Арваадхан хоногийн дараа хүүхдийн баяр тохиох гэж байна. Угтаа бол энэхүү баяр нь "олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдөр. Энэ өдөр хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллага, дүүргүүд, төрийн болон хувийн хэвшлийнхэн бүгд баярын арга хэмжээ зохион байгуулдаг. 

Тэгвэл энэ жил хүүхдэд ууттай бэлэг биш "тэднийг хамгаалах эрх"-ийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хуулийг чангатгахад нэгдэх цаг нь болсон гэдгийг олон сэртхийлгэсэн үйл явдлууд харуулж байна. Хүчирхийлэгчийн гарт амиа алдахаас наагуур болж, насан туршийн бие сэтгэлийн асар их хохирол амсаад байхад "сошиалаар л орилолдоод сууж байх" уу?

Хууль зүйн сайд ч олон арван аймшигт хэргүүд гараад байхад чихэн дүлий, нүдэн балай суусаар байх. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль зөөлдөж байгаа болоод гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийг харгислах жигшүүрт хэрэг таслан зогсохгүй байгаа гэдгийг нь хэнд ч ойлгомжтой харагдана. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт нагац ах нь долоон настай охины хурууг сүхдэж тасалсан сэтгэл сэрхийлгэсэн хэрэг гарав. Эмч нар яаралтай хагалгаа хийж, баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгасан. Охины гурван хуруу сэргэх магадлал 80-90 хувьтай аж. Харин нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн гэдгийг түүнд хагалгаа хийсэн эмч мэдээлсэн. Ганцхан эл хэргээр зогсохгүй маш ихээр хүүхдийн эрхийг болоод амь насанд нь заналхийлсэн хэргүүд бий. Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэж, жирэмслүүлсэн гээд муухай хэргүүд гарч байна. Гэмт хэргийг дандаа ураг төрлийнхэн хүмүүс үйлддэг гэдгийг хэдхэн хоногийн өмнө болсон “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хүн онцолсон. Хүүхдийн хөгжил, хамгааллын зардалд 2018 онд таван тэрбум, 2019 онд найман тэрбум төгрөгийг улсын төсөвт баталжээ. 2018 онд 519 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэнээс 487 буюу 48.7 хувь нь хүүхэд байна. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн дунд хүүхдийн эзлэх хувь 2015 онд 72 хувьтай байсан бол 2016 онд зургаан хувиар өсч байгааг харахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө баталсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн тусгай ангийн холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хорих хугацааг нэмэгдүүлэх, бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохиролыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна гэдгийг албаны хүмүүс ч онцолж байгаа. Гэвч манай улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан.

 Харин 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж үзэж байна. Гэхдээ хүмүүсийн шаардаж байгаа зүйл бол шударга ёс хэмээсэн ч хуулийнхан болоод судлаачид цаазын ялыг эсэргүүцээд буй. 

Цаазаар авах ял байснаараа онц ноцтой гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. НҮБ-аас ажлын хэсэг гарч, 1988, 2000 онд энэ асуудлыг тусгайлан судлаад цаазаар авах нь бүх насаар нь хорих ялаас илүү хүнийг санаатай алах зэрэг онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь олон улсад ч нотлогдсон. Канад улсад цаазаар авах ялыг халснаас хойш 30 жилийн дараа судалгаа хийхэд хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо энэ ялыг халахын өмнөхөөс 40 хувь буурсан байна. Энэтхэгт мөн цаазаар авах ялыг долоон жил гүйцэтгээгүй. Энэ хугацаанд Энэтхэгт онц хүнд гэмт хэргийн тоо 23 хувиар буурчээ. Монголын Статистикийн мэдээллийн санд буй мэдээллийг харахад энэ нь мөн нотлогдож буй юм. Цаазаар авах ялыг манай улс 2010 оноос хойш гүйцэтгээгүй. 2002-2009 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг жилд дунджаар 294 орчим гардаг байж. Харин 2010-2016 онд энэ төрлийн гэмт хэрэг буурч, жилд дунджаар 216 орчим болжээ. Жишээ нь, 2009 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг 223 үйлдэгдсэн бол 2016 онд 174 болж буурсан. Цаазын ялыг халснаас хойш долоо дахь жилд хүнийг санаатай алах гэмт хэргийн гаралт 22 хувь буурсан байна. Түүнчлэн, хүчингийн гэмт хэрэг гэхэд 2002-2009 онд жилд дунджаар 352 гарч байсан бол 2010-2016 онд дунджаар 318 болж буурчээ гэж  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан хэлсэн. 

Тэгэхээр манай улс хүчирхийлэгчтэй, энэ аймшигт хэргийн эзэдтэй хатуу тэмцэхийн тулд зургаадугаар сарын нэгний өдөр буюу хүүхдийн эрхийн өдөр төрийн болон хувийн хэвшлийнхэн "ууттай бэлэг биш", хүчирхийлэгчидтэй хатуу, чангаар тэмцэх эрхтэйг эрх баригчдаас шаардмаар байна. Ууттай бэлэг тарааж нэг өдөр баярлуулчихаад мянган өдөр тэднийгээ шаналгаатай амьдруулахыг хэн ч хүсэхгүй байлгүй дээ. Иймд хууль сахиулагчид хуулиа нэн яаралтай чангатгаж, хүчирхийлэгчийг цаазлаж болдоггүй юм бол хатуухан шийтгэе.