Ганцхан хоногийн дараа "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" тохиох гэж байна.

Энэхүү өдрийг 1950 оноос хойш дэлхийн 50 орчим улс зургадугаар сарын 1-ны өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж иржээ. Зарим улс оронд нэгээс 12 дугаар сарын хооронд сарын эхний эсвэл сүүлчийн амралтын өдрүүдэд Хүүхдийн баярыг тэмдэглэдэг байна. Жишээлбэл, Багамад Хүүхдийн баярыг нэгдүгээр сарын эхний баасан гаригт, Доминикан улсад 12 дугаар сарын сүүлчийн баасан гаригт тэмдэглэж хэвшсэн байна. Харин манай улсын хувьд энэ өдөр зөвхөн хүүхдүүд баярлах нь хангалтгүй, тэднийг тээж төрүүлсэн ээж нарыг ч бас баярлуулах хэрэгтэй гэж үзэн Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, бид 1995 оноос эхлэн "Эх үрсийн баяр" тэмдэглэх болсон. Гэвч "Эх үрсийн баяр" болгох 1995 оны шийдвэрийг 2003 оны тавдугаар сарын 22-нд УИХ албан ёсоор цуцалж, зөвхөн "Хүүхдийн баяр" болгосон билээ.

Зөвхөн ХҮҮХДИЙН БАЯР болгон тэмдэглэж ирсэн энэхүү өдөр нь тэдэнд чин сэтгэлийн хайрыг бэлэглэж, инээдээр цалгиулахыг энэ удаад онцолж байна. Ийн бичихийн учир нь сүүлийн жилүүдэд төрүүлсэн үр хүүхдээ хайрлахгүй өнжрүүлэх, өлгийдтэй үрсээ голон гудамжинд орхих, төрсөн өвөө нь хүчирхийлэх гээд олон аймшигт хэргүүд гарах болсон. Мөн өсвөр насныхан амиа хорлох үйлдэл гаргах болсон нь нийгмийг цочроож буй. 

Хүүхдээ загнаж, хүмүүжүүлэх аргаасаа салахгүй байгаа нь хүүхдийг аз жаргалгүй болгодог гэдгийг сэтгэл зүйчид ярьдаг. Тухайлбал, Монгол, Хятад 12 насны хүүхдийн өөрийгөө ухамсарлах түвшинд эцэг эхийн хүмүүжлийн арга барил хэрхэн нөлөөлж буйг харьцуулан судалжээ. Энэхүү судалгаанд  одоогоос хоёр жилийн өмнө Монгол 624 Хятад 557 хүүхэд хамрагдсан байдаг.  Жишээ нь судалгааны нэг асуулт болох  “та сайн хүн мөн үү” гэсэн асуултанд Хятад хүүхдүүдийн дийлэнх нь “тийм” гэж хариулсан бол Монгол хүүхдийн 54.7 хувь нь “үгүй” гэж хариулсан ажээ. "Үүнд юу нөлөөлсөн байх вэ гэж олон зүйлсийг харьцуулан судлахад Хятад эцэг эхчүүд хүүхдээ урамшуулан хүмүүжүүлдэг, хэр барагтай бол загнаад байдаггүй. Тэгээд ч ганц хүүхэдтэй болох хууль хэрэгждэг тул ямар эцэг эх ганц хүүхдээ шүүмжлэх билээ, эцэг эхийн хувьд хүүхэд нь хамгийн шилдэг мэт санагддаг, байнга урмын үгээр тэтгэж хүмүүжүүлдэг байх магадлалтай. Харин Монгол эцэг эхчүүд хүүхдээ хэр бараг урамшуулдаггүй, гавьяа байгуулсан ч  ач холбогдол бага өгч байгаа мэт харагддаг, харин эсрэгээрээ алдаа гаргах бүрт нь  шийтгэж эсвэл шүүмжилж загнадаг нь нөлөөлсөн байх гэсэн таамаглал үүссэн. Ер нь хараад байхад манай Монгол хүмүүсийн сэтгэл зүйн нэг онцлог нь тийм ч нялуун дотно биш, ахуй амьдралын хэв маягтай нь холбоотой болов уу. Гэхдээ энэ байдал нь хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжинд тун муугаар нөлөөлдөг болохыг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй" хэмээн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн онцолж байсан удаатай. 

Хүүхдийн бага нас гэдэг бол эцэг эх болон бусдын хайр энхрийлэл дэмжлэг туслалцаанд зөв хүмүүжлийг олж авдаг нас гэдэг. Гэтэл манай улсад энэ байдал эсрэгээрээ болсон гэхэд хилсдэхгүй. Хүүхэдтэй та хамгийн сүүлд, хэзээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн ярилцаж, түүний үгийг сонссон бэ? Арай та хүүхдэдээ өөрийн үзэл бодлоо тулгаж, өөрийнхөөрөө байлгах гээд байдаг юм биш биз , тийм бол та түүний ирээдүйг сүйтгэж байна гэсэн үг.  Хүүхэд хоол ундаар дутагдаж, гачигдаагүй боловч юутай ч харьцуулашгүй халуун дулаан харилцаа, хайр энэрэл дутагдсанаас өөртөө итгэх итгэл муутай, цаанаа нэг гунигтай, гутранги үзэлтэй болж төлөвшдөг байна. Гэр бүлийн болоод эцэг, эхийн хайр энхрийлэлийг дутуу өгсөнөөр хүүхэд харилцааны дутагдал ордог гэнэ. Энэ нь хүүхдийн хөгжилд маш нөлөөтэй бөгөөд харааж загнах, цохиж шийтгэх, элдвээр доромжлох, дорд үзэх зэрэг нь харилцааны дутагдалд маш ихээр оруулдаг аж. 

Иймд зөвхөн ганцхан өдөр түүнийг сэтгэлийн хайраа бэлэглээд үзээд хариуд нь та өмнө төсөөлж байгаагүй сайхан мэдрэмжийг авна. Хүүхдийг ганцхан эрхийнх нь өдөр хайрлах бус өдөр бүр хайр түгээж байна гэдэгт найдаж байна.

 

 

Цуврал-1: Тэдэнд ууттай бэлэг биш "ЭРХ" ...

Цуврал-2: Хүүхдийн эрхийн өдөр: Хүсээгүй дайнаас үрсээ хамгаалъя

Цуврал-3: Хүүхдийн эрхийн өдөр: Эрүүл мэндийг нь бодоорой