• ААН илгээгээгүй байна гэсэн гомдол маш их ирдэг

Иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлсэн ч аж ахуйн нэгж илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй, эсвэл зөвхөн сугалаанд оролцох эрхтэй баримт байсан зэрэг гомдол олон гардаг. Уг нь Татварын ерөнхий газрын E-barimt апп-ыг ашиглан энэ мэт гомдол, саналаа татварын байгууллагад хүргүүлэн, шийдүүлэх боломжтой.

Гэвч иргэд уг апп-ын гомдол санал хүлээн авах цэсэд өөрийн гомдлоо бичээд илгээх үеэр “... таныг харьяа татварын албанаас дуудуулж тайлбар авахыг анхаарна уу” гэсэн анхааруулга гарч ирдэг. Энэ нь иргэдийг түвэгшээх, дээрх зөрчлүүдийг мэдүүлэхгүй өнгөрөөх нөхцөл руу шууд түлхдэг юм. Тиймээс иргэд өргөдөл, гомдлоо өгсний төлөө заавал дуудагдаж, байцаагдахгүйгээр асуудлыг шийдэх боломж бий эсэхийг татварын улсын байцаагч А.Наранцэцэгтэй холбогдон, тодрууллаа. 

-Зарим баримт аж ахуй нэгж илгээгээгүй, үнийн дүн зөрүүтэй гээд бүртгэгддэггүй. Мөн е-баримт өгдөггүй үйлчилгээний байгууллага ч цөөнгүй. Иргэд энэ төрлийн гомдлоо хаана хандаж, хэрхэн шийдвэрлүүлдэг вэ? 

-Үнийн дүн зөрүүтэй гэсэн гомдлыг бид хүлээж аваад, шийдвэрлэх боломжгүй. Харин аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн тохиолдолд бүртгүүлсэн баримтаа устгаад 32 оронтой дугаараар дахин бүртгүүлэх боломжтой. Гэхдээ иргэд англи үсгийг нь буруу хийсэн тохиолдол заримдаа гардаг. Хэрэв засагдахгүй байвал харьяа дүүргийнхээ Татварын хэлтэст хандах болон 1800-1288 дугаарт холбогдож, гомдлоо бүртгүүлэн шийдүүлэх боломжтой. 

-Зөрчлөө шийдвэрлүүлэхээр санал, гомдол гаргахад зайлшгүй харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өөрийн биеэр ирж, тайлбар өгөхийг шаарддаг юм билээ. Энэ нь ямар учиртай вэ. Иргэдэд түвэггүй байдлаар шийдвэрлэх боломжгүй юм уу? 

-Өөрийн биеэр очоод, өргөдөл гомдол гаргах нь хурдан хугацаанд шийдвэрлэгдэнэ. Ирсэн гомдлыг татварын байгууллага шалгаад, засдаг. Мөн гомдол хүлээж авах байцаагчтай гар утсаар холбогдон санал гомдлоо мэдээлж болно. Ингэснээр өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэдэг юм. 

-Иргэдээс энэ төрлийн гомдол санал хэр их ирдэг вэ? 

-ААН илгээгээгүй байна гэсэн гомдол маш их ирдэг. Өдөр бүр янз бүрийн гомдол ирж, шийдвэрлүүлдэг болохоор хэчнээн гомдол шийдвэрлэгдэж байгааг хэлэх боломжгүй. 

-Зарим худалдаа үйлчилгээний байгууллагын баримт зөвхөн сугалаанд оролцох эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, буцаан олголт өгдөггүй. Энэ ямар учиртай вэ. Мөн иргэд эдгээр баримтыг хэрхэн ялгах вэ? 

-Энэ асуудал дээр татвар төлөгч, худалдан авагчид их төөрөлддөг. Сугалааны дугаартай, буцаан олголттой баримтыг НӨАТ-ын суутган төлөгч газрууд л олгодог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, иргэдийн жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн иргэн болон аж ахуй нэгжээс авсан төлбөрийн баримт нь буцаан олголтын хоёр хувь болон сугалааны дугаар бүхий баримт олгогдоно. Харин жилийн орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй, НӨАТ суутган төлөгч биш бол худалдан авсан бараа үйлчилгээнд олгогдсон төлбөрийн баримт зөвхөн сугалаанд оролцох боломжтой. 

Засгийн газрын мэдээ сонин