Нийгэмд маш их хүлээлтийг үүсгэсэн "Түрээсийн орон сууц хөтөлбөр" удахгүй хэрэгжих нь ээ. Тодруулбал,  “Буянт-Ухаа” 972 айлын орон сууцын 30 хувийг иргэдэд худалдан борлуулахгүйгээр энгийн журмаар түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг дахин төлөвлөлтөд орсон өрхийг оруулахад ашиглахаар болсон байна.

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг энэ сарын 22-ноос цахимаар бүртгэх бөгөөд наймдугаар сараас орон сууцанд нь оруулах аж. Одоогоор тус орон сууцыг Улсын комисс хүлээж аваагүй байна.

Түрээсийн орон сууцанд хэн хамрагдах боломжтой вэ? гэдгийг  "Нийслэлийн орон сууцны корпорац"-ын захирал Б.Сүхбаатараас тодруулав. Тэрбээр  “Инженерийн дэд бүтэцгүй, гэр хороололд амьдарч байх ёстой гэсэн шаардлага байгаа. Мөн залуу гэр бүлд түрээслүүллээ гэхэд нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоо зэргээр нь ангилаад хамруулна. Өрх толгойлсон эцэг, эхэд түрээслүүлбэл, хүүхдийн тоог нь хараад хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхлээд түрээсийн орон сууцанд оруулна. Энэ журам  Засаг даргын зөвлөлийн хурлаар орсон. Журмандаа мөн Засаг даргын зөвлөлийн дэргэдэх Орон сууцны зөвлөл түрээсийн орон сууцанд амьдрах өрхийг сонгохдоо сугалаагаар явуулах уу, сонгон шалгаруулалтаар явуулах уу гэдгээ өөрсдөө шийдэж болох тухай мөн оруулсан. Иргэдээс сугалаагаар явуулах нь зүйтэй гэдэг санал олон ирсэн. Гэхдээ сугалаагаар явуулахдаа олон нийтээс бүрэн санал авах ёстой гэж зарим гишүүд хэлсэн. Бидний боловсруулсан журамд сонгон шалгаруулалт хэлбэрээр явуулах боломж бий” гэлээ. 

Уг орон сууцанд хамрагдахын тулд иргэд ямар нэгэн дарга, тухайн тойргийн гишүүндээ хандах ямар ч шаардлагагүй бөгөөд зөвхөн цахимаар бүртгүүлнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, төлөөлөгч нарт ямар ч квот байхгүй гэдгийг Б.Сүхбаатар онцлов. Иймд иргэд цахим бүртгэлээ хийлгээд дараа нь нээлттэйгээр хяналт тавих бүрэн боломжтой юм байна.