Швейцарын Давос хотноо өндөрлөсөн дэлхийн эдийн засгийн чуулганаар 300-гаад салбар хуралдаан болж, төдий тооны асуудал хэлэлцсэний дотор орон сууцны хүртээмж ба үнийн өсөлт гэсэн сэдэв олны анхаарлыг илүүтэй татав. 

Улс орны хөгжлийг дагаад хотжилт жил ирэх тусам хүрээгээ тэлж буй. Энэ хэрээр орон сууцны хүртээмж хангалтгүй болж байгаа нь дэлхий нийтэд тулгамдаад буй чухал асуудал. НҮБ-аас гаргасан статистикаас харвал 1900 онд дэлхийн хүн амын 13 хувь нь хотод амьдарч байсан бол 1950 онд 29, 2018 онд 55 хувь болж нэмэгдсэн бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 68 хувьд хүрнэ гэж тооцоолжээ. Хотжилт нэгэнт эрчээ авч, цааш хүрээгээ тэлэх нь тодорхой болсон энэ нөхцөлд иргэдийн орон сууцны хүртээмжийг хэрхэн шийдэх талаар Давосын чуулганд оролцогчид үзэл бодлоо уралдуулж, гарц шийдлийг санал болголоо.

Тухайлбал, Нидерландын үндсэн хуульд төр нь иргэдээ орон сууцаар хангах заалт тусгасан байдаг. Үүний үр дүнд тус улс Европын холбооны орнуудаас нийтийн байрны тоогоор тэргүүлж буй талаар бид өмнөх дугаартаа хөндсөн билээ. Мөн Хонконг, Сингапур, АНУ зэрэг олон улсад төр нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдээ орон байртай болгох тал дээр санаачилгатай ажиллаж, үр дүнд хүрсэн олон жишээ бий. Тиймээс дунд болон дундаас доош орлоготой иргэдээ орон сууцанд оруулахын төлөө Засгийн газрууд идэвхтэй ажиллаж, тодорхой бодлогоор зохицуулах шаардлагатай гэдэгт чуулганы оролцогчид санал нэгдсэн юм.

Холын Швейцарт яригдсан энэ асуудал монголчууд бидэнд дэндүү их хамаатай. Учир нь орон сууцны хүртээмж гэдэг өнөөгийн бидний шийдэх ёстой хамгийн чухал асуудал. Чухамдаа орон сууцны хүртээмж хангалтгүй, иргэд нь худалдан авч дийлдэггүй учраас л гэр хороололд 220 мянган яндан бий болж, улаанбаатарын гамшиг болсон утааг үйлдвэрлэсээр байна. Онц байдал зарлах хэмжээнээс хэд дахин давсан хорт утаанаас болж ямар их гамшиг нүүрлээд буйд улсын Ерөнхийлөгч хүртэл сэтгэл зовниж, прокурор, шүүхэд хандан утаагаар бизнес хийгчдийг шалгуулж байхав дээ. Учир нь агаарын бохирдлоос болж 2024 он хүртэл цаг бусаар 5200-14000 хүн нас барах аймшигтай судалгаа олныг цочирдуулах болов. Харин манай төр засаг иргэдээ орон сууцжуулахын тулд юу хийж байгаа билээ гэдгийг эргэцүүлээд нэг үзье.

2013 онд ганц сарын хугацаанд 3000 хүн ипотекийн зээлд хамрагдаж байсан

Хамгийн багадаа л 40-50 сая, тэгээд үнэ нь улам дээшлээд явчихдаг орон сууцыг сая хүрэхгүй цалинтай нийт масс шууд худалдан авч чадахгүй нь тодорхой. Харин тодорхой хэмжээний урьдчилгаа төлөөд бага хүүтэй, урт хугацаатай лизингээр авах нь тэдний хувьд хамгийн боломжийн сонголт. Тиймдээ ч улс зээлийн энэ хэлбэрийг бодлогоор дэмжиж, жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлийг 2013 оноос хойш олгож эхэлсэн билээ. Эхний жилүүдэд их наядаар хэмжигдэх хэмжээний санхүүжилтийг үүнд зарцуулсны ачаар гэр хорооллын хашаа байншингаа орон сууцаар солих иргэдийн тоо гэрлийн хурдаар өсөж байв. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 93 мянган өрх уг зээлд хамрагдаж, байртай болсон. Хэрэв ипотекийн зээл олгож эхлээгүй бол өдийд гэр хорооллын яндангийн тоо 220 мянга биш, 300 мянга давах байсныг дээрх тооноос харж болно. Энэ бол яах аргагүй том дэвшил. Гэхдээ баярлахад эрт байна. Учир нь уг зээлд зориулах санхүүжилт жил ирэх тусам багасаж, тэр хэрээр байртай болохыг хүссэн иргэдийн мөрөөдөл утаа болон замхарсаар байна.

2018 онд гэхэд энэ хөтөлбөрт зориулж 309 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, үүний ачаар 4676 өрх байранд оржээ. Гэтэл 2013 онд зөвхөн ганц сарын хугацаанд гурван мянган хүн тус зээлд хамрагдаж байсан гээд бод доо. 2016 онд гэхэд 12 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол өдгөө дээрх тоо гурав дахин буурчээ гэсэн үг.

Өдгөө гэр хороололд амьдарч буй иргэдийн 70 гаруй хувь нь орон сууцтай болох хүсэлтэй гэсэн судалгаа бий. Нөгөө талд зөвхөн улаанбаатар хотын хэмжээнд 62 мянган нийтийн болон амины орон сууцны төсөл хэрэгжиж буй. Иргэдийн эрэлт, барилгын компаниудын нийлүүлэлтийг нэг цэгт уулзуулж, тэднийг орон сууцаар хангах нь манай Засгийн газар, салбар хариуцсан Барилга хот байгуулалтын яамны үндсэн үүрэг мөн. Гэвч зээлийн хүртээмжийг нэмэхийн оронд богинохон хугацаанд гурав дахин хумьж, шийдчихлээ гэсэн байдалтай суугааг юу гэж ойлгох вэ. Өдгөө зээлийн бүх шаардлагыг хангаж, худалдан авах орон сууцаа сонгочихсон хэрнээ зээлийн санхүүжилт орж ирээгүй гэдэг шалтгаанаар байранд орж чадаагүй хүн хэдэн мянгаараа байна. Үүнээс ч олон хүн урьдчилгаа 30 хувь гэх өндөр босгыг давж чадалгүй, гэр хороололд галаа түлэн амьдарсаар байгаа. Салбарын яамны зүгээс урьдчилгааг бууруулж, хугацааг уртасгана гэсэн чихэнд чимэгтэй мэдээгээр иргэдийг баярлуулсан ч өмнөх амлалтуудынх нь нэгэн адил замхарсан. хэрэв урьдчилгааг 25 хувь болгож бууруулбал орон сууц авах одоогийн эрэлт 1279 өрхөөр нэмэгдэх тооцоог “Тэнхлэг зууч” компани хийсэн байна лээ.

Харин 20 хувь болговол эрэлт 3645 өрхөөр нэмэгдэх байв.  Иргэд байранд орох хүсэлтэй ч төлбөрийн боломждоо хүлэгдэж буйг эндээс харж болно.

• 2016 онд гэхэд 12 мянга гаруй иргэн ипотекийн зээлд хамрагдсан бол өдгөө дээрх тоо гурав дахин буурчээ.

• Орон сууц гэдэг боловсролтой адилхан анхдагч хэрэгцээ болсныг улс орнууд дуу нэгтэйгээр  хүлээн зөвшөөрч байна.

• Дунд болон дундаас доош орлоготой иргэдээ орон сууцанд оруулахын төлөө Засгийн газрууд идэвхтэй ажиллаж, тодорхой бодлогоор зохицуулах шаардлагатай гэдэгт Давосын чуулганы оролцогчид санал нэгдсэн юм.

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар салбарын яам юу хийж байгаа зээлийг ядаж урьдын хэмжээнд нь олгодог болохыг ядарсан иргэд чинь шаардаж байна.

Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал дэлхийн эдийн засгийн чуулганаар яригдах хэмжээнд хүртэл өндрөө авчихлаа. Орон сууц гэдэг боловсролтой адилхан анхдагч хэрэгцээ болсныг улс орнууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Дэлхий нийт үүнийг чухлаар авч үзэж байхад монголчууд бүр илүү чухалчлах ёстой. Хорт утаанаасаа салъя гэвэл жилд гурав, дөрвөн мянга биш, гуч, дөчин мянгаар нь орон сууцанд оруулах ёстой. Хэрэв одоогийн хурдаараа урагшилбал гэр хорооллын бүх өрхийг байртай болгоход 55 жил шаардагдах нь. Харин энэ хооронд нийслэлчүүдийн хэдэн хувь нь гамшиг болсон хорт утаанд хордож, нөгөө ертөнцийг зорьсон байх бол.

Улс мөнгөгүй хэцүү байна гэсэн хэрнээ хэрэггүй зүйлд хэдэн тэрбумаар нь зарцуулдаг, салбарын яам нь асуудлыг шийдэхийн оронд “судалж байна” гэсэн үгээр аргацаагаад өнгөрдөг ийм байдалтай цааш хэдэн жил явах вэ. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг барилгын яам шийдэл олохыг хүлээсээр байтал монголчууд бүгд утаандаа хордоод уушгигүй болсон байх вий.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ