Их Хурлаа хийж буй намд мэндчилгээ явуулах нь улс төрийн соёлын хувьд зайлшгүй үйлдэл, ёс заншил юм. Намууд энэ ёсоор үйлддэг боловч түүнд улс төрийн болон дипломатын тун олон ил далд санаа, утга агуулгыг илэрхийлж болдог.

МАН-ын XXYII Их Хуралд АН мэндчилгээ, МАХН илгээлт явуулжээ. Энэ нь “ёс мэдэхгүй” хүмүүст хамаагүй мэт боловч тун гүн гүнзгий учир утгатай байдаг. Үүнийг хамтдаа шинжлээд үзье…


Мэндчилгээ юу, илгээлт үү…


АН МАН-д мэндчилгээ явуулж. Энэ бол зүйд нийцнэ. Харин МАХН илгээлт явуулж. Харин энэ бол эргэлзээтэй. Илгээлтийг нэг системд буй, “дээр” нь байгаа, “дээд эрэмбийн” субъект голдуу явуулдаг. Энд статусын илүү дутуу “үнэлгээ”, “харьцаа” гарч ирдэг юм.
Өөрөөр хэлбэл АН МАН-ыг өөртэйгээ адил, эрх тэгш улс төрийн нам гэж үзэж байна. Энэ нь шударга хэрэг болно. Үүгээрээ АН өөрийгөө дорд үзсэн зүйл огт байхгүй.
Харин МАХН МАН-д илгээлт явуулснаараа түүнээс “дээгүүр” гэдгээ илт нотолж байна.


МАН-ыг юу гэж үзэв ?


Эдгээр баримт бичигт МАН-ыг юу гэж тодорхойлсон нь хамгийн сонирхолтой.
АН “улс орны хөгжил дэвшлийн түүхэн цаг үеүдэд үргэлж манлайлан удирдаж явсан, Монголын улс төрийн ууган нам” гэж МАН-ыг тодорхойлжээ. Энэ бол түүхэн болон шинжлэх ухааны үнэн юм. Үүнийг хэлснээр АН-ын нэр хүнд дордохгүй харин ч дээшлэнэ. Тэд “1990 оноос хойш манай 2 нам” гэсэн хүний дургүй хүргэх “тэнэг үгээ” хэлээгүй байна. Тэдэнд МАН-ын Их Хурал дээр заавал ингэж зүтгэх хэрэг байхгүй. Мэдээж өөр газар өөр хэлэх үг тэдэнд зөндөө байгаа нь эргэлзээгүй.


Гэтэл МАХН “Монголын улс төрийн хүчний нэг” гэсэн хачин эвгүй тодорхойлолт өгч байна. Энд буруу зүйл байхгүй боловч илт доромж Н.Энхбаярын өнгө аяс байгаа юм.


АН МАХН-ын Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн байхад МАХН ердөө л баяр хүргэв. Ялгаа байгаа биз. МАХН баяр хүргээд “доош” нь хийж байна.
АН-ын мэндчилгээ эн тэнцүү хоёр намын улс төрийн ёс суртахуун, зан үйл, улс төрийн дипломатын аятайхан баримт болсон бол МАХН-ын “илгээлт” бол улс төрийн өдөөн хатгалга болсон байна.

Үүнийг нотлоход амархан:
Яагаад гэвэл МАХН эхлээд түүхэн сургамжийн “хичээл” зааж байна: “Улс орны…туулсан замын алдаа оноо, туршлага сургамж бүхэн МАХН, МАН-тай салшгүй холбоотой”,”манай хоёр нам…нэгэн иш үндэстэй” гэх мэт. Энэ “хичээл” 3 догол мөр үргэлжилж байна.
Тэгээд “Парламентын болон бусад үйл ажиллагааны хүрээнд манай хоёр нам хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хамтарч ажиллана гэдэгт найдаж байна” гэж уриалж байна.


Чингэхдээ МАХН дараах асуудлыг “онцлон” дурдаж байна: 1. Та нар “өнөөгийн парламентад сөрөг хүчин” гэж дурдаж байна. Баярын илгээлтэд ингэж “жижгээр нь дуудна” гэдэг бол их “бөх зүрхтэй” хүний ажил юм. 2. Асуудлаа “шинэчлэлийн хүрээнд” шийдээрэй гэж байна. “Шинэчлэлийн хүрээ” гэдгээ МАХН ч өөрөө ойлгохгүй нь мэдээжийн хэрэг. 3. “Нийгмийн хүлээлт, сэтгэл зүйд нийцсэн” шийдвэр гарга гэж байна. Өөрөөр хэлбэл МАХН-тай ирж нийл гэж байна.


Би мөн ч олон жил, мөн ч олон ил далд санаатай мэндчилгээ үзэж уншиж явлаа. Ийм улаан цагаандаа гарсан “баярын илгээлт” ёстой мэдэхгүй л юм байна. Тэгээд л харьцуулсан анализыг олон түмэнд хүргэж байгаа юм.


Манай олон нийт улс төрийн баримт бичгийн нарийн ширийн үг хэллэгийг даанч тоохгүй нь “сайхан”. Их хурлын ч юмуу, ямар нэг баярын мэндчилгээг уншдаг хүн нүдний гэм биз. Гэхдээ энд чинь ч гэсэн улс төрийн тэмцэл явагдаж л байдаг юм ш дээ…


Судлаач Х.Д.Ганхуяг