Шинжлэх ухаан дээр суурилсан эдийн засагтай улс орны хөгжил  тогтвортой, хүн амын өрсөлдөх чадвар өндөр байдаг. Харин Монгол Улсад эсрэгээрээ улс төрчдөд найдсан, байгалийн баялагаа зарсан тогтолцоотой явж ирэв. Төр засгийн гаргаж буй шийдвэрүүд  шинжлэх ухааны үндэслэлгүй, сонгогчдод таалагдах гэсэн лобби, намын мөрийн хөтөлбөр дээр тулгуурласан байх нь олонтаа байдаг.

Монгол Улсын төрийн өндөрлөгүүдийн дэргэд  зөвлөх, судалгааны төвүүд ажиллаж ирсэн. Тэр судалгааны төвүүдэд нэр алдартай нийгмийн зүтгэлтнүүдээс гадна монголчуудын ахуй амьдралыг огт мэдэхгүй гадны зөвлөхүүд байсан байдаг. Үр дүн багатай, сайн дурын орон тоо бүтэцээс  татгалзсан УИХ-ын даргын бодлогын судалгааны зөвлөл байгууллагдсан байна. УИХ-ын дарга өөрийн гэдэг бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж буй.

Тэрхүү бодлогын зөвлөл УИХ-ын даргын  төлөвлөгөөг  урьдчилан шинжих, дүгнэлт, зөвлөгөө өгөхөөс ажлаа эхэлж байгаа аж. Нийт 16 гишүүдийн дийлэнх нь хуульч мэргэжилтэйгээс гадна нарийн бичгийн дарга хийж явсан намтартай юм билээ. Нарийн бичгийн дарга гэдэг албан хаагч бодлого төлөвлөгөө боловсруулдаг,   ажлыг нугалдаг, ачаалал даадаг улс байдаг юм. УИХ-ын даргын бодлого шийдвэрт эрдэмтэд нөлөөлж эхэлсэн нь шинжлэх ухаанд суурилсан бодлого шийдвэр гарах болов уу найдлага төрж эхэллээ.