Улсын төсвийн хуулинд засвар хийсэн гэх дуулиан дэгдээд байгаа билээ. Энэхүү өөрчлөлтийг гярхай нэгэн гишүүн анх олж харсан юм.

Улсын төсөвт засвар хийсэн гэх мэдэгдлийг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд: "ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн заалтыг мөрдүүлэх нь Ардын намын бүлгээс баримталсан гол байр суурь байсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад манай намын бүлгийн байр суурь баталгаажиж, Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг буцаасан. Гэтэл төсвийн эцсийн найруулга явагдах үеэр санаатай, санамсаргүй мэдэхгүй юм, өрийн хэмжээг 60 хувиас ихгүй байна гэж алх цохиулсан байна. Энэ бол маш ноцтой асуудал. Тамгын газар алдаа гаргав уу, эсвэл УИХ-ын удирдлагын зүгээс ийм зүйл хийв үү. Үүнийг тодруулах хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-аар хэлэлцэгдээд унасан байхад яагаад 60 хувь гэсэн тоотойгоор эцсийн найруулгыг хийчихэв. Буруутай албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой. Хэрэв хууль засах ажлыг хэн нэгэн хүн хийсэн бол ямар хариуцлага хүлээдгийг бид бүгдээрээ мэднэ” гэж хийж байсан.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: “гурван сарын” настай ирэх оны төсвийн тухай хууль хэмээн тодотгосон юм.

Ийнхүү улсын төсөвт "дур мэдэн өөрчлөлт"-ийг хийсэн хүнээр З.Энхболд хамгийн түрүүнд сэжиглэгдэж эхэллээ. МАН-йн бүлгийнхний үзэж байгаагаар бол ийм том өөрчлөлтийг зүгээр нэг УИХ-ын гишүүн, тамгын газрын ажилтан хийх боломжгүй гэнэ. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд л энэ өөрчлөлтийг хийсэн байх магадлалтай гэж хардаж буй бололтой.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн найруулгад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэж УИХ-аар баталсан тухай юм. МАН-ын гишүүд ч уг асуудлыг бүлэг дээрээ ярилцаад гар өргөжээ. Хамгийн сонин нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэсэн заалтыг “60 хувиас хэтрүүлэхгүй” хэмээн өөрчилчихжээ. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 20 хувиар нэмсэн нь нилээд том ашиг сонирхол байгаагийн илрэл гэмээр.

Одоогоос зургаан жилийн өмнө Ц.Нямдорж УИХ-аар батлагдсан хуулийг зассан нь баригдаж ихээхэн дуулианы эзэн болсон. Эцэст нь тэрбээр УИХ-ын даргын өндөр сэнтийнээсээ огцорч байсан удаатай. Түүний хийсэн өөрчлөлт маш жижиг засвараас болж өвдөг шороодож байсан юм. харин түүний засварын дэргэд энэ удаагийн засвар том толгойлсон засвар.

Бүхэл бүтэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийг 20 хувиар нэмнэ гэдэг бол нэлээд зүрх зориг гаргаж байгаа асуудал. Үүнээс үүдэн харахад томоохон ашиг сонирхол байгаа бололтойдог шүү. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол энэхүү сонирхол нь гаднаас дахин өр зээл авахад чиглэгдэж, түүнийгээ хуулиар хамгаалах гэсэн арга аж. Тэгэхээр хуулийн энэ заалтыг ашиглан гаднаас том зээл авахад зориулагдана гэж тодорхойлсон юм байлгүй.

МАН-ын бүлэг ирэх жил гаднаас зээл авахгүй өөрсдийн боломжоор эх орноо хөгжүүлэх гарцыг хайх хэрэгтэй гэж мэдэгдээд байгаа. Харин АН-ынхан дахин бонд гаргахыг санал болгож эхэлсэн. Энэхүү тэдний зөрчил дунд ирэх оны төсвийн хуульд гар хүрчээ гэж хэлж болохоор байна.

Х.Даваа