Сонгууль болох гэж байна гэж нийтлэлээ эхлэх нь илүүц байж мэдэх юм, сонгуулиас өөр юмгүй өнөө үед. Гэхдээ хойтон жилийн зуны эхэн сар дуустал үргэлжлэх сонгуулийн шаналгаат улирал Монголд нэгэнт иржээ.

Хуулийн дагуу сонгуульд нэр дэвшихийг горилж буй төрийн албан хаагчид он гарахаас өмнө албан тушаалаа өгсөн байх ёстой. Эхнээсээ ажлаа өгч буй нь зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар. Тэд хүсэлтээрээ чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Засгийн газар ёсоор болгосон. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ирэх сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж буй.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт хүсэлтээрээ чөлөөлөгдөн, яамныхантайгаа үдэлтээ хийжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн ажлаа өгсөн шалтгаан нь мөн л сонгуультай холбоотой. Хэдийгээр тэрбээр энэ удаа нэр дэвшихгүй гэж шийдсэн ч намынхаа улс төрийн томилгоот албан тушаалыг авахаар болжээ. Тодруулбал, түүнийг намын нарийн бичгийн даргаар ажиллаж, МАН-ын сонгуулийн штабыг ахлах хүмүүсийн нэгээр томилох тохиролцоог удирдлагуудтайгаа хийсэн гэх мэдээлэл байна. 

Мэдээж сонгуулийн үр дүн МАН-д нааштай гарвал Засгийн газрын сайдын албан тушаалд очих эхний эгнээнд Ц.Цэнгэл зогсоно. Угаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын бүрэлдэхүүний дөрвөн сайдаас бусад нь давхар дээлгүй ажиллах эрх зүйн орчин үйлчилнэ. Тиймээс сонгогдох эсэх нь баталгаагүй, сонгогдсон ч сул гишүүнээр ажиллахын оронд намын “гал тогоо”-г хариуцаж ажиллаад албан тушаал авах нь илүү ашигтайг Ц.Цэнгэл тооцоолсон байж таарна. Сонгуулийн жилийг угтсан улс төрийн нүүдэл зөвхөн төрийн албанд өрнөсөнгүй. Намын нарийн бичгийн даргын албан тушаалаа Ц.Цэнгэлд уламжлуулах хүн нь Ц.Бат-Энх.

Тэрбээр ирэх сонгуулиар Орхон аймагт нэр дэвшихээр эртнээс бэлдэж байсан бөгөөд, удахгүй намын нарийн бичгийн даргын суудлаа Ц.Цэнгэлд хүлээлгэн өгөх юм байна. “Ноосоо тушаасан” дарга нар удахгүй тамга, тэмдгээ солилцох биз. Харин Ц.Бат-Энх наана нь буюу энэ сарын 25-нд Орхон аймагт ажиллан, Эрдэнэтийнхэнд бэлэг сэлт тараагаад иржээ. Тэрбээр “Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-ыг байгуулсан бөгөөд, түүгээрээ дамжуулан тойргоо усалдаг. Харин энэ удаа Эрдэнэтийн 20 мянган иргэнд нүдний дусаалга өгсөн байна.

“Эрүүл нүдээр Энх Эрдэнэтийнхээ хөгжлийг харцгаая” уриа үгтэй уг нүдний дусаалгыг тараахдаа 2020 онд Эрдэнэтээс нэр дэвшинэ гэдгээ ил цагаан зарлажээ. “Ц.Бат-Энх гэдэг хүн 2020 онд Эрдэнэтээс УИХ-д дэвшихээр сэтгэл шулуудан ажиллаж байгаагаа хэнээс ч нуухгүйгээр хэлье гэж бодож байна.

Хэрэв МАН надад итгэл үзүүлээд Эрдэнэтийнхээ ард түмний дуу хоолой бол гэвэл надад татгалзах зүйл байхгүй” хэмээгээд намын Бага хурал, Удирдах зөвлөлөөс дэмжих байх гэдгээ дуулгасан сурагтай. Сонгуулийн жил гарахаас өмнө улс төрийн нүүдэл хийж буй дараагийн хүмүүс нь төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, дэд дарга нар. Уг нь “Сонгуулийн жилээс өмнө ажлаа өгсөн байх” шаардлага тэдэнд хамаагүй. 

Гэвч маргаантай хэд хэдэн заалттай Сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэц дээр бүдрэх магадлалтайг улс төрийн хүрээнд ярьж байна.Наанадаж л 2008 онд Цэц дээр унасан “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан бол сонгуульд нэр дэвшихгүй” гэх заалт энэ удаа дахин орсон. Цэц өмнөх шийдвэрээ батлаад тус заалтыг унагачихвал Сонгуулийн хууль задрах магадлалтай юм. Хүний өөрийнгүй нэг тойрог дээр өрсөлдөх хуулийн орчинтой өнөө үед гишүүд төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудыг гарцгүй болгож, “Ажлаа өгсөн байх ёстой” гэх заалтыг нэмчих талтай. Өрсөлдөгчөө унагахын тулд “цус үзэх”-ээс бусдыг хийдэг улстөрчид тийм увайгүй зан гаргаж хангалттай чадах хойно, болгоомж хаана ч илүүдэхгүй. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нарыг ажлаа өгч магадгүй гэсэн мэдээлэл гарч байна. Яг ийм шалтгаанаар “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал О.Одбаяр ажлаа өгчихөөд буй. Тэрбээр аавынхаа нэрэмжит “Одончимэд” сангаараа дамжуулан Дундговьд нэр дэвших бэлтгэлдээ хэдийн гарсан билээ. 


Харин ялагдсан намын гишүүдээс төрийн албан дахь хамгийн өндөр суудалд буй З.Энхболд он гарахаас өмнө мөн ажлаа өгнө гэдгээ мэдэгдээд буй. 2016 оны сонгуульд Ардчилсан намыг удирдаж орсон ч ялагдал хүлээсэн тэрбээр хариуцлагаа хүлээн намын даргын тамгаа шилжүүлсэн. Тэрбээр, 2017 оны долдугаар сарын 10-ны өдрийн Ерөнхийлөгчийн анхны зарлигаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдсон. Түүнээс хойш гурван жил Ерөнхийлөгчийн “гал тогоог” чамлахааргүй барьсан гэж улс төрийн хүрээнд дүгнэгддэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон бусад ажлуудаа дуусгаад ажлаа өгнө, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ ч хэлж байсан удаатай.З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлаа өгч намын удирдлагын түвшинд очих сонирхолтой гэдэг. Гэвч намын дарга С.Эрдэнэ болон бусад гишүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулж буй тул зургаан дэд даргын нэг болох тохироог хийсэн гэх мэдээлэл эх сурвалжууд өгч байна. Ардчилсан нам зургаан дэд даргатай бөгөөд одоогоор нэг даргын суудал эзгүй байгаа. Тиймээс ч тэр орон тоон дээр томилогдох болов уу гэсэн таамаг бий. Зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч, төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нараас гадна хэд хэдэн дэд сайд 2020 оны сонгуульд нэр дэвших магадлалтай. Гэвч дэд сайд гэдэг улс төрийн албан тушаал учраас наана нь ажлаа өгөх шаардлагагүй. Гэхдээ улстөрчдийн дээрх нүүдэл зөв болсон эсэхийг сонгуулийн тойрог хувааж, мандат хуваарилсны дараа тодорхой болох юм.

Эх сурвалж. Засгийн газрын мэдээ сонин