Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлтэй 240 гаруй интернет кафе, цахим тоглоомийн газар бий. Эдгээр тоглоомын газрууд хууль зөрчин үйл ажиллагаа явуулснаас үүдэн бага насны хүүхэд гэмт хэрэгтэн болох эсвэл мэдрэлийн ядаргаанд орж байна.

Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийн хараа хяналт сул байдгаас болж хүүхдүүд цахим тоглоомын газарт өдрийг өнгөрүүлж байгаа.  Эцэг эхчүүдийн өдөр сургууль дээрээ хоол авч идээрэй гэсэн мөнгөөр нь  интернэт кафед тоглож байгаа. Харин зарим нь нэгнээсээ зээлээд тоглож байгаа нь нууц биш.

Цахим тоглоомын газрууд бага насны хүүхдийг тоглуулахдаа тодорхой цензурьтэй байх учиртай. Тухайлбал 9 хүртэлх насны хүүхэд огт үйлчилж болохгүй. Харин 9-16 насны хүүхдийг өдөрт 2 цагаас илүү хугацаанд тоглуулахгүй байх шаардлага тавигддаг. Энэ нь бага насны хүүхдийн тархи бие махбоди хүлээж авах ачааллын дээд хэмжээ. Гэвч бодит байдал дээр орлогоо бодсон тоглоомын газрууд бага насны хүүхдүүдийг хорлосоор байна.

Цахим тоглоомын газрууд 23 цаг хүртэл ажлаад хаах ёстой. Гэхдээ 9-16 хүртэлх насны хүүхдүүдийг зуны улиралд 20 цаг хүртэл, өвлийн цагт 18 цаг хүртэл тоглуулж болно. Энэ нь бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалсан зохицуулалт. Гэсэн ч энэ журам бас хэрэгждэггүй.

2012-2015 он хүртэл дунджаар 30 орчим өвчтөн эмчлүүлсэн бол 2016 онд 68 хүн тоглоомонд донтож эмчилгээ хийлгэсэн. Өнөөдрийн байдлаар сэтгэцийн эрүүл мэндийн төвд бага насны нэг хүүхэд эмчилгээ хийлгэж байна гэж мэдээллэв. Донтож эхэлсэн хүүхдүүд хулгай дээрэм хийх зэрэг гэмт хэрэг үйлдэж эхэлдэг нь эрсдэл дагуулж байна.

Орлогоо бодож хүүхдүүдийг хорлож байгаа тоглоомын газруудыг 20 мянган төгрөгөөр торгодог байсан. Харин одоо зөрчлийн хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгодог болжээ.

Тиймээс сургуулийн орчинд эргүүл хйиж байгаа эцэг эхчүүд цахим тоглоомын газруудаар эргж тойрч, хүүхдүүдийг гаргаж байх шаардлагатай байна. Үүнийг мөн сургуулийн захиргаанаас  school police хийж байгаа эцэг эхчүүдэд үүрэг болгож хэвшүүлэх шаардлагатай байна.