Хүний гавьяат эмч, “Манба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Урд хөршид коронавирусийн халдвар тархсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Уламжлалт анагаах ухаанд вирусийн халдварыг хэрхэн судалдаг вэ. Ер нь үүсээд буй нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Халдварт өвчний талаар Монголын уламжлалт анагаах ухаан болоод бурханы номонд олон талаар айлдсан. Манал бурханы Доджажаба Их, бага Манал номонд айлдсанаар ирээдүйн цөвүүн цагт халдварт өвчин ихэснэ гэсэн байдаг. Мөн их болон бага маналын судруудад халдварт өвчнийг ихээхэн онцолсон байгаа. Бурхан багштай нийлээд найман манал гэж бид ярьдаг. Эдгээр долоон Маналын анхны Цанлэг бар яндог балжи Жалбу бурхан хүн төрөлхтөнд туслах адисжанлав номоо айлдахдаа хамгийн түрүүнд халдварт өвчин гэж эхэлдэг. Энэ нь ирээдүйд хүн төрөлхтөнд ямар асуудал үүсэх вэ гэдгийг бурхад болгоож байсан учир түүнээс хамгаалах талаас нь ном айлджээ. Цагаан шүхэртэд мөн энэ тухай их бий. Дарь эх, Лонжма гээд судар номонд ч байгаа. Эдгээрт халдварт өвчин олон төрөлхтнийг газар нутаг, улс үндэстэн ялгахгүй хорлоно гэсэн байдаг.

Уламжлалт анагаах ухаанд халдварт өвчний шалтгаан, нөхцөл, ангилал, хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдвөл яаж оношилж эмчлэх, халдварын тархалт хэдий хугацаагаар үргэлжлэх үү гэх зэргээр маш нарийн дэлгэрэнгүй байгаа. Энэ бүхнийг үзээд, судалж байхад цөвүүн цагийн амьтдын буян доройтно гэсэн нь үнэн болох нь харагдана. Хүмүүс буяны төрөл авчихаад буян хийхгүй орчлонгийн өдөр тутмын үйл явдалтай зууралдаад таарч байна. Үүн дээр нэмээд бие, хэл, сэтгэлийн муу үйлүүдийг ихээр хийдэг. Энэ нь эргээд бусдад, өөрт ч хорлолтой. Үүнийгээ бид бодох ёстой. Түүнчлэн, хүмүүсийн мунхагийн сэтгэл арвидаж байна. Энэ нь халдварт өвчнөөр өвдөхийн бас нэг шалтгаан болж байгаа. Мөн байгаль ертөнцийн унаган төрх байдлыг алдагдуулдаг. Хүмүүсийн идэж, ууж байгаа хоол хүнс органик, байгалийн биш болжээ. Энэ нь эргээд хүний бие махбодод халдварт өвчин үүсгэх, түүнийг хүлээж авах нөхцөл байдлыг үүсгэж байна. Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд миний дээр ярьсан зүйл дээр анхаарах хэрэгтэй. Хэрхэн зөв ажиллаж, амьдрах вэ, байгалиа яаж хамгаалах уу, хэрэглээнээс хэтэрсэн химийн элементүүдтэй хэрхэн харьцах зэргээ бодох учиртай. Яг үнэн чанартаа вирус объектоо олдог гэж боддог. Вирус бас амьтай. Хийморь лундаа дорой, нүгэл хилэнц ихтэй, бие, хэл, сэтгэлийн буруу үйл давамгайлсан обьектыг хамгийн түрүүн сонгох магадлалтай.

-Дархлаагаа хэрхэн дэмжих вэ. Ер нь өвөл, хаврын цагт биеэ хэрхэн энхрийлж, эрүүл мэнддээ анхаарах талаар уламжлалт анагаах ухаанд юу гэж заасан байдаг юм бол?

-Манай “Манба дацан” эмнэлэг H1N1-ыг гарахад Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвартын эмнэлэгт очиж ажиллаж байсан. Бид халдвар авсан, мөн сэхээнд байсан хамгийн хүнд хүнийг авч эдгээж байлаа. Онолын түвшинд уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд амжилт гаргасан. Тэр үед “Сэрэлт” киноны үйл явдал эсрэгээрээ болж байна хэмээн ярьж байсан. Гэсэн ч хэн ч түүнийг судалж мэдэхийг бодолгүй орхигдуулсан. Тэгэхээр Монгол Улсад дорнын анагаах ухааны тусламж үйлчилгээнээс гадна өрнийн анагаах ухааны тусламж үйлчилгээ ямар ч халдварт өвчин гарсан үед байгаа шүү гэдгийг Засгийн газар анхааралдаа авах ёстой. Нөгөө талаас Манба дацан хийдэд бурхадын айлдсан халдварт өвчнөөс сэргийлэх тарнийг уншиж рашаан болгоод хүмүүст түгээж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх тарни ном гаргаад өгчихсөн.

Уламжлалт анагаах ухаанд “Норов-7”, “Банзи-12”, “Мана-4” зэрэг танг ууж байхад биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс урдьчилан сэргийлнэ. Дархлаа бол үнэн чанартаа биеийн тэнцвэртэй, эрүүл байхтай холбоотой. Гэтэл олон жил янз бүрийн өвчин туссанаар биеийн хэвийн байх ёстой үзүүлэлтүүд өөрчлөгдөж, тэнцвэр алдагддаг. Ингэснээр дархлааны асуудал үүсч байна. Дархлааг сайжруулъя гэвэл биеийг цогцоор нь эрүүл болгохыг зорих хэрэгтэй. Хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол хүнсийг нь өг. Цаг, улиралд нь тохируулан зөв хэмжээгээр өгөх нь чухал.

-Энэ өвөл ханиад элбэг байна. Хүүхэд өвлийн турш 2-3 удаа ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл болжээ. Тэр болгонд эцэг, эхчүүд эмээр “бөмбөгддөг”. Тэгвэл уламжлалт анагаах ухаан талаас хөнгөн хэлбэрийн нийтлэг энэ мэт өвчнийг илааршуулахад ямар арга зам байна вэ?

-Миний хувьд 70 орчим жилийн турш муулж, ард түмний ой ухаанаас уламжлалт анагаах ухааныг салгаж хаяад байсан уг салбарыг сэргээн босгож ирсэн, нутагшуулсан байна. Үүнээс харж байхад ямар нэг ханиад томуу, үрэвсэлт өвчин зэргээс сэргийлж, хүүхдүүдээ эрүүл байлгах олон боломж байна. Гэхдээ манайхан эрүүл мэндийн мэдлэг муу юм. Тухайлбал, хүүхдээ толгой нүцгэн явуулаад байна. Мөн хүүхдүүдийн өмсөж байгаа хувцас эрүүл мэндэд халгаатай байна. Дээр үеийн торго, даавуу амьсгалдаг байлаа. Одоогийн нийлэг материалтай хувцаснуудыг өмсөхөөр хүүхэд их, бага хэмжээгээр хөлөрдөг. Ингээд жаахан салхи авахад ханиад хүрэх нөхцөл бүрддэг. Нөгөө талаар хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлж дээр дурдсан тангуудыг өгч байх хэрэгтэй. Хавар, намарт өгөхөд болно. Уламжлалт анагаах ухаан ханиаднаас сэргийлж, мөн илааршуулдаг гэсэн мэдлэггүй учир олон төрлийн антибиотик өгөөд хүүхдээ сульдаанд оруулж, мөнхийн өвчлөх хүрдэнд эргэлдээд байна. Уламжлалт анагаах ухаанд баталгаатай эм тан, эмнэлгийн тусламж үйлчилгээ нь байж байна.

-Энэ жилийн Цагаан сар хөл хорионд хязгаарлагдах төлөвтэй байна. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад уламжлалаа алдахгүйгээр хөнгөхөн тэмдэглэх боломжийг та хэрхэн харж байна вэ?

-Нэгэнт дэлхий даяар халдварт өвчин гарсан учир төр засгаас олон баяр наадмыг хориглох шийдвэр гаргалаа. Энэ бол зөв юм. Халдварт өвчин аюултай. Цагаан сараар гэр бүл, ойрын хамаатан садны хүрээнд өөр өөрсдийн бололцоонд тулгуурлаж тэмдэглэх байх. Заавал тэг ингэ гэж зааварлах юм байхгүй. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хүн бүр мэдэж, ухамсарлаж байгаа нь сайн хэрэг.

-Манайхан шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гээд бужигнадаг. Гэтэл хурал номонд олноор цуглаж, даган баясаад байх боломж хязгаарлагдмал байна. Засал ном хийлгэхэд заавал хоног хугацаа заах ёстой юу?

-Хийдүүд хурлаа таслахгүй хурна гэж ойлгож байгаа. Хурал номоо уншдагаараа уншиж, ирсэн хүмүүст нь засал номоо хийж өгөөд явах байх. Заавал хөл хориотой үед засал хийлгэнэ гэж гүйх шаардлагагүй. Дараа ирээд хийлгэх бололцоотой. Гэхдээ телевиз, радиогоор даган баясаад засал ном хийлгэнэ гэхээс илүү хувь хүнд чиглэсэн засал ном чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Хувь хүн амьдрал, эрүүл мэнд, гадна дотно шалтгаант нөхцөлд өртөхгүйн тулд хичээгээд зорьж очиж засал номоо хийлгэх нь зөв. Гэхдээ үүнд яарах хэрэггүй. Аажуу уужуухан хийлгэхэд болно.

-Энэ жилийн өнгийг тодорхойлохгүй юу?

-17 дугаар жарны төмөр хулгана жил гарч байна. Би олон газрын зурхайчидтай холбоотой байдаг. Тиймээс зурхайн номнуудыг харж байна. Үүнийг харахад зарим номонд энэ хулгана жил халдварт өвчин гарна гээд бүр хэлчихсэн байна лээ. Тэгэхээр үүнийгээ дагачихав уу гэж бодож байгаа. Гэхдээ төмөр хулгана жил муу биш. Энэ жилийн өнгө гэвэл хур бороо, цэцэг, ногоо зарим газраар алаг цоог байна. Зарим газартаа боломжийн байх төлөв гарсан. Энэ хавар шуургатай, сүүл сард хуурайшилт үүсч мэднэ. Зун зарим газар үер усны аюулаас болгоомжил. Мөн дээдэс түшмэдүүдэд хатуу жил байна. Тэмцэл хямрал байна. Үүнийгээ бодоод бүгд хямрахгүй байвал сайн. Ер нь хүнээс л шалтгаална шүү дээ.

Энэ жил “тэтгэх хэрэгцээтэй” гэсэн өнгө бууж байгаа юм билээ. Орчин цагаар бол ард түмэн рүүгээ харсан бодлогоо сайн явуулаач ээ гэж байгаа хэрэг. Ингэвэл дараагийн он жилүүдэд сайн сайхан болох талаар зурлага гарчээ. Шийдвэр гаргагчдаас гадна байгууллага удирдаж байгаа хүмүүс ч гэсэн ажилтан руугаа хандсан сайн зүйлсийг эхлүүлэх хэрэгтэй. Энэ жил тариа будааны ургацад анхаараарай гэсэн байна. Мөн лус савдгуудыг хилэгнүүлэхгүй байх, лам хуврагууд ном сайн уншиж, лус балин тахил өргөж засал хийх нь чухал.

Эрүүл мэндийн талаас үзвэл зүрх судас, даралт, толгой, ер нь цээжнээс дээш өвчнөөс сэргийлмээр байна. Мөн бөөр, эмэгтэйчүүдийн талын өвчтэй бол анхаараарай. Түүнчлэн, уушгины өвчлөл, ханиад зэргээс сэргийлж нэлээн анхаармаар жил байна. Бүгд зун агаарт гарч, үр хүүхдүүдээ чийрэгжүүлж, эм тангаа уулгаад дээрх төрлийн өвчлөлд өртөхгүй байх хэрэгтэй.

-Зайлшгүй анхаарах жилтнүүдийн тухайд тодруулахгүй юу?

-Энэ жил хэд, хэдэн жилтэнд чанга жил байна. Тухайлбал, 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай, луу жилтэй хүмүүст гүймэг таарч байгаа. Гүймгийн заслыг сэтгэл гаргаад сайн хийлгэмээр байна. Би олон хүнтэй уулздаг. Хэдэн жилийн өмнө яг 21 настай гүймэг таарчихсан таван залуу үрэгдсэн. Бүр нэг нь гадаадын хүн байсан. Тавуулаа усанд үйсэн байдаг. Ийм нарийн юмыг ихэс дээдсүүд гэгээрлийн түвшинд олж мэдээд, нотолчихоод байхад бид хэнэггүй байна. Худлаа гээд үгүйсгээд байдаг. Орчлонгийн жамыг л дагах болно. Тийм учраас засал номоо сайн хийлгээрэй гэж хүсье. Би жил бүр сануулж хэлдэг ч хийлгэдэггүй тохиолдол элбэг байна.

Морь жилтэй хүмүүст долоогийн их гаршиж таарч байгаа. Энэ хүмүүс заслаа сайн хийлгээрэй. Мэнгэ голлож байгаа нь мэнгэний заслаа хийлгэнэ. Жил орж байгаа хүмүүс ойлгомжтой. 25, 37, 49 гэх зэргээр жилүүд орж байна. Үүн дээр жилийн засал номууд хийлгэхээс гадна “Говийн лха”-гаа тахиулах ёстой юм билээ. Бид төрөхөөс эхлээд бурханы хутгийг олох хүртэл нь хардаг сахиуснуудаа жил бүр тахиулж чаддаггүй юм гэхэд жил орж байгаа үедээ тахиулчихмаар байна.

Төмөр суудал дээр сууж байгаа хүмүүс энэ жил засал номондоо сайн анхаараарай. Учир нь төмөр суудал осол аваар дандаа дууддаг. Өөрөө зүгээр байх ч өрөөл бусдын нөлөөлөл ороод ирнэ. Эсвэл унаж гэмтэх, хагалгаанд орох, хэл аманд өртөх зэргээр эрсдэлтэй. Ер нь төмөр суудал заавал нэг хэл ам дууддаг. Тиймээс засал номоо сайн хийлгээрэй.

-Ялангуяа, залуусын хувьд засал ном хийлгэх тал дээр ихээхэн хойрго. Итгэл үнэмшил ч багатай байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?

-Үгүйсгээд байх юм. Бүр зарим шашны нөхөд ном уншуулах хэрэггүй гэж ярьж байна. Нэг хэсэг гадны шашнуудтай нийлсэн хүмүүс Монголын соёлыг устгах гэж их ярьсан. Эд чинь таныг “Чи тэр зовлонгоо эдэл” гэж байгаатай адил. Нэгэнт баталгаатай бодитой зүйлсийг үгүйсгэж, иргэдийг мунхруулах хэрэггүй. Засал номоо хийлгэж аливаа барцад, гай зовлонгоос сэргийлэх боломж байхад хийлгэх л ёстой. Тэгээд амар амгалантай урт насалж, өвчин зовлонгүй жаргаж, баяр баясгалангаар дүүрэн байх болтугай.

Б.Зориг 

Эх сурвалж: Өдрийн сонин