Урлагийн бурхад чуулсан их өргөө хэмээгддэг УДЭТ-ыг зорин зорьсоор хүрч очоод, гоо үзэсгэлэн, авъяас билэгийн төгс нэгдэл болсон МУСТА, жүжигчин Д.Ганцэцэгтэй уулзаж ярилцсан юм.

Ийнхүү ярилцах болсон учир хэмээвээс жил бүрийн олон улсын театрын өдрөөр драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа. Уг наадамд  энэ жилээс эхлэн нэг хүний жүжгийн төрөл нэмэгдсэн бөгөөд тус номинацид “Бурханд илгээх захидал” моно драмын жүжгээрээ тэрээр нэр дэвшиж байгаа билээ.   

 

- Юуны өмнө бидний ярилцах урилгыг хүлээн авсан танд талархаж буйгаа илэрхийлээд нийт уншигчдынхаа өмнөөс энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.

 

-За баярлалаа, би сайтад төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй л дээ. Учир нь ярилцлагын доор худал үнэн сэтгэгдэл бичигддэг болохоор таатай бус санагддаг юм. Гэхдээ танай сайт нэрнээсээ эхлээд л URLAG.mn, Таныг урлагийн тэнгэр ивээх болтугай гэсэн уриатай болохоор уншигчид нь урлагийн өндөр мэдрэмжтэй, их оюунлаг хүмүүс байдаг  байх гэж бодоод ярилцах урилгыг дуртайяаа хүлээн авсан юм. Ингээд бидний ярилцлагыг уншин суугаа нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэж ярилцлагаа эхлүүлье дээ.

 

- Баярлалаа, таны уран бүтээлийн гараа хэрхэн эхэлсэн талаар яриагаа эхлүүлцгээе.

 

-Би есдүгээр ангид байхдаа Монголын хүүхдийн ордонд Дамдинхүүгийн Саранхүү багшийн удирдлага нь дор драмын дугуйланд явдаг байсан юм. Тэнд сурч байхдаа бид Саранхүү багшийн зохиолоор “Амьдрал аварсан хайр” хүүхдийн жүжийг тавьж байсан юм. Тус жүжигт одоо “Universe best songs” наадмыг хөтлөж буй Анууш буюу Э.Гантулгатай хамтран гол дүрд нь тоглож байлаа. Яг биднийг 10-н жилээ төгсөх тэр үед хүүхдүүд гэрээсээ зугтаж гадуур амьдрах нь ихсэж байсан үед тус жүжиг маань тоглогдож, үзсэн хүүхдүүдэд их ухаарал өгдөг жүжиг байсан санагддаг юм. Мөн тус жүжгийн дууг Номинталст хамтлагийн дуучин А.Хаянхярваа буюу Хаянаа дуулсан юм. Тэр үед манай хүүхдийн ордонд явдаг байсан юм. Тэгээд арван жилээ төгсөөд 1996 онд СУИС-д МУУГЗ Л.Лхасүрэн багшийнхаа удирдлага нь дор элсэн орж байлаа. Багшийг маань монголын ард түмэн “Гарын таван хуруу” киноны  Шагдарын дүрээр нь андахгүй мэддэг байх. Үнэхээр ч сайн багш учир нь олон сайхан шавь нар нь урлагийн алтан тайзнаа гялалзаж явдаг юм. Яг нэг ангийн шавь нар буюу Өлзийхүү, Дэмидбаатар, Оюундарь,  Мягмаржав, Ганхуяаг нар байгаа. Түүнчлэн Маск продакшны Мөнхсайхан, Шинэ үеийн Ундармаа гээд л олон сайхан ах эгч нар маань бүгд л багшийн маань шавь.

 

Тэгээд бид нар дипломынхоо жүжгийг Шекспирийн “Эндүүрлийн паян” гээд инээдмийн жүжгээр тавьж байлаа. Тус жүжигт би эрэгтэй хүний дүрээр гол дүрд нь тоглож байлаа,  Мөн Жаргалсайхны “Адам ева” хоёр гээд жүжгийн Евагийн дүрд тоглож байлаа. Түүнчлэн багшийнхаа зохиолоор “Зүггүй шөмбөөлэй” гээд жүжгийн Багаадай гээд гол дүрийг нь бүтээж байсан юм. Ийнхүү би одоог хүртэл Л.Лхасүрэн багшийгаа ихэд хүндэтгэж явдаг даа.

Мөн жүжигчний урлаг гэдэг бол Бие, Хэл, Сэтгэхүйн урлаг болохоор хэл маш чухал байдаг. Энэ утгаараа бидэнд тайзны яриа гэдэг хичээлийг МУГЖ. Л.Чаминчулуун, МУГЖ Мягмар багш нар маань ордог байлаа.

 

Түүнчлэн дипломын ажлыг удирдсан багш, тухайн үед УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан Ардын жүжигчин, МУУГЗ Б.Мөнхдорж найруулагч байгаа юм. Тэгээд би СУИС-ыг төгсчөөд яагаад ч юм хуульч болмоор санагдаад Отгонтэнгэр их сургуульд хуулчийн мэргэжилээр сурч эхэлсэн. Гэтэл нэг өдөр Б.Мөнхдорж найруулагч над руу яриад нэг зохиол байна ирээд аваадах гэхээр нь очтол Баабарын “Бооцоо” гээд жүжгийн зохиол байсан юм. Тэгээд Б.Мөнхдорж найруулагч зөвлөхөөр нь ажиллаад  Н.Наранбаатар найруулагч тус жүжгийн найруулагчаар нь ажиллахаар болоод гол дүрд нь хэнийг тоглуулахаа ярилцаж байгаад намайг тоглуулахаар болж жүжигчин Г.Амгаланбаатар бид хоёр гол дүрд нь тоглож байлаа даа. Тэгээд нөгөө хуульч болох гээд сурч байсан хүн чинь драмын театрын алтан тайзнаа Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар нарын олон сайхан уран бүтээлчидтэй хамт тоглоод 4 жил сурсан хүсэл мөрөөдөлдөө дийлдэж жүжигчин болсон доо.

 

-Үнэхээр сонирхолтой түүхтэйгээр жүжигчин болжээ. Энэ гайхалтай түүхийг үргэлжлүүлэн тун удахгүй драмын урлагын шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам 10 дахь жилдээ болох гэж байгаатай холбогдуулан уг наадамд та хэдэн оноос эхлэн нэр дэвшиж байв, хэрхэн амжилт үзүүлж байсан энэ талаар яриагаа үргэлжлүүлье.

 

-2005 онд би “Гэгээн муза” наадмаас шилдэг залуу уран бүтээлч номианцид алтан цомын эзэн болж байлаа. 2006 онд МУГЖ Жаргалсайхан, Урнаа нарын санаачлагаар бүтсэн Ардын жүжигчин, МУУГЗ Б.Мөнхдорж ерөнхий найруулагчаар нь ажилласан Б.Галааридын зохиол “Суудал” гээд хүннү гүрний тухай түүхэн жүжгийн Дива удганы дүрээр туслах эмэгтэй жүжигчний номинацид алтан цомын эзэн болж байсан. Тэрнээс хойш бол олон сайхан дүрээр нэр дэвшиж байлаа.

Энэ жилийн хувьд “Гэгээн муза” наадмын маань 10-н жилийн ойн тохиож буйгаараа ихээхэн онцлогтой бөгөөд миний хувьд Францын зохиолч Эрик Эминоул Шмит гэдэг зохиолчын “Оскар сарнай хадагтай хоёр” зохиолоос сэдэвлэн Орос хэлнээс орчуулан монголын нөхцөлд тааруулан хөрвүүлж, би өөрөө бичсэн “Бурханд илгээсэн захидал” хэмээх ганц хүний моно драмын жүжгээрээ нэр дэвшиж байна даа. Тус жүжгийн найруулагчаар нь “Лусын дагина” жүжгээрээ “Гэгээн муза 2012” Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагчийн номинацид алтан цомын эзэн болж байсан СУИС-ын багш Б.Хишигзаяа найруулагч ажилласан. Тэрбээр уг зохиолыг Орос хэлнээс орчуулсан бөгөөд би өөрөө одоогийн нөхцөлд хөрвүүлэн бичсэн юм.

-Таны нэр дэвшсэн жүжиг хэдийнэ ганц хүнийх ч гэсэн хамтран бүтээж буй жүжгийн багийнхныгаа танилцуулахгүй юу?

-Мэдээж хамгийн түрүүнд найруулагчаар нь гадаад, дотоодын олон фестивальд оролцдог, боловролтой шинэ залуу найруулагч Б.Хишигзаяа ажиллаж, Бүжиг дэглээчээр ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч Х.Хашхүү болон зураачаар нь Цэрэндорж, Гэрэл шуум, хөгжим чимэглэлд манай театрын Батсайхан гээд олон гайхалтай авъяаслаг уран бүтээлчид ажиллаж байгаа. Мөн монгол улсын хүүхэлдэйн театрын маркетингийн албаны уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа. Энэ завшааныг тохиолдуулаад хамтран ажиллаж буй бүх л уран бүтээлчиддээ дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

-Ганц хүний жүжгийг таван мэдрэхүйгээ төгс хөгжүүлсэн өөртөө итгэлтэй, чадалтай уран бүтээлч л тоглодог хэмээдэг. Тиймдээ ч тэр бүр уран бүтээлч барьж авч чаддаггүй байх. Харин таны хувьд “Гэгээн муза” наадамд зориулж энэ жүжгийн төрлийг барьж авав уу? Ер нь энэ төрлөөрөө цаашид бүтээлээ туурвих бодол хэр байна

-“Гэгээн муза”наадамд зориулсан гэхээсээ илүүтэйгээр би “Гамлет” жүжгийн Офелия “Тэнгэрийн хүү” Шагэ гүнжийн дүрүүдэд тоглосоноосоо хойш буюу хоёр дахь хүүгээ төрүүлсэнээсээ хойш Д.Ганцэцэг гэж ямар уран бүтээлч вэ? Ямар уран чадвартай, хэр жүжигчин болохоо үзэгчиддээ харуулахыг зорьж байгаа. Тиймдээ ч би ганц хүний жүжгийг барьж авсан, өөртөө таалагдсан сайн зохиол олж авсандаа ч баяртай байгаа. Тэгээд зохиолдоо би өөрийнхөө хамгийн гол үздэг философи, үзэл бодлоо шингээсэндээ маш сэтгэл хангалуун байгаад зогсохгүй хүний амьдралын бүтэн 60 жилийн амьдралыг 1 цагт багтаан үзүүлэх учраас надаас их хүч хөдөлмөр, авъяас билэг шаардаж байгаа юм. Цаашдаа бол энэ төрлөөр нилээдгүй уран бүтээл туурвих юм сан гэсэн хүсэл байна даа.

-Та бидний ярилцлагыг уншаад өөрийн эрхгүй таны энэхүү жүжгийг үзэхийг хүсэж байгаа мянга мянган үзэгчид байгаа байх. Ер нь энэ жүжиг маань тайзнаа тоглогдох болов уу? Эсвэл “Гэгээн муза” наадамдаа нэр дэвшүүлээд өнгөрөх үү?

-  Бидний бүх л жүжгүүд зөвхөн үзэгчдэд л зориулан тоглогдож байдаг. Тиймдээ ч би “Бурханд илгээх захидал” хэмээх ганц хүний моно драмын жүжгээ “Гэгээн муза” наадмаас өмнө буюу энэ сарын 24-нд Хүүхэлдэйн театрын тайзнаа 17-19 –н цагуудаас хоёр удаа тоглох гэж байна. Тэгээд энэ сарын энэ их олон ажлууд намжаад ирэхээр ирэх дөрөвдүгээр сард бол үзэгчиддээ зориулж 5-н удаа тоглохоор төлөвлөж байна. Ер нь хамгийн гол нь миний энэ жүжгээс үзэгчид маань юуг ойлгоосой гэж хүсэж байгаа вэ гэхээр, амьдрал бол сорилт юм. Та биднийг нас ахих тусам амьдрал илүү их сорилт тавьж байдаг юм байна. Тэрнийг л даван туулж чадсан хүмүүс сайхан амьдарч байна. Тиймээс бурханаас танд илгээсэн 10, 30 магадгүй 60-н жил ч бай тэр цаг хугацааг үр бүтээлтэй үеийн үед дурсагдах нэртэй, хийж бүтээсэн зүйлтэй өнгөрүүлээсэй л хэмээн бодож бүтээлээ туурвиж байна даа.

-Түрүүн та хэллээ амьдралын сорилтыг даван туулж байж л сайхан амьдрах болно гэлээ. Таны хувьд сорилтыг хэр давж явна, ер нь гэр бүлийнхээ талаар уншигчдад маань сонирхуулаач.

-Би их сайхан гэр бүлтэй, миний аав, ээж ах дүү нар бүгд л намайг дэмжиж, надад тусалж ирсэн. Амьдрал болоод алтан тайз надаас олон сорилтыг авсан. СУИС-ыг төгсөх гээд дипломын жүжгээ 10 цагт тоглох гээд бэлдэж байхад миний аав өглөө нь авто машины ослоор өнгөрч байсан юм. Гэхдээ урлаг хатуу учраас дөнгөж 20 настай би тэр бүхнийг даван туулаад жүжгээ тоглож дуусч байлаа. Тэрэнтэй адилхан хоёр дахь сорилт надад тулж ирсэн би бас л адилхан даван туулаад л гарсан. Ер нь хүнд бурхан сорилтыг тавиад даваад гараад ирсэнд нь аз жаргалыг бэлэглэдэг гэдэгт би төгс итгэдэг.  Тиймдээ ч одоо бол хамгаас аз жаргалтай амьдарч явна, хоёр хөөрхөн хүүтэй том нь одоо 10-н настай “Гамлет” жүжгийн бага насанд тоглосон. Бага нь одоо 3 хүрсэн.

-Гайхалтай юмаа тийм том жүжгийн тайзан дээр ээж хүү хоёр хамтран тоглоно гэдэг амьдралд бас л ховорхон олдох мөч биз.

-“Гамлет” жүжгийн Офелиягийн дүрийн шалгаруулалт явагдаад Ганчимэг маань нэгээр би хоёроор шалгарсан юм. Тэгээд жүжгийн гурав дах өдөр би жүжигтээ тоглох гээд тайз руу гарах гэж байхад хүү маань ээжээ өнөөдөр та юмуу гээд их баярлаж байсан. Тэгээд жүжиг тоглогдож дуусаад бүгд ёсолоход хүү маань эхэлж ёслоод намайг зарлахад шууд хүрч ирээд гараас минь өргөөд ёсолсон, яг тэр мөчид би өөрийн эрхгүй омогшиж хүүгээрээ болон өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан даа. Ер нь хүү маань урлагийн өндөр мэдрэмжтэй болж өсч байгаад их баяртай байгаа. Учир нь урлаг спорт хоёр хүүхдэд их ухамсар хүмүүжил суулгаж өгдөг юм.

-Үнэхээр гайхалтай юмаа. Тун удахгүй ээжтэйгээ хамтран олон гайхалтай уран бүтээлүүдэд хамтран тоглож од болон гялалзах байхаа. Ингээд ярилцлагаа өндөрлүүлж нийт уншигчдад маань хандаж таныг чинь сэтгэлийн хэдэн үгээ хэлнэ үү.

- Би тун удахгүй тоглох гэж буй ганц хүний жүжгээрээ үзэгчиддээ юу хэлэхийг хүсч байгаагаа л хэлье гэж бодож байна. Хүн таны хамгийн гол өрсөлдөгч бол танд оногдсон цаг хугацаа. Тийм болохоор та урсан өнгөрч буй цаг хугацаанаас өрсөж түүнтэй уралдаж, зөвхөн зорилгынхоо төлөө тууштай зүтгэж, ихийг хийж бүтээгээсэй гэж хэлмээр байна. Мөн маргааш нь өнөөдөртэйгөө адилхан баймааргүй байгаа юм. Харин өнөөдрөөсөө нэг алхамаар урагшилсан илүү ихийг хийж бүтээсэн, хэдэн зуунаар дурсагдах бүтээлтэй тэгж л амьдраасай хэмээн нийт уншигчиддаа хэлмээр байна даа.

-Баярлалаа. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд таныг “Гэгээн муза” наадмаас алтан цом хүртэх болтугай хэмээн хамт олныхоо зүгээс болон нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс хүсэн ерөөж байна.

-За баярлалаа. Бидний ярилцлагыг уншин суугаа нийт уншигчиддаа болон танай сайтын хамт олонд урлаг хэмээн нэрийдсэн шигээ цаг ямагт урлагийн гоё сайхныг бусдад түгээж байгаараа хэмээн хүсэн ерөөгөөд та бүхэнд амжилт хүсье дээ.

Ярилцсан Э.Цэнд-Аюуш