Барилгын ажил эхэлж байна. Улирлын чанартай энэ бүтээн байгуулалтыг дагаад олон иргэдэд ажлын байртай болдог сайн талтай ч мэргэжилтэй, мэргэжилгүй олон хүн арай дөнгүүр цалинтай болохоор нь энэ салбар руу хошуурдаг.

Тийм учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллах нь барилгынхны нэн тэргүүний үүрэг.

Өнгөрөгч намар зөвшөөрөлгүй баригдсан барилгын гайгаар сэтгэл сэрдхийлгэм олон хэрэг гарсныг өнөөдөр ч гэсэн мартаагүй байна. Нийслэлд 80 гаруй зөвшөөрөлгүй барилга баригдаж байгааг илрүүлж тэдгээрээс нэр бүхий 44 барилга холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэмээн сүр дуулиантайхан зарлаж байв.

Тухайн үед нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал дээр хийсэн мэдээллээс эргэн сануулахад зөвшөөрөлгүй барилгын 10 хувь нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 70 нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байв. Мөн эдгээрээс хувийн өмчийн газарт барьж байгаа 13, Нийслэлийн Засаг даргын захирамжаар 58, дүүргийн Засаг даргын захирамжаар зургаа, ямар ч зөвшөөрөлгүй хоёр, тодорхойгүй нэг барилга байсан юм.

Яагаад энэ олон барилга Нийслэл хотод тэр дундаа “А” зэрэглэлийн бүсэд зөвшөөрөлгүй баригдаж байдаг билээ. Ямар учраас зөвшөөрөлгүйг нь мэдсээр байж барилгын ажлыг үргэлжлүүлсээр байв гээд олон асуулт өнөөдөр ч гэсэн хариултаа нэхэж байна. Гэхдээ зөвхөн жагсаалтыг дэлгээд зогсох бус, даварсан компанийн эздэд хариуцлага тооцож, барьсан барилгуудыг нураах хэрэгтэй болов уу.

Нэгэнт зөвшөөрөлгүй барьсан юм чинь. Тэгээд нураахад гарсан зардлыг компаниудаар нь төлүүлэхэд болохгүй гэх газаргүй. Хатуу тэмцэж байж л цаашид хэн дуртай нь, хүссэн газартаа барилга барьдаг, түүнээс нь болж хүн амь насаараа хохирдог замбараагүй байдлыг арилгана.

Хотын даргын ил болгосон “нууц" жагсаалтад манай улсын барилгын салбарын “акул”-ууд олон байгаа нь бас анхаарал татна. Тухайлбал, “Гацуурт”, “Авзага трейд”, “Орчлон констракшн”, “Макс” групп, “Цаст” констракшн гэх зэргээс гадна солонгосчуудын эзэмшдэг “Сүнжин гранд” ХХК багтаж байна.

Үүнээс гадна ХУД-ийн цагдаагийн хэлтэс, Гаалийн ерөнхий газар, БХИС гэх мэт төрийн байгууллагууд хүртэл зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлчихсэн байх юм.

Хувийн компаниуд дур мэдэн барилга барьж хууль зөрчиж байдаг юм гэхэд цагдаагийн хэлтэс, гаалийн байгууллага, төрийн өмчийн их сургуулиуд хүртэл зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн байгааг юу гэж ойлгох вэ.

Эдгээр барилгын олонхи нь хотын төвийн дүүргүүдэд баригдаж байгаа. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 16, Сонгино хайрхан дүүрэгт 17, Чингэлтэй дүүрэгт тав, Баянзүрх дүүрэгт 18, Баянгол дүүрэгт 12, Налайх дүүрэгт нэг барилгын ажлыг хууль зөрчин барьж байсан байна. Энэ барилгуудаас илэрсэн гол зөрчил нь зураг төслөө бүрэн гаргаагүй, улсын экспертизээр магадлал хийгдээгүй байсан бөгөөд зарим барилгыг мэргэжлийн хяналтынхан акталчихсан байхад гүйцэтгэгчид нь дур мэдэн үргэлжлүүлж байжээ.

Хууль бусаар барилгын ажлаа үргэлжлүүлж байсан зарим компаниудыг ус, дулаан болон гэрэл цахилгааныг нь хүртэл тасалсан. Одоо асуудал яг юу болж байна. Нийслэлээс зөвшөөрөлгүй барилгуудад иргэдийг захиалга өгөхгүй байхыг анхааруулсан.

Түүнээс гадна хоёр барилгыг нураах шийдвэр гарсан. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт “Тэмүүлэн баатар” ХХК-ийн барьж буй есөн давхар орон сууцны барилга, Хан-Уул дүүрэг хоёрдугаар хороо, орон сууцны 14, 15 дугаар байрны урд талд “Адоре пропертиз” ХХК-ийн зочид буудлын барилга юм. Бас нэгэн ямар ч зөвшөерөлгүй барилгын асуудлыг шийдвэрлэсэн нь “Авзага трейд” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн V хороонд барьж буй барилга. Нэр бүхий 44 барилгын асуудал анх сөхөгдсөнөөс өнөөдөр ердөө гурван барилгын асуудал л нэг тийшээ болжээ. Харин үлдсэн барилгуудыг хэрхэх нь нэлээд цаг хугацаа шаардсан асуудал болох нь.

Түүнээс гадна дээр дурдсан барилгын акулууд гэгдэх томоохон компаниудын зөвшөөрөлгүй барилгын тухайд зарим нэгийнх нь нэр алга болсныг дуулгая. Сүр дуулиантай зарласан шигээ шийдвэртэйхэн алхам хийхгүй бол замын дундаас зарим нэг барилга алга болсоор байгаад дахиад зөвшөөрөлгүй барилга баригдахгүй гэх баталгаа алга. Тэгэхээр аавын хүүг алаг үзэлгүй асуудлыг шийдвэрлэнэ буй за.

О.Жаргал

Нийслэл Таймс сонин