Сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжсөн салбаруудын нэг бол яах арга үгүй барилгын салбар билээ. Социализмын үед орос барилгачдаар хэд хэдэн орон сууц сүндэрлүүлэн III, IV хороолол, Сансар орчмын хорооллоо сүндэрлүүлсэн бол хятад барилгачдаар Улсын цирк, Улсын их дэлгүүр зэргээ бариулснаас өөр гавьтай бүтээн байгуулалт байгаагүй билээ. 

Харин сүүлийн 10 жилийн хугацаанд энэ салбарт нааштай олон амжилт бий болсон гэдэгт хэн ч маргахгүй. Бид социализмын үеийн бүтээн байгуулалтаас хойш царцанги байдалд байсан барилгын салбарын хөгжлийг одоо харвал маш сайн гэж үнэлнэ. Үүнийгээ дагаад иргэдийн дунд орон сууцанд амьдрах хүсэл сонирхол ч их болсон. Харин Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн хөнгөлттэй зээл олгон иргэдээ тав тухтай орчинд амьдруулах болсон нь сайшаалтай. 

Гэтэл сайныг дагаад саар гэгчээр Ипотек хэмээх найман хувийн зээл иргэдээ эргээд дарамтанд оруулах сөрөг тал бий болж байгаа нь арилжааны банкуудаас үүдэлтэй гэж хувь хүн талаас би өөрийн дүгнэлтээ гаргаж байна. 

Учир юу гэвээс нэгэн иргэн 20 жилийн хугацаатай 55 сая төгрөгийн зээл банкнаас авч, байр авчээ. Гэтэл гурван жил 18 сая төгрөг банкинд төлсөн хэдий ч гурван сая гаруйтай л мөнгө тухайн иргэний үндсэн зээлээс хасагджээ. Банк өөрсдийнхөө эрсдлийг бодож сарын төлбөрийг ингэж шударга бусаар илт давуугаар авч бга нь энэ ядарсан, хөл дээрээ босох гэж зүдэрч яваа улсад яав ч тааршгүй зүйл. 500 гаруй мянган төгрөг төлөхөд үүний 400 гаруйг нь банк хүүндээ татаад явчихдаг ийм харамсалтай зүйлийг бид яагаад анзаарахгүй байна вэ. Энэ бол эмзэглэл, энэ бол нүдэн дээр шулж буй үзэгдэл биш гэж үү. 

Өөр бас сөрөг талаар хараад үзье л дээ. 

Одоо цагт хэн нэгэн 100 саяар байр авч байгаа бол 30 жилийн дараа энэ байр чинь балгас шахуу болж хувирна. Эвдэрч муудсан байрны төлөө 300 сая гаруй төгрөг зориулсан байна гэдгээ хөгширсөн хойноо л ухаарах уу. Сонсоход хэцүү, хатуу ч гэлээ арилжааны банкны шулсан тогтолцооны энэ байдалд иргэдэд ийм л байдлыг хэлж байна. 

Тухайн иргэн 100 гаруй саяар байр авсан ч, насаараа тэр байрныхаа боол шиг 30 жилээ зориулна. 30 жилийн хөрөнгө оруулалт чинь ийм юм болж хоцорсон байна. Монголд барьж буй зарим нэг барилгууд шинэ дээрээ гоё юм шиг гял цал харагдаж байгаа ч 10 жилийн дараа гаднах өнгө будаг нь ховхроод, бороо цасны аясыг даахгүй зэврээд, энд тэндээсээ сантехникийн асуудал гарч ус алдаад, дээврээсээ борооны усаа ч шүүх системээ алдаад, монголчууд юмаа ямар юмыг хэмнэж гамнаж өөд нь татаад байж чаддаг биш. Их засвар болохоороо мөнгөө гаргаад зохицуулчих хэмжээний сэтгэх тэнхээгүй мөнгөгүй оршин суугчид наад байраар чинь дүүрэн. Чиний 30 жилийн хөрөнгө оруулалт чинь ийм л болж хувирна гэж зарим нэг иргэд үнэн боловч хатуугаар хэлж байна. 

Энэ мэтээр зээл авсан иргэдэд арилжааны банкны зээлийн хүү үнэхээр хүндээр тусч байна. Иргэдээ орон суужцуулан тухтай орчинд амьдруулахыг үгүйсгээд байгаа хэрэг биш л дээ. Харин хүүгийн өндөр төлбөртэй гаж тогтолцоог хэрхэн халах вэ гэдэг дээр Эдийн засгийн салбарын мэргэжилтнүүд минь ухаан бодлоо уралдуулаач, шинэ санаа дэвшүүлээч гэдгийг уламжилмаар байна. 

Иргэдээ дулаан сайхан, тав тухтай орчинд амьдрахыг хэн хүнгүй л хүсч байгаа харин  хорь, гучин жил өвдөх ч эрхгүй, амарч чадахгүй зээлээ төлсөөр насыг барахад тун харамсалтай бус уу.