Сайн байцгаана уу.Би өөрийнхөө амьдралын талаар үл таних хүмүүсээс бага зэрэг зөвлөгөө авмаар санагдлаа. Би энэ жил 27 настай, нөхөртэйгээ танилцаад 5 жил, суугаад 2 жил болж байна.

Манай нөхөр ерөнхийдөө бол их сайн хүн. Цэвэрч нямбай, харгүй, уур аашгүй гэх мэт. Бид2 бие биенийгээ хуурч байгаагүй. Нөхөр маань сууснаасаа хойш намайг хуурч байгаагүй ч гэх юмуу. Гэхдээ би уучилна гэж уучилсан л юм чинь гээд мартахыг хичээдэг. Заримдаа том хэрүүл гарахаар яагаад ч юм бас сөхөөд хэрэлдчихээд байдаг юм. Бид 2 хүүхэдтэй болсон ч тэр маань бүтээгүй. Тэр үеэс л миний сэтгэл хөрч эхэлсэн юм уудаа.

Миний үнэхээр их хүссэн анхны маань хүүхэд байсан. Харин нөхөр маань хүүхэдтэй болсон гэхэд ч нээх баярлаагүй алдсан гэхэд ч их шаналаагүй юм шиг надад санагдсан. Би ер нь юмыг маш гүнзгий боддог, сэтгэлд юм орчихвол нэг хэсэгтээ л гардаггүй, тэр нь надад ч тэр нөхөрт маань ч тэр хэцүү байдаг байх. Бид 2-н батлуулсан түүх гэвэл бид2 нэг тийшээ явах болж, нөхөр визанд орох хэрэгтэй болоод (би урьд нь визатай байсан) гэр бүлтэй бол виза сайн гардаг гэхээр нь би юу ч бодолгүй батлуулчихсан. Тэгтэл тэр өдөр хүний урманд надтай суугаач ч юмуу, энэ удаа жоохон онцгүй болчихлоо дараа нь гоё тэмдэглэнээ ч гэдэг юм уу, ер нь л гэр бүл батлуулж байгаагийн өчүүхэн ч шинж тэмдэг надад үзүүлээгүй. Зүгээр хорооноосоо бичиг аваад гарч байгаам шиг. Мэдээж л эмэгтэй хүн болгон гэр бүл болж батлуулах өдрөө сайн сайхнаар төсөөлж мөрөөддөг л байх. Би маш их гомдож өдөржингөө уйлсан. Тэгээд орой нь 2 гэрээрээ хоолонд орсон болсон. Манай аав ээж 2 нөхөрт маань их сайн болохоороо нэг их юм хэлээгүй. Гаднаас явж ирчихээд бид 2 байранд орохоор хөөцөлдөж байр авсан. Гэтэл байрны зээлэнд миний нэр байдаг мөртлөө ордер дээр ганцхан өөрийнх нь нэр байсан.

Би эхэндээ юм бодоогүй ч өөрөө ордероо надад харуулахгүй нуугаад байхаар нь гайхаад аваад үзсэн тийм байхаар нь сэтгэлд бас л сэв суусан. Ер нь бид 2-н мөнгө төгрөг, машин тэрэг гээд бүх л юм анхнаасаа л тусдаа байсан. Тэгээд дасчихсан гэх юмуу. Бид 2 бие биенээсээ мөнгө авсан ч зээлнэ гэж авдаг, дараа нь эргүүлж өгдөг. Энэнд аль аль нь л анхнаасаа хүнийрхүү хандсан буруутай байх. Бидэнд одоо тулгараад байгаа гол асуудал гэвэл би түүний амиа бодсон хөндий хүнийрхүү занд нь дургүй хүрээд, ер нь л бид 2-н харьцаа маш муухай болчихлоо. Сав л хийвэл хэрэлдээд л. Сүүлийн үед хэрэлдэхээрээ би маш их уурлаж янз бүрийн үгээр хэлдэг, орилдог болсон. Уг нь их л тайван хүн байсан санагддаг. Тэгээд их бага ямар ч хэрүүл болсон надтай 7 хоног бол зоолттой дуугардаггүй. Заримдаа аав ээжийнхээ гэрлүү яваад өгдөг. Тэгээд өөрийнх нь уур гарахаар мсж бичээд бид 2 эвлэрдэг байсан. Одоо тэгэх болгонд нь би эвлэрдэггүй. Өөрийнхөө бурууг ойлгож уучлалт гуйсан цагт нь эвлэрдэг. Нөхөр маань амьдралын цаашдын төлөвлөгөө гэсэн юм надтай бараг ярьдаггүй, эсвэл боддоггүй юм уу бүү мэд. Өдий олон жил цуг байсан хүмүүс гэхэд тэдэн хүүхэдтэй болно, тэнд тэгж амьдарна, энэ тэр гээд л гэр бүлийн хүмүүс юу эс ярих вэ, гэтэл хэзээ ч тийм юм ярьдаггүй. Намайг ярих гэхээр тэгж байгаад болно биздээ гэдэг.

Манай 2 талын гэр бүлийн хооронд маш том зааг байдаг. Би бол хамаатныхаа эгч ах дүүг цугтаа шоолоод л, дургүй хүрвэл шүүмжлээд ярьж л байдаг. Харин тэдний талынханд бага зэрэг л өө халдаачихвал нөгөө уургүй хүн чинь аймар уурладаг. Өө халдаах гэдэг нь одоо үнэхээр өчүүхээн. Танай эгч сая намайг яагаад тэгж хэлсэн бэ гэхэд л элбэг хэрүүлийн сэдэв болоод явчихна. Ер нь яваандаа энэ их том сэдэв болох байх гэж айдаг. Сексийн тал дээр өмнө нь өөрөө тавьчихаад л унтаад өгдөг байсан. Би бас хүсэл тачаал ихтэй хүн болохоор ингэх тоолонд нь хэцүү байдаг байсан боловч хэлж байгаагүй. Сүүлийн үед маш олон удаа хэлж гуйж загнаж байж аарай дээрдэж байгаа. Гэсэн ч энэ нь ч гэсэн амиа бодсон зангийнх нь нэг илрэл гэж би боддог. Тэгэхээр надад одоо хайр байгаа үгүйг би сайн мэдэхгүй юм. Өмнө нь би их хайртай байсан. Одоо харин нөхөр маань надад хайртай, би түүнийг өмнөх шигээ тийм ч их хайрладаггүй болсон санагддаг. Бага сага хэрүүлээс болж орилж хашгирч уурлаж, дараа нь эвлэрэхгүй өчнөөн уддагаасаа шаналж байна.

Бас их шаналамтгай хүн болохоор үс цайгаад нүүрэнд үрчлээ суугаад ч байгаам шиг. Хүний хүүг бас янз бүрийн үг хэлж гомдоогоод байгаадаа өөртөө буруу өгч байна. Бас түүнийг хэзээ энэ гэр бүлээ, намайг гэсэн сэтгэлтэй болохыг нь хүлээхээс залхаж байна. Цаашид дахиад 40, 50 жил ингэж амьдарна гэдэг аймшигтай санагдаж байна.

Та бүхэн манай гэр бүлийн энэ харьцаанд хэний буруу их байна вэ, хэн нь их өөрчлөгдөж байж гэр бүлээ аварч үлдэх вэ, манай гэр бүлийн энэ их зааг яавал арилах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөөч.