Өнөөдөр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч олондоо Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг толилуулах юм.

Тус дуурь нь  хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй 2005 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулснаар анх тайзнаа тоглож байсан түүхтэй.

"Чингис хаан" дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар АЗ  Ч.Гунгаасүх, удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх,  Туслах найруулагч СТА  Е.Сарантуяа нар ажилласан байна.  Тус дуурийн дүрүүдэд Тэмүүжинд СТА Э.Бумхүү, Өүлэн эхэд СТА М.Дариймаа, Бөртэ үжинд СТА Ш.Наранчимэг,  Жамухад Г.Шижирболд, Ван ханд Ж.Бямбажав, Хасарт  СТА Ч.Түмэндэмбэрэл, Хуагчинд СТА Р.Доржхорлоо, Сорхан шард Б.Алтанхуяг нар тоглоно. Түүнчлэн хөөмийч, найрал дуучид, балетын жүжигчид оролцон тогложээ. Хөгжмийг симфони найрал хөгжим хөгжимдөх аж.

Бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол улсаа сэргээн мандуулж, их Монгол улс тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис /бага насны нэр-Тэмүүжин/ хаан 1171 оноос Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн. 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлэх энэ дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн юм.

УДБЭТ нь тус дуурийг Монголын сонгодог урлагийн үндэсний брэнд  болгох зорилготой ажиллаж буй. “Чингис хаан” дуурь өнөөдөр 17.00 цагаас УДБЭТ-ын алтан тайзнаа эгшиглэнэ.

Д.Ана