Монгол Улсад нийт 1,2 сая хүүхэд байдаг. Жилд дунджаар 1000 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1000-1500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Нийслэлийн БЗД, СХД-т хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг. Энэ тоо буурах боломжтой бөгөөд энэ нь та биднээс шууд хамааралтай.  Тиймээс хүүхэд хаана байна, тэндээ хамгаалагдах ёстой бөгөөд хүүхдийг эрхийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг юм.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас: Иргэн бүр хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүрэгтэй.

Гэвч энэ үүргийг өнөөдөр иргэд мэддэг ч тэр бүр хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс хүүхэд байгаа газартаа л хамгаалагдаж байх ёстой. Тиймээс эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч,  ах, эгч, насанд хүрсэн хэн бүхэн хүүхдийн эрхийн анхан шатны мэдлэгтэй байж, шаардлагатай тохиолдолд цагдаа, нийгмийн ажилтанд мэдэгддэг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ангийн чинь хүүхдийг асран хамгаалагч нь байнга зоддог бол багшдаа хэл. Багш нь шаардлагатай арга хэмжээг авна гэдгийг хүүхдэдээ хэлж ойлгуулах, чамайг хүсээгүй байхад чиний биеийн хэсэгт хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй  гэх мэтийн хүүхэд хамгааллын асуудлаар бид хүүхэдтэйгээ илэн далангуй ярилцаж байх шаардлага гарч байгааг сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдээс харж болно.  

Хүүхдийн эрхийг хамгаалах ёстой томчууд бид хамгийн ихээр зөрчдөг байна. Үүнийг Хүний эрхийн Комиссоос хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох КАП1 судалгаа батална. Уг судалгааг Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамааруулан судалгааг хийсэн байна. Мөн хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд 47.6%, хойд аав, ээж 38.6%, үе тэнгийнхэн 38.4%, багш 15% эцэг эх, асран хамгаалагч 12.4% тус тус байна.

Хэрвээ эцэг эх та  хүүхдийн сурч боловсрох, тэжээлгэх үүргээ биелүүлээгүй бол  Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог. Мөн хүүхдийн амь насанд хохирол учирсан болон хүүхдийн биед гэмтэл учрахад эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хүүхэд өдөрт дунджаар 4-6 цагийг сургууль дээрээ, үлдсэн цагийг гэр бүлийн орчинд өнгөрүүлж байна. Тэгэхээр нийт хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нь суурь хүмүүжлээс шууд шалтгаалдаг.Та тэдний дэргэд архидан согтуурна гэдэг нь хорт зуршилд уруу татаж, улмаар бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, шалтгааныг өгч байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй.         

Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг. Өөрөөр хэлбэл Манай улсын хувьд хүүхдийн эрхийн хамгийн түгээмэл зөрчил нь тэдний эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдал ажээ. Үүн дотор хүүхдүүдийн ойр дотны хүмүүс хүүхэдтэй харилцахдаа бэлгийн зүй бус үйлдэл гаргах тохиолдол олширч байгаа нь түгшүүр төрүүлж байна. Улсын ерөнхий прокурорын 2015-2016 оны мэдээллээр улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тэдний 48 нь гэр бүл, ураг төрлийн хүний хүчирхийлэлд өртжээ. Гэхдээ энэ нь зөвхөн тохиолдлыг нууж даралгүй, хуулийн байгууллагад зоригтой мэдэгдсэн хүүхдүүдийн тоо. Харин орчин тойрноосоо ичиж, гэмт этгээдийн талаар мэдээлээгүй хүүхдийн тоо үүнээс багагүй байх магадлалтай. Тэр байтугай эрэгтэй хүүхэд хүртэл бэлгийн хүчирхийлэлд өртдөг болсон байна. Тухайлбал, 2016 онд ХЭҮК-д комисст хандсан иргэний мэдээллээр “2012 онд Сүхбаатар дүүрэгт бага насны дөрвөн хөвгүүний гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан ч шүүхээс хохирлыг бүрэн төлүүлээгүй” байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн бас нэгэн хорт үр дагавар нь бэлгийн замын халдварт өвчин. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ХДХВ-ийн 226 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол нь 15-19 настай. Үүнээс 15 настай хоёр хүүхэд байна. Мөн ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн хоёр жилд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.

Хүүхдүүд эрхээ хамгаалуулахаар, зөвлөгөө авахаар 108 дугаар руу залгах болсон. Энэ талаар Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хууль, эрх зүй хамтын ажиллагааны дарга А.Энхбаатар: “2018 оны эхний гурван  сарын байдлаар 108 лавлах утсанд ирсэн дуудлагуудаас 421 сэтгэл санааны хүчирхийлэл, 230 биед нь халдсан, 59 бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл ирсэн. Манай байгууллагаас хүүхдийг эрсдэлээс хамгаалах даатгалтай болгох талаар ажиллаж байна. Юуны өмнө  даатгалын газруудтай хамтран ажиллаж байна.  Орон 1613 баг, нийслэлийн 1504 хэсгийн ахлагч нарыг сургаж, тус газарт харьяалагдаж буй хүүхдүүдийн мэдээллийг авч, төрийн хамгаалалт хэрэгтэй, гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүдийг даатгалд хамруулна. Ингэснээр бид тухайн хүүхэд хэрвээ гэмт хэргийн хохирогч болох юм бол хамтарсан багийн ажиллагаа, нөхөн сэргээх эмчилгээг 100 хувь  үзүүлэх боломжтой болж байгаа юм. Өмнө нь хамтарсан багийн үйл ажиллагаа, тухайн хохирсон хүүхдийн нөхөн эмчилгээ зэрэгт ихэвчлэн 100 000 төгрөг төсөвлөдөг байсан. Гэвч энэ мөнгө нь хүрдэггүй хүндрэл их гардаг. Харин одоо “Хүүхдийн даатгал”-тай болсноор хохирогч хүүхдүүдэд хэрэгтэй бүх үйлчилгээний зардлыг тухайн даатгуулсан даатгалын компаниас өгөх юм.” гэдгийг онцолсон.   

Хүүхдийн эрхийг хамгаалах нь хүн бүрийг үүрэг. Тиймээс хажууд айл чинь хүүхдээ зодоод байвал цагдаад дуудлага өгөх, хүүхдэдээ хүүхдийн эрхийг хамгаалах нь чиний үүрэг гэдгийг энгийнээр ойлгуулж, гэмт хэрэг үйлдэж, түүнд өртөж байгаа хүүхдийн тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна.