Улс төрчдийн дуулиант үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр. Иргэд асуудал нь цэгцэрч улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт хувь нэмрээ оруулахыг хүлээсээр сууна. УИХ-ын гишүүд нь талцаж, нам дотроо хагаралдан бие биенээ хэмлэлдэх нь хэрээс хэтрэх тийшээ хэлбийж байна. Өдгөө Засгаа унагаахаар тохиролцоо хийгдэх гэж буй гэх шуум дэгдэв. Уг нь 76-д "Үндсэн хуулиа өөрчлөх" эгзэгтэй агшинд ажиллаж байгаа. Олонхи болсон МАН-ын бүх гишүүд үндсэн хуулийг өөрчлөлтийг дэмжиж буй гээд кнопоо дарчихвал "асуудал дуусаа". Эцэг хуулиар оролдохыг олон хүн эсэргүүцсээр байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Өдгөө өргөн баригдаад байгаа эцэг хуулиас цухас дурьдвал,

-Ерөнхийлөгчийг 6 жил зөвхөн ганц удаа сонгоно-

1992 оны Үндсэн хуулийн дагуу  Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог. Тэгвэл одоо өргөн баригдсан байгаа хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалт бий. 

-Давхар дээлнээс салахгүй-

"Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно”" гэж заажээ. Ингэснээр Засгийн газарт таваас илүү сайд “давхар дээл”-тэй байх боломжгүй, УИХ-ын гишүүдийг сайд болгохын тулд яамдын тоог нэмдэг байдал хаагдаж байгаа нь авууштай. Гэвч "болно" гэсэн үгийг тэд зөвшөөрсөн утгаар хүлээж авах нь тодорхой. Ингээд улс төрчдийн шоу хийх сэдэв нэгээр нэмэгдэх магадлал өндөр болох нь тэр.

-Засгаа унагаж тоглох уу-

Их хуралд олони, цөөнхи болсон гишүүд Засгаа унагаачих гээд үзэлцдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өөрийн намын хүнээ Ерөнхий сайдаар томилох гээд яаж улайрахыг бид өмнө Засгийг унахад харсан. Тэгвэл уг хуулийн өөрчлөлтөд "УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавивал УИХ гурван хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно” хэмээн заасан байгаа юм. Заавал “хамтад нь албан ёсоор тавих” гэсэн нь бас ардаа асуултын тэмдэгтэй үлдэж байна.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: Одоо өргөн бариад байгаа  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дандаа хэрэг төвөгт холбогдчихсон хүмүүс хийх гээд байна. Зориуд  тийм хүмүүсээр хийлгэх гээд байна уу, тэр хүмүүс Монголд ийм өөрчлөлт хэрэгтэй гэсэн эрүүл саруул зүйлийг бодсон ч хийж чадахгүй шүү дээ. Энэ утгаар нь авч үзвэл, одоогийн УИХ, дээр нь “60 тэрбум”-ын луйврын аргаар гарсан гэдгээ МАН-ынхан өөрсдөө хэлчихсэн. Тэр ажлыг удирдсан М.Энхболдыгоо огцруулсан, легитм шинж чанаргүй, ард түмний итгэл даахгүй, иймээс ёс суртахууны эрхгүй, талаас илүү хувь нь хэрэгт холбогдож яллагдагч, сэжигтнээр татагдчихсан, гэрчээр байцаагдаж байгаа улс, гадаад дотоодын захиалсан Ерөнхий сайдыг гаргаж ирэх магадлал өндөр Үндсэн хуулийг хийгээд сууж байх нь  маш хортой.

 Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд  Д.Бямбасүрэн: Манайх Санал асуулгын тухай хуультай ч нэг ч удаа хэрэглээгүй. Хуулиар бол санал асуулгыг нэг л асуулгаар явуулдаг. Хоёр асуудлын хувьд аль алинаар нь санал асуулга явуулж болно. Швейцарьт санал асуулга явуулаад болоод байдаг бол манайд төр нь ард түмнээсээ айдаг учраас санал асуулга явуулж чаддаггүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлт нь угаасаа луйврын шинжтэй  болохоор тэрийгээ ил гаргахаас болгоомжлоод байх шиг. Ард түмний санал асуулга явуулахад суртал ухуулгаа яаж хийх вэ, асуудлаа яаж танилцуулах вэ гэдэг нь чухал. Зөвлөлдөх санал асуулга гэгчээр  ямар ч мэдлэггүй хүмүүсийг Төрийн ордонд авчирч баахан юм асууж жүжиг тоглосноор шийдэж  болохгүй. Үндсэн хууль бол төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ юм. Энэ гэрээ өөрчлөгдөж болно. 1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгээд халагдлаа гэх нь юу юм, нийтлэг үнэт зүйл гэвэл олон бий. Гэхдээ төрийн бодлого талаас бодоход өөрчлөх зүйл олон байна. Жишээ нь, манай Үндсэн хуульд санхүүгийн зохицуулалтын бүлэг байхгүй. Тиймээс УИХ руу баячууд тэмүүлдэг, наймаачид тэмүүлдэг, төсөв хөрөнгө хувааж идэхийн төлөө л  тэд өрсөлддөг. Үндсэн хуульдаа санхүүгийн бүлэг оруулчихвал байдал огт  өөр болно.

Ийнхүү үндсэн хуулин хийх өөрчлөлтийн талаар туршлагатай улстөрчид төдийгүй хуульчид хүртэл эсрэг байр суурьтайгаа байгаагаа илэрхийлээд байгаа билээ. Сөрөг хүчингүй байгаа энэ цаг үед зөв өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг нь олон хүнийг сэтгэлийг чилээж буй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт АН оролцох гэдгээ мэдэгдсэн.