Улсын Гуравдугаар төв эмнэлгийн их эмч М.Эрхэмбаяртай уушгины өвчлөл болон хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.


-Ямар тохиолдлуудад уушги өвчлөх эрсдэлүүд үүсдэг вэ?

-Уушгины өвчлөл үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлст тамхидалт, орчны болон агаарын бохирдол, цаг агаарын тааламжгүй нөхцөл, харшил төрүүлэгчийн нөлөө, халдварын ба халдварын бус архаг хавсарсан эмгэгүүд байна. Сүүлийн жилүүдэд тамхидалт, мэргэжил, ажлын нөхцөл, агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины архаг бөглөрөлт өвчин, вирус нянгийн халдварын шалтгаантай уушгины цочмог өвчлөл үүсч амьсгалын дутагдлаар хүндрэх тохиолдол их байна.

-Манайд ханиад томуу хүрэх нь хэвийн үзэгдэл мэтээр хүлээн авч дур мэдэн эмчлэх асуудал түгээмэл байдаг. Энэ жилийн хувьд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байгаа нь ханиад томууны тархалтыг бууруулж байна. Гэхдээ цаашид ханиад томуунд хайхрамжгүй хандахгүй байх дадал суух нь чухал байна?

-Санал нэг байна. Энэ жил амьсгалын замын өвчлөл тэр дундаа А хүрээний томуу болон уушгины хатгалгаа өмнөх жилүүдийнхээс харьцангуй багассан тоон үзүүлэлтийг Томуугийн үндэсний төвөөс бидэнд мэдээлсэн. Амьсгалын замын эмгэгийн үед хайхрамжгүй хандаж болохгүй. Хамгийн эхний алхам бол эмчийн зааваргүйгээр антибиотик хэрэглэхгүй байх явдал юм. Өмнө нь өгч байсан шинжилгээнд илэрсэн үүсгэгч буюу нян маань шинэ өвчлөл үүсэх бүрт хувьсаж шинж чанараа өөрчилж гарч ирдэг учраас дараагийн өвчлөлийн үед хэрэглэх нь үр дүн өгөхгүй. Харин ч антибиотикийн тэсвэржилт үүсгэх, дархлаа дарангуйлах нөлөө үзүүлнэ. Ингэснээр гадаад болон дотоод орчноос шинээр халдвар авах нөхцөлийг бүрдүүлнэ. Тиймээс ханиад, томуу, хатгалгааны үед нянгийн эсрэг эм хэрэглэх үү, вирусийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэх үү гэдгийг эмчид хандан зөвлөж ярилцсаны дагуу сонгох нь зөв шийдэл болно.

-Гэрээр дур мэдэн эмчлэх явдал түгээмэл байдаг. Үүний сөрөг нөлөө яаж илрэх вэ?

-Зарим хүмүүс таньдаг хэн нэгнээс, сошиалаар, аль эсвэл эмийн санчаас зөвлөгөө авч гэрээр дур мэдэн эмийн бэлдмэл хэрэглэн өөрийгөө болон өрөөл бусдын эрүүл мэндэд хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Ингэснээр тухайн өвчнийг цааш даамжирах, дахин халдвар авах, уушгинд идээ, буглаа хурах эрсдэлийг нэмэгдүүлэх, улмаар уушгиа тайруулах мэс ажилбар хүртэл хөндөгддөг. Тасагт маань дээрх өгүүлэмжтэй хүмүүс уушгины хатгалгаа өвчнөөр хүндэрч эмнэлэгт их хандаж байна. Иимээс нарийн мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээг эмчийн зөвлөвлөсний дагуу тун, цаг, хоногийг нэг бүрчлэн баримталж, эргээд эмчтэйгээ эргэх холбоо үүсгэж давтан үзүүлэх, товлосон хугацаандаа заавал ирж хамрагдах хэрэгтэй. Ингэснээр тухайн эмчилгээг үргэлжлүүлэх, зогсоох асуудал яригдсанаар хожим уушгинд архаг, цочмог өвчнөөс шалтгаалсан хуучин өөрчлөлт үлдэхгүй байх нөхцөлийг хангаж өгнө. Зарим хүмүүс давтан товлосон хугацаандаа ирэхгүй байх, эмчилгээг дундаас нь орхих, тасалдуулах гэх мэтээр хүндрүүлж өвчнийг архагшихад хүргэдэг.

-Уушгиа хамгаалах, ханиад томуунаас сэргийлэхийн тулд хэрхэх шаардлагатай вэ?

-Хамгийн гол нь өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх асуудал чухал юм. Нэгдүгээрт, аливаа архаг өвчний сэдрэл болон халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Бидний гар бүх гадаргуунд хүрэлцэж байдаг тул халдвар тараах гол эх сурвалж болдог. Одоогийн вирусийн халдварын нөхцөл байдал ард иргэдийн ариун цэвэр баримтлах тухай ойлголтыг нэмэгдүүлж байгаа нь маш сайшаалтай байна. Хоёрдугаарт, жилийн дөрвөн улиралдаа зохицуулж хувцаслах, ялангуяа өвлийн улиралд хүүхдүүддээ малгай, ороолт, бээлийгээ өмсөж явж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Гуравдугаарт, гадуур хооллохоос татгалзаж гэртээ аминдэмээр баялаг баталгаатай, олон хоногоор хадгалаагүй хүнсээр бэлтгэсэн хоолоо ажил руугаа авч явж хэвших нь зөв. Ялангуяа антиоксидант буюу витамин С, Е агуулсан жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар, ургамлын тос, какао, улаан дарс, ногоон цай зэрэг бүтээгдэхүүн хүнсэндээ түлхүү хэрэглэх нь илүү тохиромжтой. Хоол тэжээлд агуулагдах антиоксидантууд нь амьсгалын зам эрүүл байх, эхээс урагт нөлөөлөхөөс гадна, астматай хүүхэд, насанд хүрэгчдэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон насанд хүрэгчдийн уушгины архаг бөглөрөлт өвчинтэй хүмүүст ашигтай байдаг. Мөн өдөрт хоёр литрээс доошгүй хэт халуун, бас хүйтэн бус халуун бүлээн ус ууж хэвших хэрэгтэй. Дөрөвдүгээрт, гэр, ажлын нөхцөлд сода, давс, царван, сармис, нимбэгний уусмалаар ам, хоолой, залгиурыг зайлж байх нь зөв. Тавдугаарт, орчны чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтэл гурван цаг тутамд хийж байх, ихэнх халдварын үүсгэгч агаарт болон гадаргууд гурав ба түүнээс дээш цагаар хадгалагдаж байдаг. Түүнчлэн, амьсгалын дасгал хийж сураарай. Энэ нь эрүүл, эсвэл уушгины эмгэгээр өвдсөн аль ч үед биеийн ачаалал тэсвэрлэх чанарыг дээшлүүлэх, хүчилтөрөгчийн хангамжийг зохицуулах, ачаалалд амьсгаадахыг намжаан хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх, гар хөл болон амьсгалын булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлж хүчийг сайжруулах, өвчний дахилтыг бууруулах, тайвшруулах давуу талуудтай. Үүнээс гадна улирлын томуугийн вакцин хийлгэхэд эсрэг заалтгүй бол хавар гурван сард болон намар аравдугаар сард томуу өвчний дэгдэлт явагдхаас өмнө хийлгэх хэрэгтэй. Халдварт өвчин тархаж дэгдсэнээс хамааралгүйгээр олон нийтийн газар амны хаалт 2-3 цаг тутамд сольж хэрэглэж хэвших зэрэг өөрөөс шалтгаалах хамгийн энгийн алхмуудыг хийж дадсанаар хүн бүр өөрийгөө болон хайртай гэр бүлийнхээ хүмүүсийг уушгины өвчлөлөөс бүрэн сэргийлж, хамгаалж чадна.

Г.БАТЗОРИГ