Эргэн нэгдсэн Freezone хамтлагийн “Хотын хэмнэл” тоглолт энэ бямба гаригт УБ Паласын их танхимд ганцхан удаа болох гэж байгаа. Тоглолт дөхөх тусам Freezone-ий дуунд дуртай, нандин дурсамж нь холбоотой хэн бүхэн сэтгэл догдлон хүлээж байна. Freezonegroup фейсбүүк хуудас ч идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд нэгэн бяцхан уралдаан өрнөж байгаа нь “Өвлийн шөнө”, “Намрын дурсамж” дууны ард явах клипэнд ханьтайгаа, хайрттайгаа авахуулсан зургаа мөнхлүүлэх аж. Одоогоор 200 орчим хос зургаа илгээгээд байгаа гэнэ. Өнөөдөр дүгнэх энэхүү бяцхан уралдаанд хамгийн олон лайк авсан зургуудыг клипэнд мөнхжүүлж, DVD-нд оруулна гэсэн.

Фейсбүүкээр дамжуулан фенүүд нь “Танай дууг сонсохоор 10 жилийнхнээ маш их санаж байна”, “Танай дууг сонсох дуртай. Эргэн нэгдсэнд баяртай байна”, “Танай дуунуудыг сонссон сэтгэлгэгэлзээд, хуучны сайхан дурсамжууд сэргээд сайхан байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байгаа аж.

Тэдэн дундаас бүтээгүй хайраа дамжуулж өгөхийг хүссэн нэгэн хүсэлт ирсэн нь хамтлагийнхныг гайхшруулжээ. Утгыг сийрүүлвээс “Хоёр жилийн турш хамт байсан боловч би хайртай гэж хэлж чадаагүй байсаар түүнийгээ алдчихсан. Гурван сараас хойш бараг өдөр бүр уйлдаг. Ганц удаа ч гэсэн хайртай гэж хэлэхгүй яав даа. Тоглолтон дээрээ Тайванаад гэж хэлээд л дуулж өгөөч” хэмээн нэгэн фен нь аминчлан гуйжээ.

Энэхүү хүсэлтийг Freezone-ийнхон биелүүлэх болов уу?