Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцээд дэмжлээ.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 10 гаруй гишүүд өргөн мэдүүлсэн бөгөөд төслийн дагуу  Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдөр нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Амарч ханалаа, одоо ажлаа хий гэх шүүмжлэл байна. Энэ бол амралтын өдөр шинээр нэмж байгаа хэрэг огт биш. Гадны орнуудад шашны баярууд олон бий. Монголд яагаад ийм баяр болдоггүй вэ гэдэг асуудлыг сүсэгтэн олон тавьж байна" гэсэн бол  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Амралтын өдөр хэт олон болоод байна гэсэн шүүмжлэл бий.

Үүн дээр хийсэн судалгаа байдаг юм байна. Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг. БНХАУ-д амралтын өдөр найм, 26 өдөр амардаг. ОХУ мөн адил найман өдөртэй бөгөөд амардаг өдрийнх нь тоо 15. Үүнтэй харьцуулахад манай баяр, амралтын өдрийн тоо дундаж хэмжээнд байгаа" гэв. 

Төрийн байгуулалтын байнгын хороогоор ийнхүү Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгон бүх нийтээр амрах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах эсэхийг шийднэ.