УИХ-ын нэгдсэн чуулганаар удахгүй Хялбаршуулсан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Уг нь хуулийн төсөл нь ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилготой аж.

Хялбаршуулсан татварын тухай хуулийн төсөл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хөгжлийг татварын таатай бодлогоор дэмжих зорилгоор боловсруулагдсан бөгөөд

- Татварын дарамтыг бууруулах

- Татвар тайлагнах, төлөх үйл ажиллагааг хялбаршуулах зорилготой юм байна.

Хялбаршуулсан татвар гэдэг нь олон улсад хэрэглэгдэж буй “Упрощенная система налогообложения”, эсхүл “Simplified taxаtion system” гэдэг ойлголт юм.

Өндөр хөгжилтэй улс орнуудад “Simplified taxаtion system” гэх хялбаршуулсан татварын зохицуулалтыг татварынхаа ерөнхий хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт хийх байдлаар зохицуулж явдаг ба тусгайлсан татварын горим болгон мөрддөггүй байна. Учир нь өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчид нь тэдгээрийн бизнесийг голчлон авч явдаг, нийт ААН-ийнх нь 90%-иас дээш 98% хүртэлх нь ЖДҮ нар байдаг тул татварын хууль тогтоомж нь үндсэндээ эдгээр татвар төлөгчдөдөө зориулагдсан хууль байдаг байна.

Харин “Упрощенная система налогообложения” гэх хялбаршуулсан татварын систем нь 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудад, тухайлбал ОХУ, Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Украйн улсуудад хэрэглэгдэж байна.

Социалист систем нуран унаснаар түүний бүрэлдэхүүнд байсан манай улс болон бусад улс орнууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл ажиллагаа эхэлсэн. Шилжилтийн анхны нөхцөл ямар байснаас хамаарч эдгээр улс орнуудад шилжилтийн явц харилцан адилгүй үр дагавруудыг авчирсан ба ТУХН-ийн орнууд болон Монгол улсад ерөнхийдөө ижил үр дагавартай байсан болно. Тухайлбал, шилжилтийн эхний жилүүдэд албан бус секторын хэмжээ маш хурдацтай өсч, эдийн засгийн бүтэц өөрчлөгдсөн. Нөгөө талдаа төрийн үйлдвэрүүд дампууран ажилгүйдэл нэмэгдэн, ЗГ-ын нийгмийн зардал өсөх хандлагатай болсон нь энэхүү зардлаа нөхөхийн тулд хувийн секторт илүү татварын дарамтыг бий болгосон.

Энэхүү шилжилтийн тодорхой нэг цаг хугацаа өнгөрч, үйлдвэрлэл буурч байсан бол эргээд өсч, хувийн сектор тодорхой хэмжээгээр тогтворжиж, албан бус сектороос албан секторт шилжих хүсэл сонирхол нэмэгдэх болсон тул үүнд зохицсон институцийн өөрчлөлт, бодлогын өөрчлөлтийг төрөөс авч хэрэгжүүлэх шаардлага тавигдсан. Шаардлагад нийцүүлэн ТУХН-ийн орнуудад “Упрощенная система налогообложения” буюу хялбаршуулсан татварын системийг авч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан 2004 оноос авч хэрэгжүүлсэн нь амжилттай хэрэгжиж байна. Энэ нь жижиг бизнес эрхлэгчдийн татварын дарамтыг багасгах, татварын нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг хөнгөвчлөх, хялбарчлахад хамгийн тохиромжтой татварын тусгай горим хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм.

“Хялбаршуулсан татварын тухай” Монгол улсын хуулийн төслийг улс орнуудад хэрэглэгдэж буй тус татварын тогтолцооны дэвшилтэт арга хэлбэрийг сонгон авч, өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсрууллаа. “Хялбаршуулсан татварын тухай” хуулийн төсөл нь нийгэм, эдийн засаг дах тухайлсан харилцааны эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгож байгаа тул “анхдагч хуулийн төсөл” төрөлд хамаарч байна.

Тус хуулийн төсөл нь 8 бүлэг, 19 зүйл заалттай байхаар боловсруулагдсан болно. Тодруулбал Хялбаршуулсан татварын системийг хэрэглэдэг бүх улс орнуудад тус систем дах татвар төлөгч нь үйл ажиллагааныхаа үр дүнгээр нэгдсэн нэг татвар төлдөг ба түүнд нь НӨАТ багтсан байдаг. Тус нэгдсэн нэг татварт НӨАТ-аас гадна үл хөдлөх хөрөнгийн албан татвар гэх мэт бусад татваруудыг багтаасан байдал нь улс оронд харилцан адилгүй байдаг байна. Эдгээр нь тухайн улс орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого үйлдвэрлэж буй онцлогтой холбоотой байдаг байна, тухайлбал үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нэгдсэн нэг татварт оруулан тооцдог улс орнуудын хувьд жижиг, дунд бизнест эрхлэгч нь үл хөдлөх хөрөнгөө түрээслэн орлого олдог нөхцөл байдал нь харьцангуй их байдагтай холбоотой байдаг байна. Манай улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ихэнх нь бусдаас бараа, бүтээгдэхүүн худалдан авч, түүгээрээ үйлдвэрлэл эрхлэн орлого олдог, эсхүл бусдад худалдан борлуулж орлого олдог нь түгээмэл тул хялбаршуулсан татварын системийн хүрээнд төлөх нэгдсэн нэг татварт орлогын албан татвар болон НӨАТ-ыг багтаан оруулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хуулийн төслийн 2 дугаар бүлгийн 2.2, 2.3, 2.4 дэх хэсгээр зохицуулагдаж байгаа болно. Мөн бараг бүх улс орнуудад хялбаршуулсан татварын системд шилжин орох эсэх нь татвар төлөгчдийн сайн дурын үндсэн дээр хэрэгждэг байна. Хуулийн төслийг энэ зарчимд нийцүүлсэн бөгөөд хуулийн төслийн 2 дугаар бүлгийн 2.3 дах хэсэгт тусгаж өгсөн байна.

Манай улсын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг Жижиг, дунд үйлдвэрийн тухай Монгол улсын хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж буй бөгөөд тус тодорхойлолтын “1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлоготой” гэдэг шалгуурыг сонгон авч, тэдгээр нь явуулж буй бизнесийнхээ төрлөөс хамааран бүлгүүдэд хуваагдахаар Хуулийн төслийн 3 дугаар бүлэгт тусгаж өгчээ.

Харин хялбаршуулсан татварын системд хамрагдахгүй татвар төлөгчдийг Хуулийн төслийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх хэсэгт тодорхойлон тусгаж өгсөн бөгөөд үүнд бусад улс орнуудад түгээмэл хэрэглэгдэж буй шалгуурыг авахын зэрэгцээ “нэг компанийн охин болон харилцан хамааралтай компаниуд” байвал хамрагдахгүй эрхгүй болно гэж нэмж тусгаж өгсөн. Учир нь хялбаршуулсан татварын системд шилжихийн тулд компаниуд нь бүтцээ жижигрүүлэн, охин компаниудад хуваагдах байдлаар татвараас зайлсхийх үйлдэл гаргахгүй байхаас урьдчилан сэргийлсэн байна.

Хялбаршуулсан татварын систем нь татвар төлөгчийн дарамтыг 25%–40% орчим бууруулж байгаа тул буцаагаад татвар төлөгчөөс хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх хариуцлага нэхэх эрхтэй болж байгаа, энэхүү хариуцлагын асуудлыг түүний хялбаршуулсан татвар төлөгч болох эрхтэй нь холбож өгсөн болно. Тухайлбал, татвар төлөгч нь кассын машин заавал хэрэглэх, хэрэглэгчдэд НӨАТ-ын падаан хэвлэж өгөхийг Хуулийн төслийн 5.1.3-д, татвараа цаг хугацаанд нь төлж байхыг Хуулийн төслийн 5.1.4-д, тайлангаа хуулийн хугацаанд гарган ирүүлж байхыг Хуулийн төслийн 5.1.5-д гэх байдлаар тусгаж өгсөн.

Хялбаршуулсан татварын хувь, хэмжээг борлуулалтын орлогын 1% - 3,5% байхаар Хуулийн төслийн 7 дугаар бүлгийн 7.1 дэх хэсэгт тусгажээ. Харин дээрх хувь хэмжээгээр ногдуулсан татварыг зардлын 0,6%-2.5%-иар бууруулахаар Хуулийн төслийн 7 дугаар бүлгийн 7.2 дах хэсэгт тусгалаа. Ингэснээр ЖДБ эрхлэгчийн татварын дарамт 10.2%-15% болж байгаа ба энэ нь татварын ердийн горим дах татварын дарамтаас 19,1%-85,3%-иар буурахаар тооцоолол гарч байна.

Тэгвэл энэ хуулийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.