2018 оны нэгдүгээр сард 2426 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш бага, багаар өссөөр 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2654 төгрөгтэй тэнцжээ. Өөрөөр хэлбэл, жилийн дотор ам.долларын ханш 230 орчим төгрөгөөр нэмэгджээ. Ам.долларын ханш өсөлт дотоод болон гадаад шалтгаантай. Сангийн яамны зүгээс гадаад худалдааны дайн болон дэлхийд өрнөж буй улс төрийн тэмцэлтэй холбон тайлбарлаж байгаа бол Монголын эрх баригчдын зөрчил гадаадын хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлж буй. Энэ нь дотогшлох долларын урсгалыг царцааж байна гэж эдийн засагчид дүгнэх болсон.

Өнгөрсөн 2018 онд улсын төсөв анх удаа ашигтай гарсан нь дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний ханш өссөнтэй холбоотой. Ялангуяа нүүрсний зах зээл сэргэсэн. Гэвч оны сүүлээр Хятад улс нүүрсний импортоо багасгасан нь энэ онд төсөвт сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолж байгаа юм. Ам.долларын ханшийн өсөлтийг барихаар Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ нэг хувиар нэмсэн билээ.