Зүүний үзүүрт будаа тогтох адил хувь заяаг олж төрсөн хүмүүн бид. Гэтэл хүн болсон хувь заяагаа хорвоогоос эмгэнэлтэйгээр явуулах гэсэн оролдлого буюу амиа хорлолт манай улсад хэвийн мэт үзэгдэл болох нь ээ. 

Монгол Улсад 2012-2016 онд буюу сүүлийн 5 жилд амиа хорлосон 2,055 тохиолдол гарсан байдаг.  ДЭМБ-ийн гаргасан 2006 оны байдлаар Монгол улсын сэтгэцийн эрүүл мэндийн тайланд дурдсанаар сэтгэцийн эрүүл мэндийн салбарт нийт эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн төсвийн 2 хувь очдог аж. Нийт 100 000 хүн амаас сэтгэцийн эрүүл мэндийн төвд 841 хүн хандан үйлчлүүлдэг. 1000 хүн амд 17.7 ортой ганц л сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэг манай улсад бий. 100 хүн амд ноогдох мэргэжлийн сэтгэцийн эмчийн тоо 0.5 . Мөн 2014 онд л гэхэд нийт 160 гаруй хүн амиа егүүтгэсэн байна. ДЭМБ-ийн 2017 оны тайланд бичсэнээр Монголд 100,000 хүн тутамд 28.40 хүн амиа егүүтгэж байгаа нь дэлхийд гуравдугаар байранд орсон таагүй үзүүлэлттэй гарчээ.

"Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа"-ны дүнд гарсан тоо, баримтуудыг хүргэхэд, хүйсийн харьцааны хувьд нийт тохиолдлын 1,729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорложээ. Жилд дунджаар 346 эрэгтэй, 66 эмэгтэй амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлосон болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийт амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байх.

Сүүлийн таван жилд амиа хорлосон тохиолдлын насны бүлгээр авч үзвэл 10-89 хүртэлх насны хүмүүс амиа хорлосон байна. Дундаж нас нь 33±12.9 байна. Насны бүлгийн хувьд авч үзвэл 605 тохиолдол буюу 29.4 хувь нь 10-25 нас хүртэлх, 1,450 буюу 70.6 хувь нь 29-өөс дээш насныхан амиа хорлосон байна.

Сүүлийн таван жилд нийтдээ Улаанбаатар хотод 802, орон нутагт 1,253 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ.  Үүнээс үзвэл хөдөө, орон нутагт амиа хорлосон тохиолдол Улаанбаатар хотынхоос 1.5 дахин их байгаа аж. Харин газарзүйн байршлын хувьд зүүн болон баруун аймгуудад амиа хорлосон тохиолдол бага байна. Нийт 2,055 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 825 буюу 40.1 хувь, Хөвсгөл аймагт 136 буюу 6.6 хувь, Өмнөговь аймагт 105 буюу 5.1 хувь нь бүртгэгдсэн хэмээн өнгөрөгч онд явуулсан судалгаагаар тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар амиа хорлохыг завдагчид байсаар байна. Хамгийн сүүлд гэхэд,  Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны цонхоор хүн үсэрч амиа хорлохыг оролджээ. Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхоор  үсрэхийг завдсан байна. Түүнийг үсрэх гэж байхад нь цагдаагийн албан хаагч гараас барьж, амь насыг нь авран эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн тохиолдол бүртгэгджээ. 

Энэ сард дээрх дүүрэгт мөн л хоёр эрэгтэй амиа хорлохыг завдсан байдаг.  33 настай эрэгтэй Г нь тагтан дээр зогсож байсан аж.  Түүнтэй 20 гаруй минут ярилцсаны эцэст тагтнаас буулган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.  Мөн энэ өдөр  тус дүүргийн 11 хороололд  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 38 настай эрэгтэй цонхоор үсрэхийг оролдсоныг  сэтгэл заслын арга буюу ярилцлага хийж буулгасан гээд дурьдаад байвал цааш хөвөрнө. Эдгээр амиа хорлохыг завдагчдыг мэргэжлийн хүмүүс цаг алдалгүй ажиллаж авраагүй бол тэд нөгөө ертөнц рүү хэдийнээ одож, амиа егүүтгэсэн иргэдийн тоо нэмэгдэнэ.

Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт гэр бүлийн гадуурх харилцааны улмаас 36 настай хоёр хүүхдийн ээж 15 давхраас унаж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. 

Манай улсад амиа хорлолт нь чимээгүй тахал болоод байна.