэгтэй сайн сайхан яваад маань урлагийн буян их.

-Эдийн засгийн хямралын үед бизнес рүү орж байгаа юм байна. Хямрал мэдрэгдэж байна уу?

-Импортын бараа учраас валютын ханш өсч байгаа нь их нөлөөлж байна. Гэхдээ хэцүү байна гээд яахав. Хэцүүг давна. Тууштай хөдөлмөрлөж байж үр шимийг нь хүртэнэ. Хямралтай байлаа гээд бууж өгч болохгүй. Бараа бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж болохгүй. Сууж байснаас явж байсан нь илүү үр дүнд хүрдэг учраас залхуурал гэдэг зүйлээс хол байвал болно.

 

 

Н.Ганчимэг