Шинэ он гарахад 8-хан хоног үлдээд байна. Ирэх онд сонгуулийн жил таарч буй. Гэтэл улс төрчид өөрсдийнхөөрөө эцэг хуулийг өөрчлөх гэж улайран байсан.

Тэгвэл одоо СОНГУУЛийн тухай хуулийг зоргоороо өөрчлөж сууна. Сонгуулийн дуу ойртоод ирэхээр эрх баригчид өөрсддөө зориулан уг хуульд өөрчлөлт оруулах нь жирийн үзэгдэл болжээ.

Монгол Улс 1992 оноос хойш парламентын сонгууль явуулж эхэлснээс хойш жижигсгэсэн болон томсгосон мажоритар тогтолцоог түлхүү хэрэглэж ирсэн. Харин 2012 онд пропорциональ, мажоритарыг хослуулсан холимог тогтолцоог хэрэглэж байв.  Бусад зургаан тохиолдолд мажоритарыг сонгосон бөгөөд үүний дөрөв нь жижигсгэсэн мажоритар буюу нэг мандаттай 70 тойргоор явуулсан байдаг. Мөн 1992, 2008 онд томсгосон мажоритараар сонгууль явуулжээ.

Өнгөрсөн долоо хоногт баталсан Сонгуулийн хуулиар ирэх 2020 оны парламентын сонгууль нь томсгосон мажоритар томсгосон 26 тойргоор явагдах болж байна. Өөрөөр хэлбэл, сонгогч хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой байгаа гэсэн үг юм.

Бас нэгэн өөрчлөлт нь Сонгуулийн сурталчилгааг 18 хоног болгон богиносгосон байсныг дөрөв хоногоор нэмэгдүүлж, 22 болголоо. Түүнчлэн хандивын хэмжээ иргэн гурван сая байсныг таван сая, аж ахуй нэгж 15 сая байсныг 20 сая болгон нэмэгдүүлэв.

Улстөрчдийн дунд хамгийн их маргаан дэгдээсэн өөрчлөлт нь авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэн сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээх заалт. Энэхүү заалтыг төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжсэн. Уг саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Иймээс гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд хэвээр үлдээлээ.