Монгол Улсын нийт иргэний 105 мянга гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн статистикийг өнгөрсөн оны сүүлчээр Статистикийн үндэсний хороо гаргаж байсан. Тэдний 36 орчим мянга нь Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд үүний 60 орчим хувь нь хүүхэд. Гэвч нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын байр хомс, сургалтын систем боловсронгуй биш. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй байдлаар авч чаддаггүй, тэдэнд зориулсан кабинет дутагдалтай байдаг.

Тэгвэл Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нийслэлийн МАН-ын хороо, нийслэлийн удирдлага хөгжлийн бэрхшээлтэй 2000 хүүхдийг хүлээн авлаа. Арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулах зэрэг цөөнгүй ажил хийх талаар холбогдох албаныхан мэдээлсэн. Тухайлбал, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зургаан сургууль, хоёр цэцэрлэгийн хүүхэд, багачуудыг хамруулсан үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар нийслэлийн МАН-ын хороо санаачилга гаргалаа. Энэ өдөр зөвхөн хүүхэд багагачуудыг хүлээн авч, урлагийн тоглолт үзүүлэх бус, тэдэнд ээлтэй, өөрийгөө хөгжүүлэх орчин нөхцөл бүрдүүлэхэд түлхүү анхаарна” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 2200 орчим хүүхэд суралцаж буй аж. Тиймээс нийслэлийн МАН-ын хороо, нийслэлийн удирдлага хамтран цөөнгүй ажил хийхээр санаачилжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв барьж, ашиглалтад оруулах гэнэ. Нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, ээлтэй дэд бүтэц бий болгох замаар тэднийг нийгмийн амьдрал идэвхтэй оролцох оролцоог нэмэгдүүлж, ажлын байр нэмэгдүүлэх ажээ. Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кабинет нээсэн нь эдгээр ажлын эхлэл аж.