Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО) дэлхийн агаарын тээвэрлэгчдийн холбоо (ИАТА) зэрэг байгууллагуудаас Монголын болон бусад улсын авиакомпаниудад хяналт, шалгалт хийж, “Хүннү Эйр” ХХК-д “D” үнэлгээ өгч, тус компани хар жагсаалтад орсон талаар хэвлэлүүд мэдээлж буй. Энэ талаар “Хүннү эйр” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяртай уулзаж ярилцлаа.

-Олон улсын иргэний нисэхийн байгууллагууд “Хүннү Эйр” ХХК-ийг хар жагсаалтад оруулсан гэх мэдээлэл олон нийтэд түгсэн. Агаарын тээвэрлэгч тоотой хэдэн компанийн нэг нь ийм мэдээ дуулгахаар иргэдэд болгоомжлох сэтгэл төрж байна л даа?

- Ийм жагсаалтыг дэлхийн иргэний нисэхийн хоёр том байгууллага гаргадаг. Нэг нь АНУ-ын Холбооны нисэхийг удирдах газар, нөгөөх нь Европын Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны агентлаг. Европын холбоо агаарын тээвэрлэгч компаниудыг нэрлэдэг бол АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар улс орноор нь нэрлэж, жагсаалтаа гаргаж, албан ёсоор гурван сар тутамд шинэчилдэг, Европын холбооны албан ёсны сэтгүүлд (Official Journal of the European Union)-д нийтэлдэг л дээ. Одоогоор Европын Холбооны энэ жагсаалтад 289 агаарын тээвэрлэгч, АНУ-ын Холбооны Нисэхийн удирдах газрынхад 22 улс бүртгэгдсэн байна. Тэдний дунд Монголын компани бүртгэгдээгүйг (http:\ec.europa.eu ransportmodesairsafetyair-banindex_en.htm) вэб сайт руу ороод харж болно.

-Танай компанид болон Монголын бусад агаарын тээвэрлэгчдэд НҮБ ямар нэгэн шалгалт хийсэн үү?

- Манай компанийн үйл ажиллагаа эхэлснээс хойш НҮБ ямар нэгэн үзлэг, шалгалт хийгээгүй. Тийм учраас хар жагсаалтад “Хүннү Эйр” компани ороогүй гэдгийг үйлчлүүлэгч, зорчигчдодоо бид хариуцлагатай мэдэгдэх ёстой. Энэ бол манай компанийн бизнесийн нэр хүндэд санаатайгаар халдаж байгаа явдал. Тиймээс энэ мэт ташаа мэдээлэл дахин цацагдвал бид бизнесийн нэр хүнд, нийт ажиллагсдынхаа эрх ашгийг хамгаалж холбогдох байгууллагаар шалгуулна гэж бодож байна. Манай улсын Иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагаанд ИКАО 2011 онд шалгалт оруулсан. Энэ шалгалтаар Монгол Улс аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг Азийн эхний таван улсын нэгд багтсан. Хүмүүс ойлгох хэрэгтэй, энэ бол манай иргэний нисэхийн салбарын үнэлгээ, иргэний нисэхийн өрсөлдөх талбар жижиг ч гэсэн аюулгүй ажиллагааны хяналт сайн гэдгийг харуулсан явдал шүү.

-Танай компани АНУ-ын Холбооны нисэхийг удирдах газар болон Европын Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны агентлагт ийм ташаа мэдээлэл цацагдсан тухай мэдэгдсэн үү. Тэдгээр байгууллагатай солилцсон мэдээлэл нь үүсээд байгаа эргэлзээг тайлахад чухал үүрэг гүйцэтгэх байх л даа?

- Яагаад манай компанийн нэр энэ жагсаалтад явж байна вэ, бид ямар алдаа гаргасан бэ гэдэг талаар НҮБ-тай бид мэдээлэл солилцсон. НҮБ-аас “Байгуулагдаад удаагүй авиакомпаниуд бүгд гараагаа “D” буюу хамгийн доод зэрэглэлийн ангиллаас эхэлдэг. Тодорхой хугацааны дараа ангилал ахидаг, энэ газраас нууцын зэрэглэлтэй, дотоод хэрэглээний материал ил болсонд харамсаж байна. Одоо танай компани “С” зэрэглэлд орж, НҮБ-ын ажилтнууд танай онгоцоор зорчих боломж нээгдсэн. Харин дотоод хэрэглээний материал учраас албан ёсоор авиакомпаниудын жагсаалтыг бид танай талд өгөх боломжгүй нь” гэсэн хариу өгсөн. Аюулгүй ажиллагаа гэдэг бол агаарын тээврийн компаниудын хувьд өрсөлдөөн биш заавал дагаж мөрдөж, үйл ажиллагаандаа хэвшүүлэх ёстой стандарт. Авиакомпаниуд үнийн бодлого, үйлчилгээ, чиглэл, цагийн хуваариар өрсөлдөх ёстой болохоос бие биенээ гүтгэсэн хар мэдээллээр өрсөлддөггүй юм.

-“Хүннү Эйр” компани хар жагсаалттай холбоотой мэдээллийг өрсөлдөгчдийн зүгээс тараасан зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаа юм уу?

- Бид нисэхийн салбарынхан. Бидний ажил тэнгэрт ойрхон. Нэгнийхээ талаар муу цуурхал дэгдээхгүй, “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг үгэнд хатуу итгэдэг. Аль нэг компанийн онгоц саатаж, доголдвол өөрийнх юм шиг хүлээн авч, манай агаарын хөлөг ямар байна, судлаарай шалгаарай гэж, нөгөө хэддээ туслах юм гарвал туслаад суух учиртай хүмүүс. Энэ бол компанийн соёл, аюулгүй ажиллагааны соёлын нэг хэлбэр. Нөгөө талаар авиакомпаниудын нэр сэвтэхэд иргэд “Энэ бол “МИАТ”, “Изинес эйрвэйз”, эсвэл “Хүннү эйр”-ийн буруу, “Аэромонголиа” компанийн зөв гэдэг ч юм уу, ингэж салгаж, ялгаж хүлээж авдаггүй. Зорчигчид нийтээр нь дүгнээд, агаарын тээврийг биш авто тээврийг сонгодог. Ингээд агаарын тээвэр эцэстээ хохирдог. Үүнийг зарим хүн ойлгохгүй байх шиг байна. Уг нь бид эрүүл саруул өрсөлдөх ёстой. Энэ өрсөлдөөнөөс ард түмэн, зорчигчид хожиж, үйлчилгээ сайжирч, Монголын иргэний нисэхийн салбар хөгжих юм.

-Монголд агаарын тээврийн зах зээл бага. Олон компанийн хэрэг байна уу гэсэн асуулт гардаг. Энэ талаар Таны байр суурийг сонсъё?

- Агаарын тээврийн бизнес их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг хэрнээ урт хугацааны дараа маш бага ашиг олдог амаргүй бизнес. Төрийн өмчийн МИАТ компани 50, 60 жилийн түүхтэй ч сүүлийн 20 жил байнга л алдаж байгааг бүгд мэднэ. Энэ бага ашгийн төлөө олон жил алдагдалтай ажиллах ёстой болдог. Тийм учраас энэ салбарт хөрөнгийн чадвар сайтай компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жишээн дээр ярья. Орон нутгийн нислэгийн зах зээлд өнөөдөр гурван компани голлон өрсөлдөж байна. Зах зээл бол бий. Цагтаа жилд 800 мянган зорчигч тээвэрлэдэг байсан энэ зах зээл 100 мянга хүртлээ унасан. Орон нутгийн зах зээлийг “Аэромонголиа”, “Изинес” гэсэн хоёр компани эзэлж, 2010 он гэхэд Ховд руу 700 гаруй мянган төгрөгөөр нисдэг байсан шүү дээ. Тариф асар өндөр болсон. Ийм зах зээлд “Хүннү эйр” үйл ажиллагаагаа эхэлж, өндөр тарифтай салбарын үнийг нь буулгасан. Ерөнхийдөө улирлын чанартай, зундаа хэдэн жуулчинтай, өвөл зорчигч урсгал багасдаг, ард түмэн онгоцноос бууж, пүүс компани, томилолтоор яваа төрийн байгууллагын ажилтан, гадаадын хэдэн жуулчдад үйлчилгээ үзүүлдэг байсан энэ салбарт манай компани орж ирж, өндөр тарифийг 30 гаруй хувиар буруулсан. Нислэгийн тариф буурч эхэлмэгц авиакомпаниуд өндөр тарифаа буулгаж, дор дороо хичээж, их зардал гаргахгүй, нислэгийн давтамжуудаа тогтвортой барьж, үйлчилгээгээ сайжруулж, зорчигчоо алдахгүйн төлөө ажиллаад эхэлсэн.

Манай компани нислэг үйлдэж эхэлсний дараа 2011 онд дотоодын зорчигч урсгал 30 орчим хувь өссөн. Өнгөрсөн онд дотоодын зорчигч урсгал 1.2 сая болсон. Энэ жил уул уурхайн нислэгүүд буурсан учраас нэг сая зорчигч тээвэрлэсэн үзүүлэлт гарах юм шиг байна. Агаарын тээврийн компаниудын өрсөлдөөний хүчээр хэрэглэгч хожиж байгаа нь энэ. “Хүннү эйр” өнөөдөр Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод гэсэн орон нутгийн долоон чиглэлд тогтмол нислэг хийж байна. Саяхан ИНЕГ-аас урьдчилж гаргасан өвлийн нислэгийн цагийн хуваарийг авч харлаа. Уул уурхайн компаниудын захиалгат нислэгээс гадна орон нутгийн чиглэлүүдэд долоо хоногт нийт 46 нислэг хийж байгаа бол үүний 23 буюу талыг нь “Хүннү эйр” компани хийж байгаа. Эндээс хэн нь ашиг хэт хөөж, хэн нь ард түмэнд үйлчилж байгааг харж болох байх гэж бодож байна.

-Танай компанийн хувьд байгуулагдаад удаагүй хэрнээ нислэгийн чиглэл ч юм уу бусад асуудалд өрсөлдөгчдөөсөө давуу эрх эдэлдэг юм шиг санагддаг. Үүнээс болж анхаарлын төвд өртөөд байдаг юм биш үү?

- Манай компани үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад, дотоод нислэгийн шинэ чиглэл нээх, агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд хүргэх, иргэдэд хүртээмжтэй, аюулгүй байдлыг хангасан, хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээг хүргэхээр хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Бид эрүүлээр өрсөлдөж чадвал хамтдаа хожиж, хамтдаа өснө гэсэн зарчимтай. Манай компанийг давуу эрх эдлээд байна гэж хардаж болохгүй байх. Манай компани одоогоор Хонконг руу шууд нислэг хийж байна. Энэ нислэгийг эхэлмэгц “Хүннү эйр” МИАТ-тай өрсөлдөж байна гэсэн яриа гарсан. Уг нь нэг чиглэлд хоёр авиакомпани нисвэл тогтоосон тодорхой хэмжээний монополь, асар өндөр тарифийг мөрдөхгүй, сонголт бий болж, өрсөлдөөнөөс зорчигчид л хожих болно. Төрийн бодлогыг шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ хэрвээ төр монополиос сэрэмжилж байгаа бол ийм чөлөөт өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Мөн бид эмнэлэг чиглэсэн зорчигч урсгалыг татах зорилгоор Бангкок руу шууд нислэг нээсэн. Өнөөдөр хангалттай зорчигч урсгал байхгүй байгаа ч Сөүл, Бээжин, Хонконгоор дамжин явдаг байсан эмнэлэг чиглэсэн зорчигчдыг татсан шинэ зах зээл үүсгэлээ. Өнөөдөр компанийн үйл ажиллагаа өргөжиж байна. Гэвч энэ мэт ташаа мэдээлэл тарж байгаа нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Тийм учраас ямар нэгэн мэдээлэл авсан бол эх сурвалжаас нь тодруулж байхыг учир мэдэх хүмүүст захимаар байна.

 

Д.ОТГОНЖАРГАЛ