Манай улс 60 сая малтай гэж гайхуулдаг хэрнээ иргэд нь хоолны махныхаа үнийг дийлэхээ больж байна. Хаврын цагт махны үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Гэвч энэ жилийн хувьд нөөцийн мах их эрэлттэй байгаа ч олдоц ховордов.

Өнгөрөгч сард нөөцийн махны нийлүүлэлт муу байснаас үүдэн "картын бараанд дугараалан зогсдог байсан шиг оочерлоод авсан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд авсан. Ардчилсан монгол улс хөгжөөд байна уу, хойшоо ухраад байна уу хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандав. Ерөнхий сайд  асан Н.Алтанхуягийн үеэс үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханшид нөлөөлөн оролцож эхэлсэн. Энэ нь нэг талаараа иргэдэд дэм болсон ч нөгөө талаасаа дарамт үүсгэсэнийг хэн хүнгүй мэдэж буй. Хэт их төр оролцоод ирэхээр буурах биш өсөх хандлагатай болчихдог юм байна лээ. Өндөгний үнэ ширхэг нь 500 төгрөг болж өсөж байсныг та бүхэн мэдэж буй биз. 

Өнөөдрийн хувьд яг ийм байдалд орчихоод байна. Махны үнийг, нийлүүлэлт төрөөс бодлого хэрэгжүүлээд эхлэхэд л мах "магнат" хадах нь тэр. Нөөцийн мах бэлтгэлийнхээ хувийг гурав дахин бууруулж бэлтгэснээс 60 сая малтай гэгддэг иргэд махны нийлүүлэлтгүй болсоноос нэг килограмм үхрийн мах 18 мянга хүрэв.

Хэрэглээний үнийн индекс энэ оны эхний улиралд бүх бүс нутагт өсөлттэй байжээ. Ингэхдээ хүнсний үнийн инфляц Улаанбаатараас бусад бүсэд ерөнхий индексээсээ илүү байгаа нь хүнсний хэрэглээний гол зүйл болох махны үнийн өсөлттэй голчлон холбоотой байгааг Төв банкнаас гаргасан нэгдүгээр улирлын тайланд онцолжээ. Өөрөөр хэлбэл, нэг кг хонины махны үнэ бүс бүсийн хэмжээнд 19.5-28.1 хувиар өссөн бөгөөд хамгийн их өсөлт хангайн бүсэд, хамгийн бага өсөлт Улаанбаатар хотод байгаа аж. Ингэснээр махны үнийн өсөлтийн өрхийн төсөвт үзүүлэх дарамт нэмэгдсэн байна. Тиймээс Төв банкны Эдийн засгийн судалгаа статистикийн хүрээлэнгээс өрхийн орлого, зарлагын судалгааг улс даяар хийжээ. Тус судалгаагаар өрхийн сарын дундаж орлого Улаанбаатар хотод 1.4 сая төгрөг, төвийн болон зүүн бүсэд 1.2 сая төгрөг, баруун болон хангайн бүсэд 1.1 сая төгрөг байгаа гэнэ. 

2019 оны тавдугаар сарын 29-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.6 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухалбайл, махны дундаж үнэ: ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.7 хувь, үхрийн ястай махны үнэ 23.0 хувь, үхрийн цул махны үнэ 21.0 хувь, хонины ястай махны үнэ 19.7 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувиар буурч бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. Өнгөрөгч сарын 29-ний байдлаар  нэг кг үхрийн цул мах 14283 төгрөг, үхрийн /ястай/ мах 11850 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10422 төгрөг, адууны /ястай/ мах 9188 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байв. Гурилын үнэ: өмнөх сараас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувир тус тус нэмэгджээ.