Амны хаалтыг зөв хэрэглэх заавар
2020/02/16
![]()
Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.
![]()
Амьсгалын замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ.
Үүнд:
- Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт (дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээ гэх мэт)
- Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ
- Амьсгалын замын халдварын шинж илэрсэн үед
- Өвчтөн асарч байгаа үед
- Цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд
- Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд
- Олон нийттэй харьцдаг үйлчилгээний ажилтан
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:
- Зөв зүүх,
- Зөв тайлах,
- 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
- Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
- Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
- Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
- Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
- Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
- Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
- Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй
- Амны хаалтанд тавигдах шаардлага:
- Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
- Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
- Хамрын хэлбэр гаргасан байх,
- Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,
– Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,
- Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,
Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.
Хэмжээ: насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.


Эх сурвалж: ОБЕГ






