“Тамхины хяналтын тухай” хууль батлагдаад нэлээдгүй хэдэн жил өнгөрлөө. Гэтэл өнөөдрийн байдлаар уг хуулийн хэрэгжилтэнд хяналт “ХЭН, ХААНА” тавиад байна вэ гэдэг нь тодорхой бус байсаар. Уг хуулийн зорилго нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг, үр дагавраас хүн амыг хамгаалах.

Гэтэл дам тамхидалтад өдөр болгон нярайгаасаа авахуулаад балчир үрс минь өртсөөр байна. Утааны хажуугаар хорт утаа үр хүүхдийг минь утсаар байгааг Эрүүл мэнд сайд нь мэдэж байгаа болов уу?

Монгол улс тамхины хуулийг хянах долоон орны нэг болчихсон. Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах ТҮЦ, хүнсний дэлгүүр, жижиг мухлаг хүртэл нууцаар ширхэглэн зарсаар байна. Худалдан авагчид эрүүл мэндээ бодохгүй байхад ашиг хонжоо хайгчид таны биеийг бодно гэдэг юу л бол. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хуулийн хэрэгжилтэд тааруу дүн тавьсан байдаг.

“Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” хэмээн хуулиндаа заасан юм. Гэвч хорооны гаднах талбайд ахмад настангаасаа авахуулаад залуус тамхийг баагиулж өгнө. Тэд хүүхдээ салхилуулж байгаа ээж нарын хажууд хээв нэг тамхилаад суухыг хорооны ажилтан, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар, цагдаа үл тооно. Хүүхдээ дан тамхидалтаас хамгаалах гэсэн муу ээж нар л тэд нарт шаардлага тавьдаг. Гэсэн хэдий ч ахмад настнууд “бид бас агаар салхи үзэж байна” гэж хэдэрлэдэг. Бяцхан үрс утаа гэх хороос хаврын урин урь орж буй энэ үед л салах боломж олддог. Гэтэл тамхичдаас болж хүүхдүүд агаарлаж чадахгүй байна. Тоглоомын талбайдаа эрх дураараа тоглох нь бүү хэл тамхины утаанд мансуурч эрүүл мэндээ хохироосоох байх уу. Манай улсад хууль хурдан батлагдчихдаг. Даанч хэрэгжилт, хяналт "тэг". 

Манай улсад 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зарцуулжээ. Монгол Улсад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн судалгаа бий. Тамхичид энэ тоон мэдээллийг уншаад тамхиа болих нь юу л бол. Харин хяналтадаа олигтойхон тавиад торгоод явчихвал тоо нь буурна. Адаглаад тоглоомын талбай дээр олноороо ирж тамхи татах нь багасаж байвал аштай.

Х.Даваа