Монголд гай, гавьяа хоёрыг ялгах чадамжгүй болж. Энэ бүхэн нийгмийн бүхий л салбарт ил тод харагдана. Бид энэ удаа спортын салбарыг хөндөж байгаа юм. Гэхдээ шагнал нүдээ олсон, олоогүйн талаар бичих гэсэнгүй. Гагцхүү энэхүү салбарт байдаг шагналын нэр хүнд огцом унаж, хэт хавтгайрч байгааг л онцлох гэсэн юм. Холбогдох эрх мэдэлтнүүд нь нэгийг бодож, хоёрыг тунгаана биз. Бас утгагүй олон шагналд цэг тавих талаар санаа тавиасай гэж хүссэн юм. 

 

МЕДАЛИЙН ҮНЭГҮЙДЭЛ 

Медалийн үнэ цэнийг ахмад тамирчид хамгийн сайн мэднэ. Тэрхүү алт, мөнгө, хүрэл медалийг авах гэж ахмад тамирчид хөдөлмөрлөдөг байв. Ер нь 2000 оноос өмнө их спортод хөл тавьсан ахмад, дунд үеийнхэн дээр дурдсан гурван өнгийн медалийн үнэ цэнийг хамгийн ихээр ярих ёстой хүмүүс. Мэдээж олимп, дэлхийн аварга болон тивийн аварга, тивийн наадмаас өөрийн хүч чадал, хөдөлмөрөөрөө медаль авч байгаа бахархалт тамирчидтайгаа юу ярих билээ. Гэтэл тэдний медалийн загвараар захын сургууль, цэцэрлэг медаль захиалан хийлгэдэг болж. Дэлхийн аваргын медальтай харьцуулашгүй ч хэрэгтэй, хэрэггүй медаль зүүж ашиг хонжоо хайгчид багачуудыг хууран мэхлэх энэ ажиллагаанд цэг тавих цаг нь иржээ. Гадаадад багачуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулахад бэлэг дурсгалын зүйл, өөрт нь хэрэгтэй хэрэглэлээр шагнадаг байна. Харин манайд өнөөх л утгагүй медаль. Энэ бол медалийн үнэ цэнэ алдагдсаны тод жишээ. 30 настай хүний авч байгаа медалийг гурван настай хүүхэд ч зүүж болж байна. Чанарын хувьд тэнгэр, газар шиг зөрүүтэй ч багачуудад үүнийг ялгаж салгах ухаан одоохондоо алга. “Манцуйтай тамирчин”-д хүүхэд уралдуулж мөлхүүлээд хүзүүнд медаль зүүгээд өгчихөж байгаа юм. Цэцэрлэгийн багачуудыг нэг заалны булангаас нөгөө булан хүртэл уралдуулж буй нэрээр гүйлгээд түрүүлсэнд нь медаль өгч байна. 5-7 настнуудыг бөх барилдуулаад түрүү бөхийн шагнал гэж медаль гардуулж байна. Ерөөсөө бүх зүйл медальтай болсон. Медальгүй тэмцээн гэж огт алга. Нэг зүйлийг зориуд онцлоход медаль авч байгааг огт буруутгаагүй. Гагцхүү тамирчдын хөлс, хүчээ зориулан байж авдаг энэхүү зүйлийг хувь хүн, албан байгууллагууд маш хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл болгосон нь том эмгэнэл юм. Ер нь нийслэлийн өнцөг булан бүрт медаль үйлдвэрлэдэг. Энд загварыг нь гаргаж урд хөршид захиалан хийлгүүлнэ. Медалийн бизнесмэнүүд мөнгө олж байгаа ч түүнийх нь багагүй хувийг урд хөрш рүү гаргаж байна. Цэцэрлэг, сургуулиуд ч тэмцээн нэрийн дор эцэг, эхчүүдээс мөнгө татах бизнесийг мэргэжлийн төвшинд хийдэг болсон. Захын лангуун дээр хүртэл медалийг 1000-3000 төгрөгөөр зарж байгаа нь үнэ цэнээ алдсаныг тодоос тод илтгэнэ. Магадгүй тав, арван жилийн өмнө бид медалийн үнэ цэнэ “Нарантуул” захын лангуун дээр зарагдталаа унана гэж огт бодоогүй явсан биз. Өнөөдөр нэг айлын хананд хамгийн багадаа 5-10 медаль өлгөөстэй байгаа. Тэр нь юуны ч медаль байж болно. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алдана гэдэг энэ. Таван настай хүүхэд тэр медалийн утга учрыг ойлгохгүй. Оролцсон тэмцээнийхээ мөн чанарыг ч мэдэхгүй. Тэд зөвхөн оролцож буй тэр тэмцээндээ түрүүлэх л ойлголттой болохоос биш мөнгө, хүрэл медаль гэж юу болохыг мэдэх нас нь биш. Тэгэхээр эдгээр медаль аль хэдийнэ үнэ цэнэгүй болсон гэсэн үг. Гэтэл тамирчид тэрхүү алт, мөнгө, хүрэл медалийг авахын тулд хэр удаан хөдөлмөрлөдөг билээ. Зарим нь амьдралаа зориулдаг, золиосолдог. Тэгсний хүчинд насны эцэст хэдэн медаль л түүнд үлдэнэ. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчид нь бусдаасаа арай дээгүүр төвшний амьдралтай болдог. Медаль тамирчдын хувьд ийм л үнэ цэнэтэй. Бүхэл бүтэн амьдралын үнэ цэнэтэй. Харин мөнгөнд шунахайрагчид, хялбар аргаар мөнгө ологчид үүнийг үгүйсгэж, үнэгүйдүүлж байна. 

УТГАГҮЙ ОЛОН ТЭМЦЭЭНИЙ УТГАГҮЙ МЕДАЛИУД

Монголд болдог тэмцээн уралдаан ёстой утгаа алдаж. Зөвхөн сагсан бөмбөгийн спорт дээр л жишээ авъя. Монголын сагсан бөмбөг хоёр холбоотой. Хоёр холбооны ивээл дор болдог лиг л 10 гаруй бий. Тэгэхээр зөвхөн сагсны гэх тодотголтой лиг гэхэд 10 гаруй болж байгаа юм. Гэхдээ бүгд сонирхогчийнх. Манай улсад сагсан бөмбөг сонирхдог, сонирхлоо даган бага зэрэг оролддог залуус олон. Харин мэргэжлийн тамирчин хуруу дарам цөөн. Тэгвэл энэхүү спортод сэтгэлээ зориулсан гэж өөрсдийгөө өргөмжилдөг нөхдүүд залуусын сонирхол дээр дөрөөлөн мөнгө олж байна. Яг үнэндээ энэ олон лигт ач холбогдол гэж байхгүй. Зүгээр л сагсан бөмбөг тоглох сонирхолтой залуус лиг нэртэй тэмцээнд оролцож чөлөөт цагаа өнгөрүүлж байна. Үүн дээр мөнгө олж болохыг гярхай ажигласан хэдэн хүн маш сайн ажиллаж чадсан. 
Эндээс хожиж байгаа хүн нь зохион байгуулагчид. Шуудхан хэлэхэд тэмцээн нэрийн дор ивээн тэтгэгчдээс мөнгө идэж байна. Гэтэл тэдний өгч байгаа шагнал урамшуулал, медаль нь хэдий хэмжээний үнэ цэнэтэй болохыг хэн ч таашгүй. Магадгүй 1000 төгрөг, эсвэл 10 мянган төгрөгийн үнэтэй ч байж болно. Сонирхогчид бол авсан медальдаа баярлах нь тодорхой. Яагаад гэвэл, ядаж л долоо хоног хамтдаа бэлтгэл хийсний дүнд ийм амжилтад хүрч байгаа учраас тэр. Насанд хүрэгчид болон бяцхан тамирчдын хоорондын ялгаа энэ. Сагсан бөмбөгийн спорт жинхэнэ утгаараа хөгжсөн АНУ-д хоёрхон лиг бий. Бидний мэдэх NBA, коллежийн лиг NCAA. Энэ хоёр лигт тоглох гэж сагсанд бөмбөгт дурласан залуус бүхнээ зориулдаг. Түүнчлэн сагсан бөмбөгийн евро лигийг дурдахгүй өнгөрч болохгүй. 
50 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн буурал тивд ганцхан л лиг байна. Мэдээж улс, орон бүр өөрийн гэсэн лигтэй. Энэ нь хоёроос хэтрэхгүй. Харин манайд сагсан бөмбөгийн дээд лиг, сонирхогчийн лиг, үндэсний лиг, найзуудын лиг, хөгжлийн лиг гэх мэт толгой эргүүлсэн, учир нь үл олдох олон тэмцээн байна. Бүгд л лиг нэртэй. Тэрэнд нь 10 хүрэхгүй баг тоглодог. Угаасаа хүрээлэл нь жижигхэн учраас үүнээс олон баг тоглуулах боломжгүй. Тэмцээний нэр хүнд, медалийн үнэ цэнэ, шагналын үнэ цэнэ ингэж л унаж байна. Тиймээс тухайн спортын нэр хүндийг унагасан энэ олон тэмцээнийг цэгцлэх цаг болжээ. Нэг спортод насанд хүрэгчдэд зориулсан чанартай, нэр хүндтэй 1-3 тэмцээн л байхад хангалттай. 

ХИЙМЭЛ МЕДАЛЬ

Монголд медалиа гоё сайхан харагдуулахын тулд дуртай зүйлээ ашиглаж байна. Засгийн газрын лого, олимпийн таван цагариг гэх мэт тусгайлан хориглосон байдаг бэлгэ тэмдгүүдийг хэн дуртай нь медаль дээрээ товойлгон дүрсэлдэг болжээ. Яг үнэндээ олимпийн таван цагариг нь дэлхийн таван тивийн бат холбоо болон олимпийн наадамд бүх дэлхийн тамирчдын уулзалтын бэлгэдлийг илэрхийлдэг. Тиймээс цэнхэр-европ, шар-ази, хар-африк, ногоон-австрали, улаан-америк тивийг төлөөлүүлсэн байна. Олимпийн таван цагариг, туг, бамбар, сүлд дуу, уриа, тангараг, чидун жимсний модны мөчир, медаль, эмблем, онцлох тэмдгүүд нь олимпийн бэлгэдэл бөгөөд олимпийн хартийн дагуу зөвхөн олимпийн наадамд хэрэглэнэ. Найробын гэрээгээр өмчлөх эрхийг ОУОХ эзэмшинэ гэж тусгажээ. Найробын гэрээг 1981 оны есдүгээр сарын 26-нд баталсан байдаг бөгөөд энэхүү гэрээнд оролцогч аливаа улс Олон улсын олимпийн хороо зөвшөөрснөөс бусад тохиолдолд ОУОХ-ны дүрэмд тодорхойлсон олимпийн бэлгэ тэмдэг, бэлгэ тэмдгийг агуулсан аливаа илэрхийллийг тэмдгийн хувьд хоёр, гурав дугаар зүйлд заасны дагуу бүртгэхээс татгалзах, эсвэл бүртгэлийг хүчингүй болгох буюу арилжааны зорилгоор ашиглахыг зохих арга хэмжээ авах замаар хориглох үүрэгтэй гэжээ. Гэтэл манай улсад олимпийн бэлгэ тэмдгийг арилжааны шугамаар ашиглаж байгаа ч үүнд хяналт тавьдаг хүн алга. Уг нь МҮОХ үүнийг хамгаалах ёстой ч тэдэнд хийж буй бодит ажил байхгүй байна. Мөн оюуны өмчийн газар ч амаа үдүүлсэн мэт чимээгүй сууна. Цагаригийн таван өнгө нь зүүнээсээ баруун дээр нь хөх, хар, улаан, доор тал нь шар, ногоон өнгийн дараалалтай байдаг юм. Ийм чухал бэлгэ тэмдгийг монголчууд зөвхөн ашиг хонжоо хайх зорилгоор ашиглаж байгаа нь тун харамсалтай. Хэрэв үүнийг олон улсын олимпийн хороо мэдвэл Монголд нэлээд том сануулга болж магадгүй. Зөвхөн сануулах бус өөр арга хэмжээ ч авч мэднэ. Тэгэхээр медалийн бизнес эрхлэгчид хаана, ямар нөхцөлд медаль дээрээ юу сийлж, гоё харагдуулахаа одооноос бодолцох хэрэгтэй. 
Миний, чиний, таны хүзүүндээ зүүсэн медаль бүхэн тодорхой үнэтэй. Дунджаар 3000-5000 төгрөг. Харин нэр хүнд, үнэ цэнийн хувьд хэдийнэ унасан. Тиймээс бид аливаа тэмцээн уралдаан зохион байгуулахдаа үнэд хүрэхүйц зүйлээр нэгнээ урамшуулж байя. Ялангуяа багачууд болон өсвөр насныханд. Хуучин цагт медалиас илүү үнэ цэнэтэй зүйл үгүй байсан бол одоо бүх зүйл эсрэгээрээ. Салбартаа үнэгүйдсэн олон шагнал шиг бүрмэл төмөр хүзүүндээ зүүсэн ч яалаа, байсан ч яалаа. 
Гагцхүү өөрийн авьяас чадвар, хөдөлмөр, хөлс хүчээ бодит зүйлээр үнэлүүлдэг болохыг уриалъя. Төрийн дээд одон медалийг хүртэл зах дээр зардаг болсон цаг шүү гэдгийг битгий мартаарай. Гавьяа шагнал ингэж үнэгүйдэх ёсгүй. Та хөдөлмөрлөсөн нь үнэн л бол түүндээ тохирсон үнэ цэнэтэй шагналаар шагнуулах нь зүйд нийцнэ. 

Үндэсний шуудан сонин