Манай улсад сүүлийн жилүүдэд "хорт хавдар" гэх аймшигт өвчинд ирээдүй үе минь идүүлж байна. Өдгөө том хүний тэр тусмаа амьдрал үзэж, нүд тайлсан хүмүүсийг л эл өвчнөөр өвчилдөг гэж төсөөлж явсан үе ард хэдийнээ хоцорчээ.

Эсрэгээрээ дэндүү гэнэн томоогүй хүүхдүүдэд маань хүндхэн давааг үүрч, өвчиндөө энэлэн шаналан "хорт хавдартай" тэмцэж байгааг дуулган эцэг, эх нь эмчилгээний зардал босгох аянг өрнүүлэх болоод олон жил болж байна. Хоёр идчихгүй, хоосон хонохгүй яваа ард түмэн нь ядарч яваа нэгэнтээ мөнгө хандивлаж, эрвийх дэрвийхээрээ тусалсаар л.... Гэтэл бид чинь дээрээ төртэй улс. Эрх баригчид энэ тухай лоозондохгүй байна.   Хөөрхий, эмч нар маань хорт хавдраар өвчлөх иргэдийн нас залуужиж байна гэж мэдээллэхээс өөрөөр тэднийхээ алтан амийг аврахын төлөө шаардлагатай байгаа шийдвэрийг үл гаргаж чадна. 

Гэлээ ч зүгээр суулгүй үндэсний хэмжээнд  0-19 насны хүүхдийн хортой, хоргүй хавдрын тархалт, өвчний онош, төрлөөр анх удаа нарийн судалгаа хийсэн байна. Уг судалгааг ЭХЭМҮТ-ийнхөн хийсэн бөгөөд Улсын хэмжээнд 2014 онд 556 хүүхэд хавдартай байсан бол 2018 онд 702 болж нэмэгджээ. Цаашид нэмэгдэх хандлагатай нь судалгаагаар тогтоогджээ. Хоргүй хавдрын нэр, төрөл хортойгоосоо олон бүртгэгддэг ч аюул, хөнөөл багатай. Энэ төрлийн өвчний тохиолдол жил бүр ижил түвшинд оношлогдож байхад хорт хавдрынх 2014 онд 134, өнгөрсөн онд 260 болж өссөн байна. Үүнийг Олон улсын аргачлалаар авч үзвэл 0-19 насны 10 000 хүн амд ногдох хавдрын өвчлөл сүүлийн таван жилд 5.1-5.5 болж нэмэгдсэн гэдгийг судалгааг хоёр жилийн хугацаанд хийсэн эмч нар онцлов.

Дэлхийн хүүхдийн хавдрын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар зонхилон тохиолддог хавдрын 95 хувийнх нь шалтгаан өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ ихэнхдээ удамшлын шалтгаантай үүсдэг ч хэзээ, яаж, хаана, яагаад ургасан нь “нууц”. Нөлөөлөх хүчин зүйлийн тоонд мэдээж агаар, орчны бохирдол, эцэг, эхийн хорт зуршил, хүнсний аюулгүй байдал хамгийн нэн тэргүүний асуудал аж. Гэтэл манай улсад энэ тал дээр онц аюулын байдалд хүрчихээд байгаа хэрнээ зогсоож дийлэхгүй л байна. Өдөр болгон шахуу л улсын хилээр эрүүл мэндэд заналхийлсэн бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завддаг. Хяналт шалгалтаар илрүүлэн хураасан ч хоол судлаачдын "эрүүл мэндэд муу" гэсэн хүнс худаалагдаж л бий. Тухайлбал, чипс, хийжүүлсэн ундаа, хатаасан жимс, элдэв өнгө, үнэр амттай жүүс, ундаа, резин чихэр зэрэг зөндөө байна. Эдгээр нь бүгд л өнөөх аймшигт хорт хавдрыг үүсгэгчид гэдгийг мэддэг хэрнээ тэр бүр хориглож чадахгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, төр засгаас хүүхдийн хавдартай тэмцэхэд оролцоо маш их үгүйлэгдэж байна. 

Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хавдрын эмчилгээний үр дүн 80-90 хувьтай байхад ядуу, буурай оронд энэ үзүүлэлт 3-4 дахин бага. АНУ 2021 он гэхэд шалтгаан нь тодорхой хавдрыг бүрэн эмчлэх зорилт дэвшүүлжээ. Манай улсын хувьд холбох ба бусад зөөлөн эдийн, яс ба үений мөгөөрсний, өөхөн эдийн, тархи ба төв мэдрэлийн тогтолцооны, бусад хэсгийн хоргүй хавдар зонхилж байгаа аж.

Харин хортой хавдрын дотор тунгалгийн цус төлжүүлэх ба энэ төрлийн өмөн буюу цусных, нүд түүний дайвар, зөөлөн эдийнх, тархи, нугасных зонхилон тохиолдож байгааг “Монгол Улс дахь хүүхдийн хавдрын өвчлөл”-ийн судалгаанд тодотгов. Ийм хавдартай хүүхдүүдийн амьдрах чадвар, эмчилгээний үр дүнг тус судалгаанд улаанаар тэмдэглэсэн байв. Цусны хорт хавдар дотроо 3-4 төрөл бөгөөд 70-80 хувь нь лимфолейкоз буюу цагаан эсийнх ихэвчлэн оношлогддог аж. Өвдсөн хүүхдийг хянах дундаж хугацаа 2.7 жил, амьдрах чадвар нь 69.6 хувьтай байдаг гэнэ.  Иймээс төр засгийг залуурдаж яваа эрхэмүүд сандал ширээний асуудлаа орхиод ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд хөрөнгө мөнгө тусгах шаардлагатай байгааг дуулгая. 

Улсын төсөвтөө өөрсдийн унаа, цалин хөлсөө багтаачихдаг хэрнээ өвчиндөө шаналж яваа үрсийн минь эмчилгээний зардалд хувь нэмрийг "түй" ч тусгаагүй байдагт харамсаж байна. Одоо л хөдлөхгүй бол, ойртоно...