Саяхан даа, хэдхэн сарын өмнө сарын цалингаасаа илүү гарган байж “Самсунг-S5” утас авахаар Тэди төвийг зорив. Утас зардаг газар чамгүй олон ч ухаандаа Тэди албан ёсны борлуулагч гэж рекламддаг учраас арай чанартай байх болов уу гэж сэтгэсэн хэрэг.

Гэтэл бүтэн хоёр давхраар яваад ч шинэ утас олж чадсангүй. Ихэнх нь барьж байсан, эсвэл угсарсан утаснууд байх нь тэр. Цаг гаруй дээш доош явсаар арайхийн шинэ утас олж авлаа. Хайрцаг савнаас гарга нэг сарын баталгаа бичүүлсэн наймаа хийгээд гарлаа. Гэтэл маргааш нь өнөөх “шинэ” утасны маань тар танигдах нь тэр. Гадаа хүйтэнд бариад зогсоход дэлгэц нь тас хар болчихлоо. Гэрт орж ирээд жаахан суухаар цайрдаг утас байж таарлаа. Өнөөх утас авсан залуутайгаа холбогдож учир байдлаа хэлтэл баталгаат хугацаа дуусаагүй бол бид оношлоод өгье, аваад ир хэмээв. Ингээд шинэ утас маань хуучин, бүр болоогүй хэдэн хуучин утас нийлүүлж угсарсан гэдэг нь тодорхой боллоо.

Анх авахдаа харж аваагүй та нарын хохь хэмээн загнуулсаар арайхийн дахиад нэг “шинэ” утсаар солиулав. Мөнгөө авах хүсэлт гаргасан ч элдвээр доромжлуулаад бүтэх юм биш. Ингээд өөрсдийнх нь шинэ гэж нэрлэсэн утас барьсаар хөөгдөж гарсан би гэдэг хүн хэзээ л дэлгэц нь харлаж, эс бөгөөс унтрах бол хэмээн түгшсээр нэг сарын хугацаа өнгөрлөө.

За энэ удаад арай хулхидчихаагүй бололтой хэмээн тайвширч суутал баталгаат нэг сарын хугацаа өнгөрөөд хоёр хоноод л нөгөөх утас маань дэлгэц нь тас хар болчихов. Яаж ч оролдоод дэлгэц нь эргэж цайрсангүй. Ингээд дахиад л унаа тэрэг болсоор өнөөх утас авсан залуу руугаа давхилаа. Гэтэл биднээс өгсөн хугацаа дууссан учраас хүлээж авах боломжгүй, хэрвээ засуулахыг хүсвэл 120 мянган төгрөг нэмж өг гэдэг байгаа. Ингээд л хэрүүл эхэлж, зохион байгуулагчид хандсан ч баталгаат хугацаа чинь дууссан бол бид яалтай билээ.

 

Үргэлжлэлийг эндээс