Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжиллээ.  Шүүхийн шийдвэрийг өнөөдөр 10.00 цагаас уншиж танилцуулахаар болов. Төрийн нууцад хамааралтай хэрэг яригдах тул  хаалттай хэлэлцсэн байдаг.  Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн дуудагдан мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм. Гэвч гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэж буй. Хэвлэлээр бичигдсэнээр н.Давааням, Г.Чулуунбат нар оролцсон юм. н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн гэдэг. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл цацагдсан. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.

Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм. 

Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн. 

Харин Б.Содномдаржаа болон Т.Чимэгээ нар шүүх хурлын сүүлийн шатанд буюу шүүгдэгчид үг хэлэх мөчид энэ хэрэгт хэлмэгдсэн, гүтгүүлсэн гэдгээ хэлжээ. 

Бид шүүх хурлаар хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх болно.