Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн Түүх угсаатны секторын эрхлэгч Ч. ТУУЛЦЭЦЭГТЭЙ үндэсний хувцасны хийц загвар, уламжлалын талаар ярилцлаа.

-Монгол үндэсний хувцас өнөө цагийн хэлбэр, загвар руу хэдий үед шилжсэн юм бэ?

-Хүн төрөлхтөний түүхэн хөгжлөө дагаад нүүдэлчдийн хувцасны соёл хувьсч өөрчлөгдсөөр өдий хүрсэн. Тэр тусмаа өнөөдрийн бидний өмсч байгаа дээл бол XVII зууны сүүл XVIII зуунд өнөөдрийн хэв шинжийг олсон байдаг. Үүнээс өмнө лам буюу ихэнхдээ ташуу энгэртэй дээл өмсч байжээ. Дараа нь нийтээрээ дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон юм. Дөрвөлжин энгэртэй дээл ч нүүдэлчдийн нөлөөгөөр бий болжээ. 1756 онд Манж Чин улсын үед ноёдод хэргэм зэрэг олгох болсонтой зэрэгцэн дөрвөлжин энгэртэй дээлийг өмссөн. Өөрөөр хэлбэл, төрийн хэргэмийг дээлээр илтгэж манж хувцасны хууль гаргажээ. Өмссөн хувцсаар нь тухайн хүний хэргэм зэргийг тодорхойлж болдог байсан гэсэн үг. Хувцасны талаар хуульд заачихсан учир Монголоос очсон угсаа залгамжлах ноёдод хэргэм зэрэгт нь таарсан дээл хувцсыг бэлэглэдэг байсан. Энэ нь сүүлдээ албажиж суудал, зүүх эрхи, дээлэн дээрх бэлгэдэл, малгайн оройд байгаа чулуун жинс, өд зэрэг нь тухайн хүнийхээ хэргэм зэргийг илтгэдэг төрийн ёслолын хувцас болон өөрчлөгдсөн. Улмаар энгийн иргэдийн хувцасны загвар, соёлд ч нөлөөлсөн байдаг юм.

 

-Эртний олдворуудаас хаан хатад төдийгүй ард олон ямар хувцас өмсч эдэлж, хэрэглэж байсныг харж болдог. Монголын Үндэсний музейн сан хөмрөгт аль үед хамаарах, ямар загвартай  дээл хувцас хадгалагдаж байгаа бол?

-Монголын Үндэсний музейд байгаа эртний монголчуудын хувцасны дурсгал гэвэл, Уйгурын үеийн гутал бий. Түүнчлэн X зуун буюу Киданы үеийн эсгий хэвнэг, XIII-XIV зууны үеийн эмэгтэй, эрэгтэй дээл болон тусгай зориулалттай цэргийн, язгууртны дээл байдаг. Тэдгээрээс нүүдэлчдийн аж байдал ямар байсан төдийгүй дайн байлдаан, самуунтай үеийн хувцасны соёл харагддаг. Тухайн үед цаг улирал, зориулалтаасаа шалтгаалан үндэсний хувцас өөрийн гэсэн онцлогтой, төрөл зүйлээрээ ялгарч ирснийг малтлагаас олдож байгаа олдворуудаас мэдэж, харж болно. Жишээ нь, XIV зууны дээл манай музейд хоёр бий. Нэг нь, хүүхдийн дээл гэмээр жижгэвтэр бөгөөд материал, оёдлыг нь харахад энгийн хүнийхээс өвөрмөц, язгууртных гэж хэлмээр. Дээр нь торгон гадар, дотортой төдийгүй улирлын онцлогоос шалтгаалан завсар нь ноолуур хийсэн байдалтай олдсон. Хоёр дахь дээлийг бид цэргийнх гэж үзсэн. Учир нь, уг дээлийг 13 удаа нөхсөн байх агаад мөн төчнөөн тооны өөр материалаар оёж цойлдсон байсан. Энэ нь бидэнд тухайн цаг үеийн хувцасны материалыг судлахад ихээхэн хувь нэмэр болохуйц ач холбогдолтой олдвор юм. Дээр нь уг дээлийг бид яагаад цэргийнх гэж үзсэн гэхээр, хүний хөдөлгөөн хорьдог хэсэг буюу бугалганы дээд талын хэсгээр хагалж, түүгээр нь хүн гараа сугалдаргалах боломжтой. Дээлийн захны ард товч байх бөгөөд ханцуйны үзүүрт хоёр шилбээр товчилдог байж. Энэ нь нэг талаараа нүүдэлчдийн ахуй байдлыг харуулах ч тухайн үед дээл хувцасны соёл ямар их хөгжсөнийг тодотгосон олдвор болсон.

СОЛОНГОС ЭРЭГТЭЙ ХАМБУГИЙН ОЁДОЛ ҮЗЭМЧИНГҮҮДИЙН ДЭЭЛ ХАВДАГТАЙ АДИЛХАН

-Цэргийн дээлийн нөхөөсийг шинжлээд тухайн үед уран үйлчид ямар материалаар дээл урладаг байсныг мэдсэн байх. Судалгааны явц сонирхолтой байв уу? 

-Цэргийнх гэж тодорхойлоод байгаа дээлийг тааран материалаар урласан байсан. Нөхсөн материал дунд торго, арьс зэрэг дайн байлдааны үед олдож болох бүхий л материалыг ашигласан нь өнөөдрийн бидэнд шинжлэх ухааны үнэт баримт болж байна.

 

-“Дэлхийн хувцас загварын түүхэнд монгол үндэсний хувцасны талаар дурдаагүй байдаг” гэж манай нэгэн судлаач хэлсэн байдаг. Гэтэл эртний олдворуудыг харахад монгол үндэсний хувцасны хөгжил бусдаас хавь илүү байсныг олон зүйлээс харж болох ч дэлхийн хувцас загварын түүхэнд үнэхээр монгол үндэсний хувцасны талаар дурдаагүй байдаг юм уу. Эсвэл бидний өв соёлынхоо талаар хийсэн судалгаа тийм дутуу дулимаг байна уу?

-Би тантай санал нийлэхгүй байна. XIII зууны үед дэлхийг эзэлж байсан монголчуудын соёл тухайн эзэлж байсан ард түмэндээ тодорхой хэмжээгээр түгэн дэлгэрч байсан. Монголын үндэсний хувцасны хэв шинж одоо ч гэсэн тухайн ард түмэндээ хадгалагдаад үлдсэн байна. Жишээ нь, солонгосчуудын эрэгтэй хамбугийн оёдол үзэмчингүүдийн дээл хавдагтай адилхан. Тэд энэ талаар тайлбарлахдаа, XIII зууны үед бид монголчуудаас хамбугийн үндсэн хэв шинжийг авсан юм гэдэг. Хамбуг монголчуудаас гаралтай гэдэг юм. Солонгосын нэрт хувцас судлаач “Манай хамбуг болон хадамд гарч байгаа эмэгтэйчүүдийн хацрандаа түрхдэг улаан энгэсэг, урт хошуутай гутал нь монголчуудаас авч үлдсэн соёл юм” гэж байсан. Хятадын томоохон хувцас судлаачид ч гэсэн “Бид үндэсний хувцасны соёлыг хадгалж үлдэж чадаагүй. Өнөөгийн хятад үндэсний хувцас гээд байгаа нь хожим дэлгэрсэн хувцас” гэж хэлсэн удаатай. Тэдэнтэй зүйрлэвэл бид XIII зуунд ямар загвартай дээл урлаж, Уйгурын үед ямар гутал өмсч байсныг археологийн олдвороос олж мэдэж чадсан нь монголчууд хувцасны соёл өндөр байсны шинж юм. Энэ хэрээрээ монгол үндэсний хувцас дэлхийд түгэн тархсан гэж бодож байна. Ялангуяа, Ази, дундад Азийн хувцасны соёлд монголчуудын хувцасны хэв шинж, соёл түгэн дэлгэрч байсан нь баттай. Жишээ нь, хурим найрын зан үйлд баруун монголчууд эхнэр хүн болоход улаан өнгөтэй хуримын цув өмсгөж, зэргэлдээх айлуудаар нь зочлуулдаг байсан. Энэ зан үйл казахуудын дунд дэлгэрч байсан түүх бий. XIX зууны сүүл XX зууны эхэн үе хүртэл казахууд хуримын цув өмсдөг байсан байгаа юм.

 

-Өнөөдрийн бидний нэрлээд байгаа босоо захтай дээлийг Хүннү гэх нь зөв үү. Судлаачид энэ тал дээр маргалддаг юм билээ? 

-Хүннүгийн үеийн археологийн олдворуудаас мөөрөлжин захтай дээл гарсан. Өдгөө Эрмитажид хадгалагдаж буй Ноён уулнаас олдсон дээл үүний нэг жишээ юм. Нүүдэлчдийн дээл бартаатай захтай байсан нь ХIII-ХIV зууны чулуун дээр сийлсэн зурагт хадгалагдаж үлдсэн байдаг. Дараа нь XIII зуунд мөрөвч өмсгөл буюу додиг байсан болов уу гэмээр хээтэй, дээрээс нь богиновтор ханцуйтай хэвнэг маягийн хувцсан дотор урт ханцуйтай дээл өмсдөг байж. Гэтэл хэвнэг маягийн хувцсан дотор ташуу захтай дээл өмссөн нь хөшөө чулуун дурсгалд ч хадгалаастай үлджээ. Киданы үед дээлийг толгойдоо углаж өмсдөг байсан юм. Үүнээс гадна дээлийг зөрүүлж өмсдөг байсан байж болно. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр, одоогоос хэдэн зууны өмнө ч монголчууд олон төрлийн загвартай дээл өмсдөг байсан. Түүний нэг нь хүннү захтай дээл юм. Гэхдээ одоогийн хүмүүсийн  хийж өмсөөд байгааг хүннү захтай дээл гэх нь учир дутагдалтай.

 

-Энэ тал дээр судлаач бүр өөрийн гэсэн бодолтой байдаг байх. Судлаачийн хувьд монгол дээлийн талаар бусадтайгаа санал нийлдэггүй зүйл танд бий юү?

-Судлаачид монгол дээлийг нэг талдаа энгэртэй байсан гэдэг. Би хувьдаа давхар энгэртэй байсан гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, энгэр дээрээ давхар зөрдөг байсан гэсэн үг. Ингэж бодох болсны учир нь, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Нартын хадны оршуулгаас давхар энгэртэй эмэгтэй хүний дээл гарсан. Дээр нь Чингис хааны байлдан дагуулалтын үед дээлээ урлахдаа хүртэл олон зүйлийг бодолцож оёдог байжээ. Давхар энгэртэй дээл дааруулахгүй, одоогийнх шиг задгай энгэргүй байсан гэж бодож байна.

 

-Монгол дээл нэг хэсэг хэт загвар хөөж үндсэн хэв шинжээ алдсан бол одоо уламжлалт маяг руугаа шилжиж байна. Энэ нь үндэсний хувцас судлаачдын гавьяа, дээр нь уран гартай үйлчид үүх түүхээ судалсны илрэл юм болов уу?

-Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас олдсон язгууртны гурван дээлийг сэргээн засварлаад үзэсгэлэндээ тавьж байсан. Тэдгээр нь гурван төрлийн эсгүүртэй өөр өөр зориулалттай дээл байлаа. Энэ нь монгол үндэсний хувцасны соёл, хөгжлийг илтгэж буй хэрэг юм. Эхний дээл нь одоогийн манайхны дуучдын өмсдөг шиг мөр давсан хээ угалзтай. Энэ дээлийг материал, дүрсэлсэн хээ, оёдлын хувьд судалсан. Гэтэл энэ дээлэнд өнөөдрийн монголчуудын уламжлалт оёдлын төрлүүд бүгд багтсан байна. Хээ гаргахдаа бухарь даавуу ашиглаж, алтан утсаар оёсон байсан. Хээгээ мм-ийн зөрүүгүй оёсон нь надад үнэхээр гайхалтай санагдсан. Бид энэ дээлийг сэргээн оёулахад гурван оёдолчин дөрвөн сар ажилласан. Урлаачид маш нарийн чимхлүүр ажиллагаатай байсныг оёж дууссаныхаа дараа бидэнд хэлсэн. Тэдний урласан дээл одоо Монголын Үндэсний музейн үзвэрийн танхимд бий.

 

-Гурван дээлний загвар одоогийнхоос юугаараа ялгаатай байсан бэ. Зориулалтын хувьд ямар онцлогтой юм бол?

-Одоогийн дээлийг морь унахдаа өмсвөл хормой нь дээшээ шуугдана. Гэтэл дээр үеийн монгол дээл хормой өргөнтэй байсан. Өргөн хормойтой дээлийг биеийн |бүсэлхийн хэсгээр балбалчлах буюу хуньж оёдог. Энэ соёлын улбаа өдгөө буриад зон олны дээл урлах үйлд хадгалагдан үлдсэн. Мөн баруун монголчуудын дээлийг дээр дурдсанчлан балбалчилж оёдог.

 

ГОЁ ХУВЦАС ӨМСӨХ САЙХАН Ч БЭЛГЭДЭЛ, ЗАН ҮЙЛ ТАЛААС НЬ БОДОЛЦОХ ШААРДЛАГАТАЙ

 

-Нэг зүйлийг сонирхож асууя. Бидний өвөг дээдэс хүүхдийн дээлийг торгоор урладаггүй, аль болох хурдан элэгдэх материал сонгодог байсан нь ямар учиртай юм бэ. Магадгүй “Эзэн нь мөнх, эд нь хэврэг” гэдгийг бодолцож хүүхдийнхээ дээлийг урладаг байсан юм болов уу?

-Одоо л хүүхдийн дээлийг торгоор оёулдаг болсноос биш урьд аав, ээжийнх нь хуучин дээлийн хуулгыг угааж цэвэрлээд хүүхдэдээ баривч хийгээд л өмсүүлчихдэг байсан. Одоо нийгмээ дагаад олон зүйл өөрчлөгдөж байгаа ч Монголын ард түмний бүтээж ирсэн өв соёлоос гажих ёсгүй. Хүүхдэдээ ноёны хувцас өмсгөчихөөд явж байгааг хараад надад харамсах сэтгэл төрж байсан. Бас сүүлийн үед хүүхдэд эхнэр хүний хувцас хийж өгч байгаад их эмзэглэж байна. Ингэж болдоггүйн учир нь хүүхдэд хувцас хүндэднэ гэж байдаг. “Хүнд элээх ёстой хувцасны тоо гэж байдаг. Хувцасны тоо нь гүйцлээ” гэж хөгшчүүл ярьдаг. Гоё хувцас өмсөх сайхан ч бэлгэдэл, зан үйл талаас нь заавал бодолцох шаардлагатай. 

 

-Зан үйл талаасаа зарим хүүхдийг дээр дурдсан шиг хувцасладаг байсан шүү дээ?

-Ганцхан тохиолдолд буюу энхрий хүүхдэд зан үйл талаасаа хатан, ноёны хувцас өмсгөдөг байсан. Гэхдээ хүйсийг нь нуух зорилгоор албаар өмсгөнө. Түүнээс биш хүүхдээ энхрийлж, гоё сайхан харагдуулах гэсэндээ ноён, хатан дээлийг өмсгөж байсангүй. Олон удаа хүүхэд төрүүлсэн ч эндсэн айл эрэгтэй хүүхэдтэй болбол хүйсийг нь нууж эхнэр хүний дээл өмсгөдөг байсан. Ийм зориулалтаар оёулсан дээл манай музейд бий. Тиймээс хүүхэд залуусын хувцсыг бэлгэдэл талаас нь сайн анхаарах шаардлагатай байгаа юм.

 

-Монгол үндэсний бэлгэдэл талаасаа богино ханцуйтай загварын дээл өмсөх нь хэр зүй зохистой вэ. Уг нь богино ханцуйтай дээл өмсөх нь битгий хэл шамласан ханцуйгаа засахгүйгээр хүнтэй золгодоггүй заншилтай ард түмэн шүү дээ, бид?

-Аливаа зүйл цаг үеэ дагаж өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өвөг дээдсийнхээ эртнээс бүтээсэн өв соёлыг үр хойчдоо ямар байдлаар үлдээх нь биднээс шалтгаална. Үндэсний хувцасны хувьд хэн ч харсан Хятад, Солонгосын хувцаснаас Монголынх гэж ялгагдахаар бүтээл, бүтээгдэхүүнийг бид гаргаж ирэх ёстой. Өөрөөр хэлбэл, монгол дээлийн бусдаас ялгарах гол онцлогийг тодорхойлж, бүтээлдээ шингээх хэрэгтэй. Судлаачдын ярьж байгаа зүйл хувцас урлаачдад хүрэхгүй байна. Үүнээс шалтгаалан дээл оёхдоо хүн бүр өөрийнхөөрөө эсгэж, урладаг. Тиймээс монгол үндэсний хувцсаа судалж байгаа хүмүүс бусдадаа дуу хоолойгоо хүргэх ёстой юм.

 

ХАР ӨНГИЙГ ГАНСРАЛ, БЭЛЭВСРЭЛИЙНХ ГЭЖ ҮЗДЭГ

 

-Чингис хаан Сар шинийн баяраар цагаан дээл өмсдөг байсан тухай ном сударт бий. Өнгөний бэлгэдэл талаасаа цагаан сэтгэл, цагаан сүү зэргийг бодолцдог байсан юм болов уу. Ер нь Цагаан сараар цагаан дээл өмсөх нь бэлгэдлийн талаасаа зохимжтой юу?

-“Монголын нууц товчоо”-нд цагаан дээлийн тухай хоёр удаа дурдсан нь бий. Хоёуланг нь ёслол хүндэтгэлийн үед буюу Цагаан сарын шинийн нэгэнд, нөгөө нь зэрэг дэв олгоход өмссөн байдаг. Үүнээс харахад тухайн үед цагаан өнгө нь хүндэтгэлийнх байжээ. Энэ нь цаашдаа ард олны хэрэглээнд нэвтэрсэн байхыг үгүйсгэхгүй. Ойрадууд гэхэд л зуны дээл оёулахдаа цагаан, цайвар өнгө сонгодог. Ер нь бүх өнгөний эх нь цагаан шүү дээ. Ямар ч өнгийг хооронд нь холиод цагааныг гаргаж чаддаггүй.

 

-Баяр ёслолын үед бэлгэдлийн хувьд хориглодог байсан өнгө бий юү?

-Хар өнгийг гансрал, бэлэвсрэлийнх гэж үздэг байсан тул ийм өнгөтэй дээлийг төдийлөн таашаадаггүй байжээ. Мянгад, өөлдүүд хар өнгийн материалаар ууж хийж өмсдөг байсан нь тухайн ястны туулж өнгөрүүлсэн амьдрал, түүхээ хувцсандаа шингээж буй хэлбэр юм. Дээр нь алтан шар буюу шар өнгөтэй дээлийг энгийн хүн өмсөхийг хориглодог байсан үе бий. Энэ нь шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой юм. Ер нь хамгийн их бэлгэддэг өнгө нь хүрэн, тэр дундаа халхууд хул шар өнгийг ихээхэн бэлгэшээдэг байсан. Цэнхэр, хөх өнгөтэй материалаар дээл хувцсаа голдуу хийдэг байсан байгаа юм. Эрээн мяраан дээл нэг их өмсдөггүй. Материалын хувьд ч ялгаатай. Өвгөд хөгшид маань “Бидний үед насанд цөвтэй гээд торго дурднаар дээл хийлгэж өмсүүлдэггүй байсан” гэдэг. Үүнээс үндэсний хувцас ямар их түүх, бэлгэдэл агуулдгийг мэдэж болохоор байгаа юм. Тиймээс бид монгол үндэснийхээ хувцсыг хойшид судлах л хэрэгтэй байна.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин