Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутагтаа амьдран суугаа эх орон нэгт Монголчуудаа, эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс ээ,


Та бүхэндээ Арвандолдугаар жарны Хотол Төгс хэмээх төмөр хулгана жил сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.


Цагаан сарын бэлэгт сайн өдөр Монголчууд бид тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, ураг төрлөөрөө учран золгодог эртний сайхан уламжлалтай билээ. Тиймээс өлзийт жилийн ерөөл билиг хэлэлцэн, өвөг дээдсээ хүндэтгэн цахимаар золгож сар шинэдээ сайхан шинэлээрэй.


Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.
Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.