Нийслэлчүүдийг түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буюу 30-50 хувь буурна хэмээн үзэж Засгийн газар үзсэн.

Гэтэл өвлийн урьтай золгох цагаас эхлээд хүмүүс олноороо угаартаж, цаашлаад нэлээд хэдэн хүн амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Харин өнөөдөр Улаанбаатарын гэр хорооллынхон "гал алдаж" байна. Учир нь шахмал түлшийг хэрэглэгчдэд картаар олгож буй. Энэхүү картаараа нэг айл долоо хоногт 6 шуудай шахмал түлшийг авах ёстой. Тэрхүү худалдаж авсан нүүрс нь долоо хоногтоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг олон иргэд учирлаж байна.

Ингээд нүүрсээ дахиж худалдан авахаар борлуулдаг цэгүүдэд очихоор "Та долоо хоног хэрэглэх 6 шуудайгаа авчихсан байна. Цаанаас тогтоосон тоогоор түлшээ өгч байгаа тул дахиж өгөхгүй" гээд өгдөггүй гэв. 

Анх шахмал түлшийг нэг айлд хоёр шуудайг өгдөг байж. Намрын цагт өглөө, оройдоо гал түлж байсан айлуудад хүрэлцэж байсан бололтой. Гэтэл өвлийн тасхийм хүйтэнтэй золгоод ирэхээр хоёр битгий хэл, өнөөх 6 шуудай нь ердөө гурав хоногтоо ч хүрэлцэхгүй болоод иржээ.

Нэгэн баримт сөхвөл, арванхоёрдугаар сарын 15-нд БЗД-т оршин суудаг иргэн  Э.Э долоо хоногт хэрэглэх зургаан шуудай түлш нь гадаа хүйтэрсний улмаас маш хурдан дууссан байна. Ингээд тэрбээр дахиж шахмал түлшээ худалдан авахаар БЗД-т байрлах цэгүүдээр яваад ганц ч шуудайг авч чадаагүй гэнэ. Гэрт нь бага насны хоёр хүүхэд хөнжилдөө бээрэн үлдсэн болохоор Налайх руу явж түүхий нүүрс олж иржээ. Гэвч хүүхдүүддээ даруулахгүй, гэртээ гал алдахгүй нь тулд хууль зөрчсөн үйлдэл хийж явахдаа баригдах нь тэр.  

Авто тээврийн 8 товчоодод мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэнд хоёр хүүхдээ дааруулахгүй нь тулд түүхий нүүрсэнд явсан эцэг тэдэнд баригдаж 50 мянган төгрөгөөр торгуулж, Бенз маркын автомашинаа хураалгав. Харин иргэн Э.Э "торгуулиа төлөөд түүхий нүүрсээ аваад явчихья л даа. Гэрт минь хоёр жаахан хүүхдүүд минь намайг гал түлэх нүүрс олж ирнэ гээд орондоо хөнжлөө нөмрөөд даараад хүлээж суугаа хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн гуйжээ". Түүний энэхүү гуйлтыг сонссон ч хуулийг биелүүлж байгаа төрийн албан хаагч нар ямар буруу байх билээ. Тэднийг өөрсдөө хүүхэд юм шиг бусдын зовлонг ойлгоод нүүрсийг минь өгчих гэж хүн бүр гуйдаг байна. Гэвч тийм шийдвэр гаргах эрх түүхий нүүрсийг хураан авагчдад байхгүй болохоор шахмал түлшний нийлүүлэлтээ сайжруулж ажилламаар байгааг холбогдох албаны хүмүүс анх анхаарах цаг хэдийнээ иржээ. Өдгөө ес эхэлсэн өдрүүд үргэлж, удахгүй хүйтний эрч улам чангарна. Тэр цагт өдөртөө 3 шуудай шахмал түлшийг нэг айл хэрэглэдэг ч болж мэдэх юм.

Уг нь Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Гэтэл бодит амьдрал дээр шахмал түлшийг худалдаж авах хязгаар тогтоож өгсөний улмаас олон айл галгүй өвөлжиж байгаа юм. Ингэхээр мэдээж өнөөх нүдэнд харагдахуйц утаа нь багасах нь хэнд ч ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, агаарын чанарын мэдээнд хорт хий нь агууламж буураагүй үзүүлэлттэй гарах болсон. 

Утаагүй болох нь бидний туйлын зорилго ч гэлээ. Цаана нь яагаад бяцхан үрсээ гал алдаж дааруулах, цаашлаад угаартаж амиа алдахад хүргээд байна вэ?