Цалингаас цалингийн хооронд амьдардаг бидний олонхын хувьд кинон дээрээс л хардаг боодол боодол мөнгө, валютыг жирийн нэг хэлтсийн дарга оймслоод явж байхыг монголчууд нийтээрээ харлаа.

Энэ бол 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн үйл явдлыг баримтжуулсан бичлэг гэдгийг энд тодотгох нь зүйтэй. 

Тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд өнгөрч байсан ч ингэтлээ нийтээрээ шуугьж байсангүй. Цаг хугацааны хувьд бид авлигачдын үнэн нүүр царайг хэтэрхий хожуу харсан нь гомдмоор ч тэрбум гаруй төгрөг зүгээр л нэг хэлтсийн даргад байгааг илчилснээрээ энэ бичлэг үнэ цэнтэй байлаа.

Мөн МХЕГ гэх байгууллага ямар хэмжээнд авлигажсаныг харуулснаараа “шинэ” байв. Мөн төрийн албыг мөнгө босгох хэрэгсэл болгож, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал гаарсан болохыг нотоллоо.

Түүнчлэн төрийн албанд хэн нэг даргын тушаалаар томилогддог өлөн цөөвөр шиг нөхөд хэрхэн явсан, суусан газраа самарч болдгийг энэ хэрэг харууллаа.

Байсхийгээд л МХЕГ гэх хяналт, шалгалтын аппаратын нэр хүндийг системээр нь унагадаг авлигач байцаагчдын үйлдэл энэ мэтээр илчлэгддэг ч тэгсхийгээд намждаг. Ийм жишээг үй олноор нь дурдаж болно.

Тухайлбал, Улаанбаатар хотын ногоон бүсэд ой цэвэрлэх нэрээр хууль бусаар мод бэлтгэж, өдөр шөнөгүй модны захуудад нийлүүлэх явдал тасрахгүй байгаа. Өдгөө ч ийм. Гэтэл энэ бүлэглэл, ийм наймааны ард мэргэжлийн хяналтын байцаагч нар байсныг илрүүлж байсныг тод санаж байна.

Тодруулбал, модны ченжүүдтэй мэргэжлийн хяналтын байгаль орчны байцаагчид хуйвалдаж компани байгуулан мөнгө хийж байсныг хууль хяналтынхан тогтоосон байдаг.

Мөн 2013 онд Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын нэр бүхий таван байцаагч сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Баян чандмань милк” компанийн ажилчдыг дарамталж, нэхсэн авлигыг нь өгөөгүйн төлөө томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан бүтээгдэхүүний борлуулалтыг нь зогсоосон хэрэг ч тухайн үедээ АТГ-т очиж байв.

Энэхүү хэргийн талаар эргэн сануулахад, тухайн үеийнхээ албан тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга асан Д.Одхүү болон байцаагч Одонгэрэл, Мөнхцэцэг, Баярмаа, Бат-Эрдэнэ нарыг энэ хэрэгт сэжигтнээр татсан байдаг.

Хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй нь байцаагч Баярмаа мэдүүлэгтээ “Дарга л яасан овоо газар вэ. Наад актаа бүх борлуулдаг дэлгүүрээр нь тараа. Биднийг өдөх ийм байдаг гэдгийг ойлгож аваг. Өөрсдөө гуйгаад хүрээд ирнэ биз” гэж хэлээд үүрэг өгсөн гэдгийг мэдүүлэгтээ дурдсан байдаг.

Зөвхөн энэ л жишээнээс МХЕГ, НМХГ, дүүргүүдийн хяналтын байцаагч нар хэрхэн даварч, иргэд ААН-ийг шантаажилдаг болохыг төвөггүй харж болохоор байгаа юм. Тиймгүйсэн бол энгийн нэг хурган даргынх нь оймсонд тэрбум гаруй төгрөг хавчуулагдчихсан байх уу.

Иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах, дарамтлах, шантаажлах байдлаар авлига авдаг, иргэдийг авлига өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг арга барил нь МХЕГ-ын байцаагч нарын гаршсан үйлдэл болсныг дээрх хэргүүдээс гадна оймсны хавчуурга болсон тэрбум гаруй төгрөгийн хэрэг харууллаа. Уг хэрэгт нийт 25 хүний нэр холбогдсон байдаг.

Дахин сануулахад, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нар шүүхээр шүүлгэсэн юм.

Нүд, чих бүлтийлгэсэн энэхүү их мөнгөний хэргийг хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг өнөөх л хясан боогдуулах арга хэрэглэж дарамталсан байдаг. Нийт 21 аж ахуйн нэгжээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авсан байцаагчдын мөнгө сейфэндээ багтахаа больсон тул иргэдийг хахуулийн мөнгөө юань, ам.доллараар өгөхийг шаарддаг байсан гэдэг.

Ингэж болох уу. Яасан ханадаггүй ёроолгүй шунаг сэтгэл вэ. Яасан айж эмээдэггүй их гарын гаршсан хулгайчид вэ. Талхны мөнгөө олох гэж зүдэрсэн ТҮЦ эрхлэгчдээс борлуулж байсан тамхийг нь хураасан гэдгээ мэргэжлийн хяналтын байцаагчид мэдээлжээ.

Ичихгүй байна уу, та нар. Их гарын хулгайчдаа намнаж чадахгүй байж үр хүүхдээ тэжээх гэж урд хормойгоороо хойдохоо нөхөж яваа ядарсан жижиг худалдаачдын гар хөлийг боомилж халаас руу нь өнгийхөө болино уу. ТҮЦ эрхлэгчдийн ард хэчнээн балчир үрс хоолоо хасуулж байгааг тооцож үзсэн үү.

Хэчнээн өрх толгойлсон аав, ээжүүд байгааг тоолов уу. Хэд нь ямар хэмжээний байр, хашаа, орон гэр, банкны лизингтэйг тодруулсан уу. Хэчнээн оюутан ТҮЦ-ийн орлогоос хамаарч суралцах эрхтэй болж байгааг мэдсэн үү. Ийм завхарсан дарамтаа хяналт, шалгалт гэж эндүүрдгээ болино уу. Үүнийхээ оронд задарсан байцаагчдынхаа өрөөн дэх сейфийг онгойлгож харна уу.

Иргэдийг хянаж шалгадаг эрхэд жирийн иргэд хэзээ ч саад хийж байсан удаагүй. Тэгвэл мэргэжлийн хяналтын...гэх шошготой байцаагч, дарга нарыг чинь хэн шалгах вэ. Гурван сая иргэний ажиллах, үйлдвэрлэх, бүтээн байгуулах бүхий л чиглэлд хяналтаа тогтоодог дархан эрхтэй Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, байцаагч, дарга нарыг иргэд болоод сэтгүүлч хардах эрхтэй.

Энэ удаад хардах эрхээ эдэлье. Төрийн нэрийн өмнөөс хяналт, шалгалт хийдэг эрх бүхий байцаагч, дарга болгоны албан ажлын өрөө болон гэр орон, хамаарал бүхий этгээдүүдийнх нь эзэмшил, харьяанд байдаг сейфүүдийг онгойлгоё. Дансны хуулгыг нийтэд үзүүлье. Иргэдэд ингэж шалгах эрх бий.

Төр, иргэн хоёрын дунд төө бүү хэл алд дэлэм зай үүсчихсэн учраас төрд шургалсан бэрдүүд мөнгөө хаана хийхээ мэдэхгүй болтлоо баяжсан нь үнэн. Тэр бүү хэл зарим аж ахуйн нэгжээр удаа дараа, заримаар нь байнга үнэ төлбөргүй үйлчлүүлдэг гэдэг.

Түүнчлэн төрийн болон хувийн компани, аж ахуйн нэгжийн захирлууд төдийгүй гадны зарим бизнесмэнтэй хамтран эрх мэдлийнхээ хүрээнд хууль бус шийдвэр гаргадаг байсан байж болзошгүй нь тогтоогдсоныг ч эх сурвалж хэлдэг.

Тухайлбал, хуулиар хүлээсэн чиг үүрэг болох экспортын тусгай зөвшөөрөл олгохдоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авдаг, хилээр самар, мах, дэрвэгэр жиргэрүү гаргах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас дахиж гэрчилгээ авч, бараагаа нэвтрүүлдэг бөгөөд үүн дээр нь дээрх хүмүүс ажиллан хэтэвчээ зузаалсан байдаг.

Гэрчилгээг олгохдоо тухайн барааны хэмжээг хувилж, тодорхой хэмжээний мөнгөн дүнд шилжүүлээд нэхдэг байсан гэдгийг эх сурвалжууд баталсан байдаг. Тухайлбал, нэг аж ахуйн нэгж 5,300 ам.доллар төлөх ёстой болсон бөгөөд байгаа нь 5,100 “ногоон”-той тэнцэх төгрөг байна гээд очиход нь “Гүйцээж ир” хэмээн гэрчилгээг нь олголгүй хөөн гаргадаг байжээ.

Энэ мэтээр байцаагч, хэлтсийн дарга нарын сейф валют, төгрөгөөр дүүрдэг байх юм. “Хай фай рекордс” хөгжмийн дэлгүүрийн эзнээр ажиллаж байсан гэх Н.Баярсайхан нь МХЕГ-ын Хорио, цээрийн хэлтсийн даргаар 2016 оны есдүгээр сард томилогдсон байдаг.

Төрийн албаны завхрал дээд цэгтээ хүрснийг илтгэсэн ийм хэргийн ард ТҮЦ эрхлэгчдийн орлогыг хааж эр бяраа гаргах нь хэр шударга үйлдэл вэ. Өө тийм, тэрбум төгрөг хулгайлсан байцаагч нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж олонх нь “Гэмт хэргийн шинжгүй” гэдэг дүгнэлттэйгээр эрх чөлөөгөө эдэлж явна.

Том гарын хулгайчийнхаа толгойг илдэг хууль, шүүхийн алх жинлүүрийн туухай болж чадахгүй байгааг тэрбум төгрөг оймсондоо хавчуулсан хэлтсийн даргад холбогдох хэргийн шийдвэрлэлт харуулснаараа өнөөгийн Монголын нийгмийн өнгө төрхийг тодрууллаа. Ийм байхад МХЕГ-т одоо хэн итгэх юм бэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин