Тэдний үе тэнгийнхэн дөнгөж дунд сургуулийн мэдээлэлтэй танилцаж байхад эдгээр гоц авъяастнууд Билл Гейтстэй хэдийнэ танилцчихсан, зарим нь хамтран ажилладаг...

Дэвшилтэт технологи, компьютерийн эрин зуунд манлайлагч болж чадсан бяцхан суутнуудыг танилцуулахад таатай байна. Эдгээр хүүхдийн зарим нь өдгөө нас биед хүрсэн ч тухайн үедээ гоц чадвараараа үеийнхнээсээ хол тасарч, дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан билээ.

Сухас Гопинат
Энэтхэгийн иргэн Сухас Гопинат нь 1986 онд төрсөн бөгөөд захирлуудын зөвлөлийн хамгийн залуухан дарга болж байсан. Тэрбээр 14 настайдаа coolhindustan.com сайтыг нээж, Globals Inc гэсэн хувийн IT компанийг байгуулж байжээ. Тиймдээ ч хамгийн залуу захирал,вэб сайт боловсруулагчаар тодорч байв. Өдгөө Сухасын фирм АНУ-ын Сан-Хосед бүртгэлтэй бөгөөд вэб сайт нээдэг нэр хүндтэй байгууллага болсон төдийгүй дунд сургууль болон бусад газрын программ хангамжийг хариуцдаг. Жижихэн хувийн компаниар ажлаа эхэлсэн бяцхан суутны ажил ахар богино хугацаанд алдаршиж, дэлхийн 11 оронд төлөөлөлтэй корпораци болтлоо “томорсон”. Госпинат 2008- 2009 онд “Дэлхийн шилдэг залуу лидер” өргөмжлөл хүртсэнээс гадна олон улсын олон шагналтай.
 



Аарон Шварц

 Компьютерийн суутан Аарон /1986-2013/ бүр багаасаа программ хангамж судалж эхэлжээ. Тиймдээ ч 14 насандаа мэдээллийн эх сурвалжийн RSS тусгай эрхийн эзэмшигч болж байв. Тэрээр мэдээллийн эрх чөлөөний төлөө тэмцэгч байсан агаад интернэтийн эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэгч Demand Progress бүлэглэлийг тэргүүлж, хувийн блогтоо тэмцлийн аян өрнүүлдэг байжээ. Гэвч 2013 оны нэгдүгээр сарын 13- нд Нью-Йорк дахь гэртээ дүүжилсэн байдалтай насан эцэнслэсэн байна. Залуухан суутны үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй.



 Арфа Карим Рандхава
Пакистан гаралтай Арфа Карим /1995-2012/ нь 2004 онд есөн настайдаа Microsoft компанийн хамгийн залуу мэргэжилтэн болж байв. Тэрээр компанийн төв байранд уригдан ирж Билл Гейтстэй уулзсаныхаа дараа Пакистан төдийгүй дэлхий дахинаа алдаршсан юм. Арфа хэдэн жилийн туршид дэлхийн олон оронд зохиогдож байсан технологийн хурал, чуулганд улсынхаа нэрийг мандуулсаар иржээ. Гэвч 2011 оны сүүлээр Арфагийн бие гэнэт муудаж, мэдрэлийн гаралтай татаж унах өвчин туссан байна. Арфагийн эрүүл мэндэд Билл Гейтс ихэд санаа тавьж, олон улсын шилдэг эмч нараар баг бүрдүүлэн өвчнөөс ангижруулахыг хүссэн боловч охиныг аварч чадаагүй юм. Бяцхан суут охин 16-хан насандаа хорвоог орхисон юм.

 

Бабар Икбал

Пакистаны бяцхан суутан Бабар 1997 онд төрсөн бөгөөд таван настайдаа программ зохиож эхэлсэн бол есөн настайдаа Microsoft компанийн тусгай үнэмлэхтэй мэргэжилтэн болжээ. Бабар нь өндөр технологийн салбартаа мэргшсэн авъяастан юм. Өдгөө тэрбээр Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо амьдардаг.

 Марко Каласан
Македонийн харъяат хүү 2000 онд төрсөн. Найман настайдаа Microsoft компанийн системийн удирдагч болж, есөн настайдаа хамгийн залуу системийн инженер болсон байна. Марко онцгой хүүхэд болох нь төрсөн цагаасаа илэрчээ. Дөнгөж хоёр настайдаа уншиж, бичиж сурсан төдийгүй компьютер сонирхож эхэлсэн байна. Түүнд Microsoft компаниас олгосон дөрвөн гэрчилгээ бий. Тэрээр Windows 7–ийн засварын системийн номын зохиогч. Түүнд 15 компьютер бүхий хувийн лаборатори байдаг бөгөөд өдөрт 4-10 цагийг тогтмол компьютерийн ард өнгөрүүлдэг гэнэ.


 

 Пранав Кальян

Энэтхэг гаралтай америк хүү өдгөө есөн настай ч өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр ASP.NET Framework 3.5–ийн шалгалтыг амжилттай өгчээ. Тиймдээ ч Microsoft компанийн залуу мэргэжилтнүүдийн нэг болж чаджээ. Пранав бага байхын хүүхдийн элдэв тоглоомонд сонирхолгүй компьютерийг илүүд үздэг байж. Зургаан нас хүрэх үедээ программ зохиож эхэлсэн байна. Тэрээр математикт дуртай бөгөөд ирээдүйд эрдэмтэн болох хүсэлтэй гэнэ.

Шафай Тобани
Microsoft -ийн бас нэгэн бяцхан мэргэжилтэн Шабай 2004 онд мэндэлжээ. Тус компанид ажиллах эрхийн гэрчилгээгээ найман насандаа хүлээн авсан байна. Түүний эцэг Пакистаны Thobson Technologies нэртэй IT компанийн удирдагчаар ажилладаг нь хүүд нөлөөлж, багаасаа компьютерийн болон өндөр технологийн аргуудыг эзэмшсэн байна. Шабай дөрвөн насандаа компьютерийг төгс эзэмшсэн бөгөөд долоон настайдаа Microsoft –ийн шалгалтад бэлтгэж эхэлжээ. Тэрээр бусад суут хүүхдүүдийг бодвол хавьгүй хүнд өдрийн дэглэмтэй гэж болно. Өглөө бүр зургаан цагт босдог тэрээр сургуульдаа явсны дараа орой болтол аавынхаа ажилд тусалдаг байна.

Ц.МӨНХ