Ерөнхий сайд Улсын төсвийг “Авлигажсан” гэж нэрлэснээр олон хүний дургуйцэл, уур хоёрыг зэрэг төрүүлсэн өдрүүд үргэлжилж буй. Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүд Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн шүүмжлэл хэлсэн юм. Харин Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагдах яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын тайлбарласнаар, 2013 оны үндсэн чиглэл нэлээд онцлогтой байж. 2013 оны үндсэн чиглэлийг 2012 оны хаврын ээлжит чуулганаар баталсан бөгөөд түүний дараа шинэ Засгийн газар байгуулагдан шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн хооронд зарим нэг зөрүү гарсан хэмээн хэлж байлаа. Гэхдээ яамд тус бүр зорилго нэг арга хэмжээг хэрэгжүүлээд явж байгаа гэв. Ажлын гүйцэтгэлийн хувь бага байгаа мэт харагдаж байгаа ч оны төгсгөлд тайлан гардаг учир одоо харагдаж буй үзүүлэлтээр дүгнэх нь өрөөсгөл гэж хэлэх сайд ч байлаа.

2014 оны төсвийн төсөлд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын арга хэмжээг ирэх оны төсөвд шилжүүлэн тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Х.Даваа